Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/04

 

 

 

М.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О даргалж, шүүгч Ш.Т, З.Т нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор Ч.О

Шүүгдэгч М.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

Нарийн бичгийн дарга Ж.Б нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлоор шүүгдэгч М.Бд холбогдох 222200... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ц.Оийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Ч овогт Мын Б, 1967 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Өсуманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, ам бүл 1, Дундговь аймгийн Ө сумын 6-р баг Рашаантын 3-2 тоотод оршин суух, Хөдөө аж ахуйн яамны хүндэт тэмдэг, Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан гэх, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, РД://.

М.Бнь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн С сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Говь” буудлын гадна зогсоол дээр байсан “Toyota prius – 30”  маркийн тээврийн хэрэгсэл дотроос иргэн Б.Сын эзэмшлийн булган шубыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 08 дугаар сарын 15-ны шөнө Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн 2 дугаар эмнэлгийн орчимд иргэн Ч.Тийн гараас “Iphone” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дундговь   аймгийн   Прокурорын  газраас  шүүгдэгч   М.Бын      үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч овогт Мын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч М.Бын биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 105 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож хасаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн СD-г шүүгдэгч М.Бд холбогдох эрүүгийн 2222000810076 дугаартай хэрэгт хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргаж, хэрэгт            битүүмжилж ирүүлсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Б.Сд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Бс 2.950.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Тд олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

               Шүүгдэгч М.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 1697 оны 4 сарын 17-нд төрсөн Ч овогт Маын Б миний бие 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж надад холбогдох 222200... дугаартай хэргийг зохиомлоор үүсгэж 4 сарын хугацаанд цагдан хорьж ар гэрийн ямар ч хүнтэй уулзуулахгүйгээр тулган тасалж 1 жил 4 сарын хорих ялаар шийтгэсэн болно. Зүгээр явж байсан иргэн намайг гэмт хэрэгт буруутган, өнчин өрөөсөн хөгжлийн бэрхшээлтэйгээр нь далимдуулан цагдан хорьж ял тулгаж байгаа явдалд би туйлын их гомдож, эд эсээ үхүүлж эрүүл мэндээрээ хохирч байгаадаа маш ихээр харамсаж байна. Намайг энэ хэрэгт санаатайгаар цагдан хорьж айлган сүрдүүлж, ял тулгаж байгаа Сүхбаатар дүүргийн мөрдөгч д/ч Б улсын яллагч хяналтын прокурор О, хохирогч Т, түүний найз гэрч Ц, утсыг нь дээрэмдсэн гэх Гийн Г, Бийн Б, Б гэгч 100 айлаар явдаг хүмүүст туйлын их гомдож байна. Хэрэв миний биед ямарваа нэгэн гэмтэл учрах буюу амь насаа алдсан тохиолдолд нэр дурдсан эдгээр хүмүүс хариуцлага хүлээх болно гэдгийг шударга иргэн хүнийхээ хувьд  албан ёсоор мэдэгдэж байна. Мөн эдгээр хүмүүсээс би өөрийн эрүүл мэнд болон сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлж, нэр хүндээ сэргээж авахыг туйлын ихээр хүсэж миний өмгөөлөгч Лын хэлсэн үг яриаг авч хэлэлцээгүй эс тоосон явдалд маш их гомдож байна. Би шударга үнэний төлөө Нийслэлийн шүүх, Дээд шүүх БНМАУ-ын Хууль зүйн сайд болон Монгол улсын ерөнхийлөгч Уийн Хд хүртэл өргөдөл гомдол бичих болно. Иймд миний авсан 1 жил 4 сарын хорих ялыг үнэн зөвөөр нь шийдэж хөнгөрүүлж өгнө үү ...гэв.

               Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...М.Б нь хохирогч Сын булган дээл /шуба/-г хулгайлсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Улаанбаатар хотод Ч.Тийн гар утсыг дээрэмдсэн гэх үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж тооцож анхан шатны шүүхээс ял оногдуулсан байгаа. М.Бнь хохирогч  Сын булган дээлийг /шуба/-г хулгайлсан үйлдлийн гэм буруугаа анхнаасаа зөвшөөрдөг маргадаггүй. Харин Улаанбаатар хотын Ч.Тийн гар утсыг дээрэмдсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа. М.Б нь Улаанбаатар хотод буюу 2022 оны 08 сарын 15-ны шөнө Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн 2 дугаар эмнэлгийн орчим иргэн Ч.Тийн гараас “iphone” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдээгүй гэж маргаж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн шөнө хэрэг маргаан болохоос өмнөхөн гэрч Б.Бтай тааралдаж архи хамтарч уугаад салаад замын урьд талд автобусны буудлын зогсоол дээр байсан болохыг гэрч Б мэдүүлдэг. Мөн гэрч Э.Ц... тухайн газраас нэг эрэгтэй хүн гүйгээд явчихсан тэр хүн бол М.Б гэж гэрчилдэг. Тэгтэл Б гэх хүн маань гүйгээд зугтаад явчих хэмжээний хүн биш эрүүл мэндийн хувьд хөл хазгар, хөлөө чирдэг явдал удаан болох нь харагдаж байгаа. М.Б нь тухайн цаг хугацаанд автобусны буудал дээр байхад Гийн Г, бас нэг 100 айл дээр хамт архи уудаг Б гэх залуу үнэтэй гар утас бариад ирсэн түүнийгээ танихгүй хүнд зарсан гэж яриад байгаа асуудлыг шалгаагүй. Иймд М.Бн Ч.Тийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, 2023/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоол хуульд нийцэж гарсан. Шүүгдэгчийн маргаад байгаа гар утасны асуудал дээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг үеийн CD байгаа. Тэр газар Б, Б, хохирогч Ч.Т байж таардаг. Мөн гэрч Ц таньж олуулах ажиллагаагаар М.Быг зааж нотолсон. Эдгээр баримтаар нотлогдож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Бын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

          Прокуророос М.Быг 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Са сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Говь” буудлын гадна зогсоол дээр байсан “Toyota prius – 30”  маркийн тээврийн хэрэгсэл дотроос иргэн Б.Сын эзэмшлийн булган шубыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 08 дугаар сарын 15-ны шөнө Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн 2 дугаар эмнэлгийн орчимд иргэн Ч.Тийн гараас “Iphone” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

  М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь хохирогч Ч.Тийн “2022 оны 08 сарын 15-ны өдөр найз Цтай уулзах гэж явж байсан. В5В дэлгүүрийн хажууд утсаар яриад явж байтал автобусны буудал дээр 2 хүн зогсож байсан. Цаана нь 3 хүн сууж байсан. Намайг бүдрээд унахад зогсож байсан хоёр хүний нэг нь зүгээр үү гээд өргөөд босгосон. 1 хар хувцастай хүн нь миний утсыг аваад зугтсан. Утас булаасан хүний араас хөөх гэтэл Б.Б намайг тавихгүй байсан. Бны хажууд байсан хүн нь Мын Б зогсож байсан гэж бодож байгаа. Манай найз камерын бичлэг үзээд Мын Б мөн байна гэж гэрчилсэн. Би царайг нь харах боломж бололцоо болоогүй. iрhоnе 13 рго гэдэг утас байсан. Гар утасныхаа үнэлгээг гаргуулсан. Хохирлоо барагдуулж авсан зүйл байхгүй. 2.950.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Тэр мөнгөө нэхэмжилнэ” гэх,

  • Гэрч Б.Бы “Мын Бтой хамт 100 айлын буудал дээр байж байгаад Мын Б урд буудал руу явсан. Би хойд буудал дээр үлдсэн. Тэр буудал дээр нэлээн хүн байсан. Бороотой байсан. Баруун талаас нэг согтуу хүн ирээд шаварт ойчихоор нь татаж босгосон. Хажуугаас нь 1 хүн ирээд нөгөө талаас нь босгочхоод гүйгээд явсан. Тэрийг ямар хүн байсныг мэдэхгүй. Тэгсэн чинь Т “танай найз чинь миний утсыг аваад явчихлаа” гэж хашхираад байсан. Утас булааж зугтаасан хүнийг харанхуй шөнө байсан учир харж чадаагүй. Би өөр хүмүүстэй нийлээд утас зарна гэж яваагүй. Тэр талаар мэдэхгүй. Хохирогч Ч.Т танай найз чинь миний утсыг аваад явчихлаа гээд намайг цохиод байхаар нь эмэгтэй хүнтэй хэрүүл маргаан хийлтэй нь биш гээд зугтаасан” гэх,
  • Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрч Э.Цаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд гэрч нь “Би тэр хүнийг 100 айлын явган хүний гүүрэн дээр явж байхдаа болон замын нөгөө талаас харсан, тэгээд царайны төрхөөр нь таньж байна. Манай найз Тийн утсыг нь аваад гүйж байхад нь би гүүрэн дээр Т руу гүйж байхдаа тэр хүнийг гүүрний доогуур орох гэж байхад нь хажуу талаас нь харж байсан юм” гэж урьдчилан мэдүүлсэн ба 1-4 дугаартай хүмүүсийн зургийг байрлуулан харуулахад 2 дугаарт байсан М.Бын зургийг энэ хүн байна гэж заасан, дахин зургийн байрлалыг өөрчлөн 4 дугаарт тавьж гэрчээр таниулахад энэ хүн гэж М.Бын зургийг зааж, энэ хүнийг би нүүрний хэлбэр, царай, төрхөөр нь таньж байна” гэх /хх-ийн 98/
  • Гэрч Э.Цгийн “...Манай найз 100 айлын замын явган гүүрэн дээр гарах гээд явж байхдаа яг буудлын орчим бүдрээд уначихсан юм. Тэгээд би гүүр рүү гүйгээд замын эсрэг талд гараад очсон чинь шар түрийтэй гуталтай, саарал өнгийн туяа ойлгогчтой өмдтэй, цэнхэр биеийн тамирын цамцтай, саарал саравчтай малгайтай, 35-40 орчим насны эрэгтэй хүн манай найзын гарыг барьчихсан, манай найз “тавиач ээ” гээд зууралдаад зогсож байсан. Тэгэхээр нь “яав, юу болоод байгаа юм, тавиач" гээд орилсон чинь нөгөө эрэгтэй сансар тал руу гүйгээд явчихсан. Тэгэхээр нь би найзаасаа “яав аа” гэсэн чинь “энэ 2 эрэгтэйн нэг нь гараас утас шүүрээд гүйчихлээ” гэсэн. Намайг гүүрэн дээрээс найз руугаа харахад цагаан саравчтай малгайтай, хар урт хүрэмтэй, эрэгтэй хүн манай найзын хажуунаас гүйж байсныг харсан. Бид 2 тэр эрэгтэйн араас гүйсэн чинь урд гүйж байгаад харанхуй гудамж руу гүйгээд алга болчихсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлгүүдээр /хх-ийн 156-157/ тогтоогдсон байна.

            Шүүгдэгч өөрт холбогдох энэхүү хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч дээр дурдсан гэрч хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх өөр нотлох баримт хэрэгт байхгүй байх тул шүүгдэгчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

              Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хувьд хохирогч Б.С мэдүүлэхдээ: “Би өглөө 10 цагт өөрийн приүс-30 маркийн машинтай ажил дээрээ буюу Говь буудлын гадаа ирж зогсоод буудал руу орсон. Ороод өчигдөр хоносон хүмүүсийн талаар үйлчлэгч Бтай ярилцахад өчигдөр буудалд хоносон эхнэр, нөхөр 2 тооцоогоо хийгээгүй байгаа, энэ 2 дээр согтуу хүмүүс ирээд байсан гэсэн. Би буудалд цаг гаран болоод гадна цэвэрлэгээ хийх гээд араад хог шүүрдэж байхад миний машинд хүүхэд идэж байсан печень гадаа хэвтэж байхаар нь юу билээ гэж бодоод машинд булган шуба байгааг санаад машиндаа эрэхэд алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Булган шуба 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үед Улаанбаатар хотоос 1.850.000 төгрөгөөр худалдаж авсан, шинэ шуба байгаа. Шубаа олсон болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж /хх-ийн-ийн 12/,

  • Гэрч В.Э “Би такси үйлчилгээнд явдаг. Мандал худалдааны төвийн үүдэнд машиндаа сууж байтал Мын Б ууттай юм барьчихсан, уутнаасаа эмэгтэй хүний шуба гаргаж ирээд “худалдаж авах уу, 250.000 төгрөг хавьцаа зарна” гэсэн. Тэгэхээр нь би “эхнэртээ үзүүлье” гээд хамт явж эхнэртээ үзүүлтэл манай эхнэр “мөнгө байхгүй, авахгүй” гэхээр нь Бд буцаагаад өгсөн. Анх надад хэлэхдээ манай охины шуба байгаа юм, хотод өвчтэй байгаа, би үүнийг нь зараад хот явах гэж байгаа юм, яаралтай зармаар байна гэж хэлсэн” гэж тус тус мэдүүлсэн хх-ийн 18/ байх бөгөөд шүүгдэгч энэхүү хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т зааснаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг тусгана гэсэнд нийцүүлж, яллах дүгнэлтэд тусгасан, шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой зэрэг бүх талаас нь харьцуулан судалж үзсэн,             эдгээр нотлох баримтад үндэслэж хэргийн бодит байдлыг тогтоож, дүгнэлтээ гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. 

          Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч М.Быг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

            М.Б нь анхан шатны шүүхээс оногдуулсан уг ялыг хөнгөрүүлж өгнө үү, түүний өмгөөлөгч Г.Л “М.Бын Ч.Тийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, 2023/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж гомдол гаргасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх болон Ч.Тйн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгах боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

            Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохирсон гэж үзсэн бөгөөд шүүгдэгч М.Бын хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсхүл бусдын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, оногдуулсан ялыг хөнгөрүүлэх тухай гомдол, саналыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/.. дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бын цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ             Ц.О

ШҮҮГЧИД                Ш.Т

                                 З.Т