| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00422/И |
| Дугаар | 155/ШШ2016/00646 |
| Огноо | 2016-06-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2016/00646
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн .......... сумын …………. багт оршин суух Н овогт Б-ийн М /................... /-ы нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн ………. сумын ……… дугаар багийн ………… тоотод оршин суух Б овогт Х-ын Н /................... /-д холбогдох
5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү А нь Н-тэй хамтарч иргэн Ц-ээс хашаа байшин, газрын хамт худалдаж авахаас тохиролцоод Н-д хүү А ын дансаар нь дамжуулж 2015 оны 6 сард 5.000.000 төгрөгийг шилжүүлж зээлдүүлсэн юм. Зээлдүүлсэн мөнгөө би Н-ээс удаа дараа шаардахад өгнө гэж хэлсээр өдийг хүрсэн. Н болохоор зээлж авсан мөнгөндөө хашаа байшин ав гэдэг. Миний хувьд Н-д зээлдүүлсэн 5.000.000 төгрөгөн дээр нэмж 5.000.000 төгрөг өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Н-д мөнгө зээлдүүлэхдээ хоорондоо хийсэн гэрээ, хэлцэл байхгүй
Иймд хүүгийнхээ дансаар дамжуулж шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг Н-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие иргэн М-ы нэхэмжлэлийн хуудастай танилцаж тодорхой хариулт өгсөн. Иргэн Ц-ээс 9.500.000 төгрөгийн үнэ бүхий хашаа, байшинг худалдан авахад Мнь 4.000.000 төгрөг өгсөн. Тухайн хашаа байшинд амьдарч байх хугацаандаа хэрэглэсэн цахилгааны мөнгө миний төрсөн ах болох Г-д учруулсан эд хогшлыг суутган авч 3.950.000 төгрөгийг иргэн М д 2016 оны 7 дугаар сарын 11-нээс өмнө гаргаж өгч хашаа байшинг өөрөө худалдан авахаар шийдэв гэжээ.
Нэхэмжлэгч Б.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь иргэн Х.Н-тэй эвлэрч 5.000.000 төгрөг нэхэмжилснээс 3.950.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 11-нээс өмнө авахаар тохиролцов гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Х.Н-ээс 5.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч Х.Н н шүүхэд ирүүлсэн ....3.950.000 төгрөгийг иргэн М д 2016 оны 7 дугаар сарын 11-нээс өмнө гаргаж өгч.... гэх хариуцагчийн хариу тайлбартай нэхэмжлэгч нь танилцаад ....3.950.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 11-нээс өмнө авахаар тохиролцов.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчид эвлэрсэн эвлэрэлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.М ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Н-ээс эвлэрсэн хэмжээний улсын тэмдэгтийн хураамжийн 50% болох 39.075 төгрөг, улсын орлогоос 47.475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Б.М ы хариуцагч Х.Н-ээс 3.950.000 /гурван сая есөн зуун тавин мянга/ гаргуулах шаардлагын талаар зохигч эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.950 /ерөн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Н-ээс 39.075 /гучин есөн мянга далан тав /төгрөг, улсын орлогоос буцаан 47.475 /дөчин долоон мянга далан тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ