| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00647/И |
| Дугаар | 318/ШШ2025/00045 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 318/ШШ2025/00045
2025 01 20 318/ШШ2025/00045
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........... дүүрэг, ......... дугаар хороо, ...........-6, ..........-1, ........ банк цамхагт байрлах, регистрийн .... дугаартай, ........ банк ХК-ийн,
Хариуцагч Увс аймаг, ........... сум, ......... дугаар баг, ..... дугаар гудамж, ... тоотод оршин суух, эрэгтэй, Ч овогт Н-ийн А-т холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 28,820,148.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-,
Хариуцагч Н.А-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Н.А- 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр …….. банк ХК-ийн БГ ........ плаза тооцооны төвтэй ЗГ/20181112-004 тоот зээлийн гэрээ байгуулан 14,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалсан. Мөн зээлдэгч Н.А- нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ........ банкны БГ ........ плаза тооцооны төвтэй ЗГ/201944457508 тоот зээлийн гэрээ болон БГХ201944457508 тоот барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 11,620,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар нэмж зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалсан. Зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөрт 3,588,022 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,857,834 төгрөг, нийт 5,445,856 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3,20.7,20.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч нараас зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Хариуцагчид холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ/20181112-004 тоот, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 317201944457508 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 13,211,977.70 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 14,051,094.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,527,076.99 төгрөг, нотариатын зардалд 30,000 төгрөг, нийт 28,820,148.89 төгрөгийг гаргуулах. Улсын тэмдэгтийн хураамжид 302,050.74 төгрөг төлсөн болно” гэжээ.
2. Хариуцагч Н.А- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Би төлнө. Сард 40,000 эсвэл 50,000 төгрөгөөр хуваагаад төлнө. Би өвчтэй хүн” гэв.
Нэхэмжлэгч талаас төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 302,050.74 төгрөг төлсөн баримт, ........ банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/8526 дугаартай итгэмжлэл, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 29/2757 дугаартай итгэмжлэл, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 34/6740 дугаартай итгэмжлэл, нотариатын төлбөрийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ/20181112-004 дугаартай зээлийн гэрээ, нэгдүгээр хавсралтын хамт, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ........ банкны гүйлгээний баримт, 2018 он 11 дүгээр сарын 12-ны өдөр Н.А-ээс ........ банкинд гаргасан хүсэлт, Н.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Н.А-ийн ....... дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/20944457508 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн БГХ201944457508 дугаартай барьцааны гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ........ банкны гүйлгээний баримт, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Н.А-ээс ........ банкинд гаргасан өргөдөл, Н.А-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт зэргийг гаргаж өгсөн.
Нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Н.А-ийн мөнгө буюу эд хөрөнгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар битүүмжилж, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд зогсоосон.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ........ банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц- нь хариуцагч Н.А-т холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 28,820,148.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
2.1. Хариуцагч Н.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ........ банктай зээлийн гэрээ байгуулж, 14,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй цалингийн зээл авсан. Хариуцагч нь 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 11,620,000 төгрөг дээр нэмж 2,800,000 төгрөг, нийт 14,420,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээллэсэн.
Хариуцагч Н.А- нь 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 13,211,977.70 төгрөг, хүү 14,051,094.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,527,075.99 төгрөг, нийт 28,790,148.89 төгрөг байна. Иймд зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 28,790,148.89 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Хариуцагч Н.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ........ банктай зээлийн гэрээ байгуулж, 24 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, 14,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан байна.
Улмаар 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 11,620,000 төгрөг дээр нэмж 2,800,000 төгрөг, нийт 14,420,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээллэхээр зээлийн гэрээ байгуулж, гэрээг бичгээр үйлдсэн байна.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
3.2. Хариуцагч Н.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хооронд үндсэн зээл 3,588,022 төгрөг, хүү 1,857,833.65 төгрөг, нийт 5,445,855.95 төгрөг төлсөн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ/20181112-004 дугаар гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 3Г/201944457508 дугаартай зээлийн гэрээний дагуу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл 13,211,977.70 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 14,051,094.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,527,076.99 төгрөг, нийт 28,790,148.89 хуримтлагджээ.
3.3. Хариуцагч Н.А- нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 3Г/201944457508 дугаартай зээлийн гэрээний хавсралтаар батлагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 14,420,000 төгрөгийг, хүүгийн хамт 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан ........ банк дахь Н.А-ийн ............. дугаартай цалингийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн картаар тогтоогдож байна.
4. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ”, 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж тус тус заажээ.
Зохигчдын хооронд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 3Г/201944457508 дугаартай зээлийн гэрээний хавсралтаар батлагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваариас үзвэл, зээлийн гэрээний хугацаа 30 сар буюу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар зохигчид тохиролцжээ.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч ........ банк ХК нь зохигчдын хооронд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 3Г/201944457508 дугаартай зээлийн гэрээний хугацаа дууссан үеэс буюу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 3 жилийн дотор буюу 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор хариуцагч Н.А-т холбогдуулан, зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах эрхтэй байжээ.
Гэвч нэхэмжлэгч ........ банк ХК нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шуудангаар ирүүлснийг шүүх 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээж авсан.
Иймд нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн, хариуцагч Н.А- нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар гаргасан боловч нэхэмжлэгчийн зүгээс нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хариуцагчийн зөвшөөрсөн тайлбарт үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ........ банк ХК-ийн хариуцагч Н.А-т холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 28,790,148.89 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг, нийт 28,820,148.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,050.74 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ........ банк ХХК-ийн хариуцагч Н.А-т холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 28,820,148.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,050.74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн өмгөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Я.УРНАА