| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/0023/э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2018-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Роза |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 35
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч Ц.Роза,
Шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч Д.Чт холбогдох 1830000130018 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, 1977 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй Д.Ч.
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Д.Ч нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Э” гэх газарт 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Ц.Этай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь духны хэсгийн зүүн болон хөмсөгний дээд хэсэг, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Д.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй, миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би тэр болгон архи уугаад байдаггүй. Бид бэлчээрийн маргаантай байсан нь үнэн, би түүнийг чирж, өшиглөөгүй. Би Эд 1.500.000 төгрөгийн хохирол төлсөн... гэв.
- Д.Чийн хэрэг бүртгэлтэнд гэрчээр өгсөн: “...Манайх Мөнххаан сумын төвөөс зүүн тийш 45 киллометрт Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг “Э” гэх газар өвөлжиж байсан юм. Би 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байхад манай найз Э гэх хүн Эрдэнэт хотоос Шилийн богд ороод буцаж явах замдаа манай гэрээр ирсэн юм. Тухайн үед найз Э надад нэг шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи өгөөд явсан. Би тухайн архины талыг нь уугаад өөрийн эзэмшлийн 30-83 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй орой 21 цагийн үед манай гэрээс ертөнцийн зүгээр баруун тийш 500 метрт байх Ц.Эгийнд очсон. Би Ц.Эгийн гэрт ороод малын бэлчээр дээрээс болоод хоорондоо муудсан. Тэгээд би Ц.Эг 2-3 удаа түлхэж унагааж, 1 удаа алгадсан өөр цохиж зодсон асуудал байхгүй, учирсан хохирлыг бүрэн төлсөн” гэх мэдүүлэг /хх-16-17/,
- Хохирогч Ц.Эгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг “Э” гэх газар байх гэртээ байхад манай хөрш Д.Ч нь оройн 21 цагийн орчим манай гэрт согтуу орж ирээд “үхэж байгаа муу, сайн, найзууд дургүй хүргээд байна” гэхээр би та нарын ууж идэж муудах надад ямар хамаатай юм гэхэд Д.Ч “муу сайн пизда нар дургүй хүргээд байна шүү, пизда минь гарч машинд суу, манайх руу явъя” гэхээр нь “би танай гэрт очиж яадаг юм” гэхэд намайг миний баруун гар дээрээс барьж аваад явъя гээд байхаар нь би цаашаа бол гээд түлхтэл “чи муу хэзээ ийм болсон янхан бэ” гээд хацар руу 2 алагдаж, нүүр рүү цохиод тэгээд миний толгойтой үснээс үсдэж аваад орон дээрээс унагааж нуруу, толгой, дух, толгойн дагз, зүүн дал зэрэг газрууд руу өшиглөөд байсан. Тэгээд би чамайг хэлдэг газар чинь хэлнэ гэхэд надад тэр цагдаа чинь үйлчлэхгүй пизда, янхан минь гээд гарч явсан. Тэгээд би цагдаа дуудсан”... гэх мэдүүлэг / хх-05-06 /,
- Гэрч Б.Эын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Би Мөнххаан сумын Засаг даргын Тамгын газрын 1 дүгээр багийн засаг дарга хийдэг юм. Би 2018 оны 1 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн орчим гэртээ байхад Мөнххаан сумын хэсгийн цагдаа ахлагч Э.А нь Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг “Энгэрийн булгын далан” гэх газар Мөнххаан сумын 1 дүгээр багийн иргэн Ц.Э дуудлага өгөөд байна. Танай 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болохоор, багийн дарга та сайн мэдэх байх гээд намайг авч явсан. “Э” гэх газар Мөнххаан сумын төвөөс зүүн тийш 70 километрт байдаг юм. Гэрт нь ороход Ц.Э орон дээрээ сууж байсан. Ц.Эгийн зүүн хөмсгөн дээр нь улайж амьсгаадсан байдалтай байсан. Д.Ч гэдэг хүнд зодууллаа гэж байсан” гэх мэдүүлэг /хх-18-19/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 47 дугаартай дүгнэлтдээ: “1.Хохирогч Ц.Эгийн биед духны хэсгийн болон зүүн хөмсөгний дээд хэсэг, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2.Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-22 /,
- Эмнэлгийн тодорхойлолт. 2018.01.03 /хх-21/,
- Д.Чийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-42/,
- Д.Чийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/,
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн засаг даргын 2018.01.18-ны өдрийн 72 тоот тодорохойлолт /хх-29/,
- Мөнххаан сумын М.Дын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн 2018.01.30-ны өдрийн 18 тоот тодорохойлолт /хх-34/,
- Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авч хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл. /хх-35-36/,
- Хохирлын баримтууд /хх-37-38/,
- Д.Цгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-39/,
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 02 сарын 02-ны өдрийн 17 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-47/,
- Ц.Эгийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-44/,
- Д.Чийн Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар болон Прокурорын газарт гаргасан хохирол төлсөн, эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-45-46/ зэрэг болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Д.Чийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд прокурорын яллах дүгнэлтэнд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичиж, яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулсан ба хохирогч Ц.Э нь шүүгдэгчтэй эвлэрсэн талаарх хүсэлийг гаргасан хийгээд хэргийг шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Шүүгдэгч Д.Ч 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг “Э” гэх газарт иргэн Ц.Этай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “духны хэсгийн зүүн болон хөмсөгний дээд хэсэг, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.Чийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ц.Э, гэрч Б.Э нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, Д.Ч нь согтуурсан үедээ хохирогч Ц.Эгийн гэрт агсам согтуу тавьж маргаан үүсгэн улмаар түүнийг алгадаж, өшиглөж, үсдэж, гараараа нүүр рүү нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь шүүгдэгчийн “ найз Э надад нэг шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи өгөөд явсан. Би тухайн архины талыг нь уугаад өөрийн эзэмшлийн 30-83 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй орой 21 цагийн үед манай гэрээс ертөнцийн зүгээр баруун тийш 500 метрт байх Ц.Эгийнд очсон. Би Ц.Эгийн гэрт ороод малын бэлчээр дээрээс болоод хоорондоо муудсан. Тэгээд би Ц.Эг 2-3 удаа түлхэж унагааж, 1 удаа алгадсан өөр цохиж зодсон асуудал байхгүй, учирсан хохирлыг бүрэн төлсөн ” гэх,
хохирогч Ц.Эгийн “ манай хөрш Д.Ч нь оройн 21 цагийн орчим манай гэрт согтуу орж ирээд “үхэж байгаа муу, сайн, найзууд дургүй хүргээд байна” гэхээр би та нарын ууж идэж муудах надад ямар хамаатай юм гэхэд Д.Ч “муу сайн пизда нар дургүй хүргээд байна шүү, пизда минь гарч машинд суу, манайх руу явъя ” гэхээр нь “би танай гэрт очиж яадаг юм” гэхэд намайг миний баруун гар дээрээс барьж аваад явъя гээд байхаар нь би цаашаа бол гээд түлхтэл “чи муу хэзээ ийм болсон янхан бэ” гээд хацар руу 2 алагдаж, нүүр рүү цохиод тэгээд миний толгойтой үснээс үсдэж аваад орон дээрээс унагааж нуруу, толгой, дух, толгойн дагз, зүүн дал зэрэг газрууд руу өшиглөөд байсан ” гэх,
гэрч Б.Эын “Би Мөнххаан сумын Засаг даргын Тамгын газрын 1 дүгээр багийн засаг дарга хийдэг юм. Би 2018 оны 1 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн орчим гэртээ байхад Мөнххаан сумын хэсгийн цагдаа ахлагч Э.А нь Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг “Энгэрийн булгын далан” гэх газар Мөнххаан сумын 1 дүгээр багийн иргэн Ц.Э дуудлага өгөөд байна. Танай 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болохоор, багийн дарга та сайн мэдэх байх гээд намайг авч явсан. Гэрт нь ороход Ц.Э орон дээрээ сууж байсан. Ц.Эгийн зүүн хөмсгөн дээр нь улайж амьсгаадсан байдалтай байсан. Д.Ч гэдэг хүнд зодууллаа гэж байсан” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдсон байна.
Д.Чийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.
Д.Ч нь гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа согтуурсан үедээ хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Иймд шүүгдэгч Д.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Д.Чийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Д.Ч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эмчилгээний зардал буюу хохирогчийн нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Чийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Д.Ч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдъя.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Ч шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ялтан Д.Ч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Ялтан Д.Чт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН