| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/1054/и |
| Дугаар | 155/ШШ2016/01137 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2016/01137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод оршин суух ** Б.А -ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2016/1054/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би анх 1975 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд туслах малчнаар орж 1977 он хүртэл 3 жил ажилласан. 1978 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ахуй үйлчилгээний газарт 1980 оныг хүртэл 3 жил ажилласан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл 1975-1977 оны хооронд Энх-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр байхгүй болсноос миний ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд миний Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1975 оны 7 сарын 1-ний өдрөөс 1977 оны 12 сарын 31-нийг дуустал туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Д.А нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал аав, ээжийн хамт туслах малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон юм гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.А нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.А ийн ажиллаж байх хугацаандаа авсан цалин хөлсний лавлагаа, гэрч Ч.Санжаагийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...Д.А нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 5 дугаар бригадад 1975-1977 оныг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг сайн мэднэ.... гэх мэдүүлэг, гэрч Ч.Нэргүйгийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...Д.А нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 5 дугаар бригадад 1975-1977 оныг дуустал хоньчноор ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 10/466 дугаартай ...Тус аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Д.А т холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Иймд нэхэмжлэгч Д.А ийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Б ийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.А ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ