| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00214/И |
| Дугаар | 155/ШШ2016/01124 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2016/01124
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***** оршин суух Б.Э
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *****тоотод оршин суух А.Э нарт холбогдох
Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 42.633.806 /дөчин хоёр сая зургаан зуун гучин гурван мянга найман зуун зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Намнансүрэн овогтой Д.А овогтой Далхжав нар нь орон сууц санхүүжилтийн корпорацитай *****дугаартай зээлийн гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийг 228 сарын хугацаатай жилийн 8 хувийн хүүтэй нөхцөлтэй зээлээр орон сууц худалдаж авсан.
Орон сууц санхүүжилтийн корпорацитай зээлдэгч Д.А нарт санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байтал ОССК-ын итгэл найдварыг эвдэж үндсэн зээл болон зээлийн хүүний төлбөрийг гэрээ болон өөрийн гаргаж байсан хүсэлтэнд заасан хугацаанд төлж барагдуулахгүйгээр банкыг хохироож байна. Банк зээлдэгч Намнансүрэнгийн Сэржмятав, Пүрэвдоржийн Далхжав нарт удаа дараа зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж төлбөрөө төлж барагдуулах мэдэгдэл шаардлага өгч биечлэн уулзаж байсан нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлдэгч Намнансүрэнгийн Сэржмятав, Пүрэвдоржийн Далхжав нар нь зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 38.152.990 төгрөг, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 4.480.816, 68 төгрөг, нийт 42.633.806.68 төгрөг байна. Намнансүрэнгийн Сэржмятав, Пүрэвдоржийн Далхжав нар нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж нийт 588 хоногоор хугацаа хэтрүүлсэн, Төрийн банкны зүгээс гэрээгээ цуцалж байгаа тул зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн нийт 42.633.806.68 төгрөгийг зээлдэг Д.А нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.А нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зээлдэгч Д.А бид орон сууц санхүүжилтийн корпорацитай 2012 онй 9 дүгээр сарын 11-нд зээлийн гэрээ хийн 40.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлж авсан. 2016 оны 5 дугаар сарын 13-нд гаргасан Төрийн банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа ба тухайн зээлийг төлж барагдуулна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Д.А нараас зээлийн төлбөр 42.633.806 /дөчин хоёр сая зургаан зуун гучин гурван мянга найман зуун зургаа/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Д.А нар нь ....Төрийн банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа ба тухайн зээлийг төлж барагдуулна.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан, хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид 371.119 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А нараас 185.559 төгрөг, улсын орлогоос буцаан 185.559 төгрөг гаргуулж Төрийн банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлага зээлийн төлбөрт нийт 42.633.806 /дөчин хоёр сая зургаан зуун гучин гурван мянга найман зуун зургаа/ төгрөгийг хариуцагч Д.А нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 371.119 /гурван зуун далан нэгэн мянга нэг зуун арван ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А нараас 185.559 /нэг зуун наян таван мянга таван зуун тавин ес/ төгрөг, Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 185.559 /нэг зуун наян таван мянга таван зуун тавин ес/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ