Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгч С.Т нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  С.Т-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

С.Т

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Яллагдагч С.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сайншанд сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Номин супермаркет дэлгүүрийн лангуун дээр иргэн А.А-ийн гээгдүүлсэн Самсунг Жи 7 /SAMSUNG G7/ маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж 400 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Эзэн нь мэдэгдэхгүй байгаа юм чинь авъя гэж бодсон.Хууль сайн мэддэггүй...Хохирлоо төлж барагдуулсан...Эхнэртээ аваачаад өгчих гэхэд чадахгүй гэсэн би өөрөө завгүй байсан юм... Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Би сард 1 200 000 төгрөгийн орлого олдог. Эхнэр ажилгүй, гэр бүлийн орлого надаас шалтгаалдаг.450 000 төгрөгийн торгуулийн ялыг би 3 сарын хугацаанд төлөх чадвартай, хэрэв чадахгүй бол хуулийн дагуу дараагийн арга хэмжээг авч болно...”  гэв,

 

Хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 20 цагийн орчим Номин супермаркет дэлгүүрт үйлчлүүлж яваад хүнсний тасагт нь шилэн хөргөгчтэй зайрмагны хөлдөөгч дээр Самсунг галакси жи 7 маркийн гар утсаа орхиж яваад эргэж очоод авах гэсэн чинь байхгүй байсан... Би гар утсаа гээсний дараа өөрийн дугаар луу хоёр гурван удаа залгаж үзсэн утас дуудаад авахгүй байсан тэгээд сүүлдээ холбогдох боломжгүй болчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-18 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 сарын 05-ны өдөр Номин хүнсний дэлгүүрт нөхөр хүүхдийн хамтаар орж юм авсан юм. Тэгэхэд манай нөхөр Т хүний гар утас олоод авсан юм билээ... Би тухайн гар утсыг нөхрийгөө шинээр авсан юм байх гэж бодоод өөрийнхөө гар утасны сим картыг хийж барьж байсан. Т-ыг хөдөө яваад ирсэний дараа асуухад тухайн утсыг Дорноговь аймагт байхдаа Номин хүнсний дэлгүүрээс олсон талаараа хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

 

Гэрч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр А 2017 оны 11 сарын 05- ны өдөр Номин хүнсний дэлгүүрт явж байгаад гар утсаа орхиод гарчихсан юм билээ. Тэгээд манай эхнэр Номин хүнсний дэлгүүрийн камерыг шүүгээд эрэгтэй хүн утас аваад гарч байгаа бичлэгийг хараад манай дүүгийн утсаар тухайн хүний зургийг нь аваад надруу явуулсан тухайн үед би Улаанбаатар хотод явж байсан юм би зургийг аваад Дорноговь зарын групп дээр энэ хүнийг таних хүн байна уу гэсэн утгатай пост бичиж зургийг нь тавиад өөрийнхөө дугаарыг үлдээсэн байсан чинь нэг залуу надруу утсаар яриад миний зургийг зар дээр тавьсан байна яасан юм бэ гэж асуухаар нь би манай эхнэр дэлгүүрт утсаа мартаад гарсаныг нь чи авсан юм билээ гэж хэлтэл тухайн залууд надад утсыг чинь маргааш өгнө одоо жоохон ажилтай явж байна зар дээр тавьсан постоо устгачих хөгшөөн гэж хэлсэн маргааш нь би тухайн залуугийн утас руу нь залгаад байсан утсаа аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Ашид билгүүн ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ДГО 734 дугаартай: “...Жи 7 маркийн гар утас 400 000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-ийн 30 дугаар хуудас/

 

Яллагдагч С.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би 2017 оны 11 сарын 05 ны өдөр эхнэр хүүхдийн хамтаар Номин супермаркет дэлгүүрт орж юм худалдаж авч явж байтал дэлгүүрийн хөргөгч дээр хар өнгийн самсунг маркийн гар утас байхаар нь тухайн гар утсыг авч гараад Улаанбаатар хотруу авч явсан... Би тухайн гар утсыг өөртөө ашиглах зорилготой байсан би гээгдэл эд зүйлийг хувьдаа ашиглах зорилготой байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 3-7 дугаар хуудас/,

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.

                         

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

                                                               

 Шүүгдэгч С.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сайншанд сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Номин супермаркет дэлгүүрийн лангуун дээр иргэн А.А-ийн гээгдүүлсэн Самсунг Жи 7 /SAMSUNG G7/ маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж 400,000 төгрөгний хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч  С. Т-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 400 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзахын зэрэгцээ түүний цалин хөлс, орлого олох боломж зэргийг дүгнэж торгох ялыг сонгож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож улсын орлого болгох нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 18 дугаар хуудаст хохирогч А.А нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч С.Т-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-ыг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С. Т-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь торгуулийн ялыг 3 / гурван / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож улсын орлого болгосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 / арван тав / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

6. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-ыг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  С.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА