Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/03

 

 

 

Т.Цд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О даргалж, шүүгч Ш.Т, шүүгч З.Т нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор О.Э

Хохирогч С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

Нарийн бичгийн дарга Н.Н нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.У даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/ дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлоор шүүгдэгч Т.Цд холбогдох 22220... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Тын  илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Х овогт Тн Ц, 1965 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн С суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, малчин, ам бүл 3, нөхөр, охины хамт Дундговь аймгийн С сумын . дүгээр баг “Хн” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, РД://.

Т.Ц нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн С сумын . дүгээр баг “Х ” гэх газарт С.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар С.Эийн эзэмшлийн “Hyundai Porter-1” маркийн 32-.. ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, зүүн талын кабины нугасны шил, баруун урд хаалганы шил, шил арчигч, шил арчигчийн ус шүршигч, зүүн урд хаалгыг эвдэж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

           Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цээс 536.000 /таван зуун гучин зургаан мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч С.Бэд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Бийн нэхэмжлэлээс 360.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, шүүгдэгч Т.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.Э гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

               Шүүгдэгч Т.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

               Би шийтгэх тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гардаж авсан. Миний бие нь уг гэмт хэрэгт холбогдох болсон шалтгаан нь хохирогч гэх Б нь манай эзэмшлийн өвөлжөөний дэргэд 500м хүрэхгүй газар дур мэдэн хороо барьсан юм. Энэ талаар би Бд удаа дараалан хэлсэн боловч үл ойшоосон байдалтай намайг элэг барьж байнга хэрүүл маргаан үүсгэдэг байсан. Сумын багийн иргэдийн нийтийн хурлаар уг газрын талаар хурал хийгээд Бд эзэмшүүлээгүй болно. Тухайн газар нь өндөр настан бид нарын малын бэлчээр юм. Миний бие нь 30 гаруй жил энэ нутагт амьжиргааны хэдэн малаа малласан байдаг. Ямар ч байгалийн гамшигт үзэгдэл, ган зуд болсон ч энэ л нутагтаа байдаг. Манай мал энэ нутгаас өөр газар явдаггүй нутагшсан болно. Бнь сүүлийн үед энд нутаглах зорилгоор ирсэн Дэлгэрхангайн залуу.

            Миний бие нь тухайн цаг хугацаанд гэнэт огцом уур хүрч уураа барьж чадалгүй, өөрийн ухамсар мөчид уур омгоос болж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

            Хохирогч С.Эд учруулсан 536,000 \таван зуун гучин зургаан мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлж өгнө.

            Иймд  Дундговь  аймаг  дахь  Сум  дундын  Эрүүгийн  хэргийн  анхан  шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгуулийг доод хэмжээний 450,000 төгрөгийн торгох ялаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Т.Ц нь газрын эзэмшил дээр маргасны улмаас уг үйлдлийг хийсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг.. Анхан шатны шүүхээс оногдуулсан торгуулийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн доод хэмжээгээр буюу 450000 төгрөгөөр торгож, хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэх саналыг гаргаж байна гэв.

Хохирогч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Үйзэн багийн нийт малчдын 100 хувийн зөвшөөрөлтэйгөөр газрын гэрчилгээ авч хороо барьсан. Гэтэл Т.Ц намайг хороо бариулахгүй гэсэн. Энэ хэрэгтээ надаас нэг удаа ч уучлал гуйгаагүй. 1 сая төгрөгийн ялыг юу ч гэж бодохгүй намайг дарамталдаг. Иймд би газраа зарах дээрээ тулаад явж байна. Дүүгийнхээ машиныг би унаж явж байгаад эвдүүлсэн учраас дүүдээ хохирол 800000 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүх дээр юмны үнэ өссөн хэцүү цаг үед жаахан хөнгөн ял өгчих гэж санал тавьдаг байж дээ гэж би бодож байсан. Т.Цд оноосон ялаас хасахад дургүйцэх зүйл байхгүй гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоол хуульд нийцэж гарсан. Тухайн шийтгэх тогтоолд оногдуулсан ял эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Т овогтой Цийн давж заалдсан гомдлыг хянав.

            Т овогтой Ц нь 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн С сумын нутаг “Х ” гэх газарт С.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах үедээ С.Эийн эзэмшлийн “Hyundai Porter – 1” маркийн 32-.. ДУЭ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийн урд салхины шил, зүүн талын кабины нугасны шил, баруун урд хаалганы шил, шил арчигч, шил арчигчийн ус шүршигч, зүүн урд хаалга  зэргийг эвдэж гэмтээсэн хэрэгт холбогджээ.

Аймгийн Прокурорын газраас Т.Цийн үйлдлийг мөрдөн шалгаад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

            Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянаад шүүгдэгч Т.Цийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх” хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгож шийтгэсэн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтаар Т.Цээс 536000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Бд олгож шийдвэрлэжээ.

            Шүүхийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/.. тоот шийтгэх тогтоолыг Т.Цдавж заалджээ.

            Шүүгдэгч гомдолдоо ... Миний бие нь тухайн цаг хугацаанд гэнэт огцом уур хүрч уураа барьж чадалгүй, өөрийн ухамсар мөчид уур омгоос болж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч С.Эд учруулсан 536000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж өгнө. Иймд оногдуулсан 1000000 төгрөгийн торгуулийг доод хэмжээний  буюу 450000 төгрөгийн торгох ялаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэжээ.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн нөхцөл байдлыг бүрэн нотолж шийдвэрлэсэн байна.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон ял шийтгэл үндэслэл бүхий байна.

            Шүүгдэгч нь хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авч, оногдуулсан торгох ялыг тухайн зүйл ангид заасан ялын доод хэмжээ буюу 450000 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэв.

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх үедээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн наймдугаар бүлгийн 8.1-д заасан заалтын дагуу хохирогчийг тогтоож шийдвэрлэсэн байх ба нэгэнт хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоон зохицуулсан хуулийг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий гэж үзсэн болно.

            Иймд шүүгдэгчийн хувийн байдал, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдлийн нийгмийн хор аюулын шинж байдлыг харгалзан шүүхийн шийтгэх тогтоолд ял хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/.. дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/” гэснийг “450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ           Ц.О

ШҮҮГЧИД              Ш.Т

                               З.Т