Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 113

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00884/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  09 дүгээр сарын 17-ны өдрийн 1006 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

“Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.М-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Гомдол гаргагч Б.М- шүүхэд гаргасан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамжаар Б.М- надаас 113.500.000 төгрөг гаргуулж “Д- Ц-” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас миний өмчийн Сэлэнгэ аймаг, Сайхан сумын 2 дугаар баг, 20 дугаар байрны 27 тоот 24м.кв /Ү-1310001179/ орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт битүүмжилж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний “К- З-” ХХК-аар үнэлүүлэхэд 25.000.000 төгрөгөөр үнэлэгддэг. Энэ нь одоогийн зах зээлийн ханш болох 35.000.000-45.000.000 төгрөгийн үнэлгээнээс хэт доогуур, ямар ч үндэслэл, тооцоо судалгаагүйгээр 25.000.000 төгрөгөөр үнэлсэнд маш их гомдолтой байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу миний бие албан ёсны үнэлгээтэй 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр танилцаж мэдэгдлийг албан тоотоор авсан болно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар шүүхэд гомдол гаргаж байгаа тул гомдлыг хүлээн авч холбогдох албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “А- Б-” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ гаргуулахад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 23.719.100 төгрөгөөр үнэлсэн. Мөн 2020 оны 06 дугаар сарын 03-нд “К- З-” ХХК-ийг шинжээчээр томилсон, “К- З-” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 25.000.000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн хоёр компани үнэлгээг гаргахдаа зах зээлийн бодит үнэ ханшид нийцүүлж үнэлгээ гаргаж чадаагүй гэж үзэж байна.

Иймд нотлох баримтаар Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах байруудыг 2020 оны 03 дугаар сарын 25, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0233, 0270 тус тус дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд 35.000.000-55.000.000    төгрөгөөр үнэлсэн байгааг нь тухайн байрны зах зээлийн ханшийг тодорхойлох зорилгоор нотлох баримтаар гарган өгсөн. 35.000.000-55.000.000 төгрөгийн үнэтэй байрыг 25.000.000 төгрөгөөр үнэлж байгаа асуудал нь зах зээлийн ханшаас хэтэрхий доогуур байгаа нь гомдол гаргагчийн эрх ашгийг хохироож байна. Хуулийн хүрээнд үнэлгээтэй холбоотой мэдэгдлийг хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор буюу 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гомдлоо шүүхэд гаргасан нь хуульд нийцсэн гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтанцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамжаар Б.М-аас 113.500.000 төгрөг гаргуулж “Д- Ц-” ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ. Тус газар нь гүйцэтгэх баримт бичгийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 17070216 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан улсын бүртгэлийн Ү-1310001179 дугаартай, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, 20 дугаар байрны 27 тоот дахь 24.0м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 448/01, 448/03 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17070216/13, 17070216/14 дугаартай тогтоолоор хураан авч талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авах ажлыг зохион байгуулахад талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 20/20 тоот тогтоолоор “К- З-” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

“К- З-” ХХК нь Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, 20 дугаар байрны 27 тоот дахь 24.0м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1310001179 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоон 25.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03/1710, 03/1712 дугаартай албан бичгээр талуудад мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан.

Мөн үл хөдлөх эд хөрөнгийг тусгай зөвшөөрлийн эрхтэй “К- З-” ХХК нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн шинжилгээний тухай хууль, Үнэлгээний Олон Улсын стандартыг баримтлан өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнө нь “А- Б-” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ гаргуулахад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 23.719.100 төгрөгөөр үнэлсэн бөгөөд тус үнэлгээнд төлбөр төлөгч Б.М- гомдол гаргаж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар гомдлыг нь хангасны дагуу бид хөрөнгө үнэлэх ажиллагааг дахин явуулсан. Энэхүү ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул Б.М-ын гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  09 дүгээр сарын 17-ны өдрийн 1006 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан Б.М-ын Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “К- З-” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.М- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “А- Б-” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ гаргуулахад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 23.719.100 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг би үл зөвшөөрснөөр дахин 2020 оны 06 дугаар сарын 03-нд “К- З-” ХХК-ийг шинжээчээр томилж үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргуулахад “К- З-” ХХК нь мөн л үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг хэт бууруулж 25.000.000 төгрөгөөр үнэлсэн нь миний эрх ашгийг хохироож үл хөдлөх хөрөнгийг минь үнэгүйдүүлж байна. Үнэлгээ гаргаж байгаа компаниуд хүний хөрөнгийг үнэлэхдээ цаана нь хүний амьдрал явагдаж байгаа гэдгийг ойлгохгүй, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж иргэдийг ядарсан дээр нь улам хохироож байна. Энэ байдлыг шүүх ч ойлгохгүй гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна. Шүүхийн шийдвэрт “...гомдол гаргагч тал өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг шинжээчийн үнэлсэн үнэлгээнээс өндөр байх нөхцөл байдал, давуу тал зэргийг тодорхойлоогүй, нөгөө талаас шинжээч үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ хууль зөрчсөн үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэх байдал тогтоогдохгүй байхад зөвхөн дээрх 2 гэрээг үндэслэн эрх бүхий этгээдээс гаргасан үнэлгээний тайланг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй...” гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум нь Улаанбаатар, Дархан шиг их том талбай хамарсан хот, аймаг биш учраас орон сууцны байрлалын хувьд үнийн зөрүү гараад байхгүй юм. Мөн миний бие нь шинжээчдийн гаргасан үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур байна гэдгийг нотлох зорилгоор зах зээлийн өнөөгийн үнэ ханшаар үнэлэгдэн арилжигдсан хоёр худалдах, худалдан авах гэрээг тухайн орон нутгийн иргэдээс гуйж авч ирж хэрэгт нотлох баримтаар өгсөн. Энэ нотлох баримт нь ижил төстэй орон сууцуудын доод дээд үнэ ханш /35-45 сая/ тогтоосон байдлыг харуулж байгаа бөгөөд миний өмчлөлийн байр доод үнээс доогуур үнэлэгдэж байгаад би гомдолтой байгаа юм.

Би гомдлын шаардлагаа нотолсон баримт гаргаж өгсөн байтал энэ баримтыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүйгээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1250 дугаар захирамжаар Б.М-аас үндсэн зээлийн төлбөрт 83.500.000 төгрөг, хүүгийн төлбөрт 30.000.000 төгрөг буюу нийт 113.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д- Ц-” ББСБ-д олгож, шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулахаар шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явуулсан байна.

Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдэн төлбөрт тооцогдон хураагдсан төлбөр төлөгчийн эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 93 дугаар магадлалаар хүчингүй болгон шийдвэрлэсэн гэж ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2020/02/04 тоот тогтоолоор өмнөх эд хөрөнгө хураах, шинжээч томилох тухай тогтоолуудыг хүчингүй болгожээ.

Дахин Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангиас 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төлбөр төлөгч Б.М-ын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, 20 дугаар байрны 27 тоот 24м.кв орон сууцыг хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн саналыг авахад талууд тохиролцоогүй талаарх хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Хариуцагч байгууллагаас эд хөрөнгийг хураан авснаас хойш буюу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 20/20 тогтоолоор “К- З-” ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу тус компани нь тусгай мэдлэгийн хүрээнд нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууны зах зээлийн үнэ цэнийг 25.000.000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлбөр төлөгч Б.М-т шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэн шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, 2020 оны 03/1712 тоот мэдэгдлийг гардуулжээ. /хх-н 91-92-р тал/

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар талууд тохиролцоогүйгээс шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь шинжээчийн дүгнэлт хуульд нийцээгүй гэж маргадаг боловч зах зээлийн жишиг үнэлгээнээс доогуур миний хөрөнгийг үнэлсэн нь буруу гэх тайлбараа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч тал дээр дурдсанчлан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд шинжээчийн дүгнэлтээр харьцуулалтын аргыг ашиглаж хөрөнгийн үнэлгээ тогтоосныг буруу гэж дүгнэхгүй боломжгүй.

Учир нь шинжээчийн дүгнэлтэд эд хөрөнгийг зах зээлд худалдаалагдаж байгаа ижил төстэй хөрөнгийн борлуулалтын үнэ ханшийн мэдээлэлд тулгуурлан мэргэжлийн үнэлгээчин газар дээр үзэж танилцан хэмжилт хийж, фото зургаар баримтжуулан олон улсын нийтээр даган мөрддөг эд хөрөнгийн үнэлгээний стандарт, хууль зүйн норматив актууд болон Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 203 дугаар тушаалаар батлагдсан журмыг дагуу үнэлгээг зах зээлийн жижиг үнийн аргыг сонгож тогтоожээ.

Хавтаст хэргийн 99-103 дугаар талд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1, 2 дугаар багт байрладаг 28.95м.кв бүхий 2 өрөө орон сууцуудыг бусдад худалдан борлуулсан “худалдах, худалдан авах хоёр гэрээ”-нүүд авагдсан, үүнийг нэхэмжлэгчээс өөрийн орон сууцны үнэ цэнийг харьцуулан тогтоолгох зорилготой гарган өгсөн хэмээн тайлбарладаг хэдий ч уг гэрээнүүдэд тусгагдсан орон сууцууд нь Б.М-ын орон сууцнаас хэмжээ буюу м.кв-ын зөрүүтэй, тухайн байрууд нь хэдийд ашиглалтад орсон, байрнуудын насжилт болон дотоод засвар зэрэг бусад зүйлсийн талаар хэрхэн харьцуулагдах зэрэг нь тодорхой бус байх тул уг гэрээнүүдийг үндэслэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                            ШҮҮГЧИД                                Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                             М.МӨНХДАВАА