| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/1064/и |
| Дугаар | 155/ШШ2016/01133 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2016/01133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******** тоотод оршин суух А.Х -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******** оршин суух А.Х холбогдох,
1.177.000 /нэг сая нэг зуун далан долоон мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2016/1064/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хариуцагч Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 11 сарын 10-нд Болор нь нөхөр Жаргалсайханы хамт 970.000 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлж авсан. Хугацаандаа өгөхгүй бол 10%-ийн хүү цаашид тооцох болно гэж надтай гэрээ хийж авсан юм. Миний бие мөнгөө удаа дараа нэхэхээр нөхөр Жаргалсайхан нь эхнэр Болороос ав гэдэг. Болор нь мөнгөтэй болохоороо өгнө яасан сүртэй юм нэг их мөнгө биш гэж урдаас доромжилж намайг элэг барьж өдий хүрлээ. Иймд үндсэн мөнгө 970.000 төгрөг, хүү 207.000 төгрөг, нийт 1.177.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Д.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...биеийн байдлаас шалтгаалан Улаанбаатар хотод эмчилгээнд байгаа тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Жамсранжаваас 11 сарын 15-наас эхлэн цувруулан 970.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Үүнээс 140.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 830.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Д.А т холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү нийт 1.177.000 / нэг сая нэг зуун далан долоон мянга / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Д.А нь 970.000 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 10-наас 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал 5 сарын хугацаатай хүүгүй, уг мөнгийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтрүүлсэн мөнгөн дүнгээс сар бүр 10 хувийн хүү тооцохоор Д.А т зээлээр өгч гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх талуудын хооронд байгуулсан уг гэрээг Иргэний хуульд нийцсэн зээлийн гэрээ байна гэж үзлээ. Учир нь: Хуульд зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөнгө зээлдэгч шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба зээлдүүлэгч, зээлдэгчийн өмчлөлд 970.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хугацаагаа харилцан тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 282, 283 дугаар зүйлийн Зээлийн гэрээний хэлбэр, шаардлагыг хангаж гэрээ байгуулсан байх тул хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна.
Харин хариуцагчийн 970.000 төгрөгийг цувуулж авсан. Гэрээг сүүлд байгуулсан. Хүү өгөх боломжгүй гэх тайлбарын тухайд энэ тухайгаа хариуцагч нотлож чадахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Иймд гэрээ байгуулснаас хойш хариуцагчаас өгсөн, нэхэмжлэгчийн авсан гэх 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг хариуцагчийн төлөх ёстой хүүнээс хасч тооцоод хариуцагч *********** үндсэн зээл 970.000 /есөн зуун далан мянга/ төгрөг, хүү 207.000 /хоёр зуун долоон/ төгрөг, нийт 1.177.000 /нэг сая нэг зуун далан долоон мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 32.798 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.А д 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутанд товлосон шүүх хуралдааны товийг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.А ээс зээл, зээлийн хүү нийт 1.177.000 /нэг сая нэг зуун далан долоон мянга / төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.А д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.А ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.798 /гучин хоёр мянга долоон зуун ерэн найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А ээс улсын тэмдэгтийн хураамж 32.798 /гучин хоёр мянга долоон зуун ерэн найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ