Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2016/01135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын **дугаар багт оршин суух Т.А ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч155/2016/1137/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Д.А  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр туслах малчин, саальчнаар орж 1983 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж ирсэн юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг дарагдаагүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд миний Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.А  нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.А гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, гэрч Т.Дашдоржийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: ...Д.А  нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн Зүрх багт 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оныг хүртэл саальчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Т.Адъяагийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: ...Д.А  нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оноос 1991 оныг хүртэл саальчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 10/503 дугаартай ...Тус аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Д.А д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Иймд нэхэмжлэгч Д.А гийн Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.А ийн Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.А гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ