Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2016/00651

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, бага боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн ............ сумын ................. дугаар багт оршин суух, ........................  дугаар регистртэй, Х  овогт

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2016/00466/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян хүсэлт гаргагч Г.М  нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.М  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай аав нас барж би ар гэрийн гачигдлаар 7 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарч Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд ээжийнхээ хамт үнээ сааж эхэлсэн. Ээж маань мянгат саальчин байсан. Би 1986 онд мориноос унаж бэртэл аваад группт орж байсан. Тухайн үед ажиллаж байсан хугацаандаа хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй, манай сумын контор 3 удаа шатаж, хамгийн сүүлд 1997 онд шатсан. Тэгээд манай сумын бүх хүмүүсийн ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний баримт болон бусад хадгалагдаж байсан баримтууд шатсан. Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа болж байгаа тул шүүхээр ажиллаж байсан жилүүдээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний Хөвсгөл аймгийн Цагаан-үүр сумын Цог нэгдэлд 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Г.М  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Г.М  Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, 1983 онд дуудлагын малын эмч Төмөр, хүний эмч Ариунаа нарын хамт авахуулсан гэрэл зураг, 1983 онд саальчдын зүүн заводад сүү тушааж байх үедээ авахуулсан гэрэл зураг, 1985 оны саальчдын хурал зөвлөгөөний үеэр хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг, гэрч Д.Д-ын  ...Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. 1980 оны 6 сард илгээлтээр гарч ээжийнхээ хамт үнээ саадаг байсан. 1986 он хүртэл ажилласан... тасралтгүй ажиллаж байсан... тэр үед 7-р анги төгсөөд сургуульд суухгүй бол эцэг, эх дээр нь мал дээр гаргадаг байсан. Тэгээд эмэгтэй хүүхэд бол саальчин, туслах малчин болж тухайн өрхөд саалийн үнээ болон мал нэмж өгдөг байсан... ажиллаж байх хугацаандаа үнээ саадаг, саальчин байсан... Би Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1960 оноос хойш жолоочоор ажиллаж байсан. Нэгдэл тартал ажилласан. 1991 он хүртэл тасралтгүй жолоочоор ажилласан. ЗИЛ-164, ГАЗ-53, УАЗ-469 машин барьж байсан. Нэгдлийн болон намын даргын жолоочоор сумандаа ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч О.Н-ийн ...Г.М  нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1980 оны 06 сараас 1987 он хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан. 15 үнээ саадаг байсан... тасралтгүй ажиллаж байсан... тэр үед 15 настай, 7-р анги төгсөөд мал дээр гарч байсан. 1980 онд 15 настай байх нь зөв л дөө, тэгээд ажил хийдэг байсан... саальчнаар л ажиллаж байсан... Би Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1979 оны 06 сараас 1988 он хүртэл саальчнаар ажиллаж байсан. 1989 он хүртэл ажиллаж байгаад сургуульд сурахаар явсан. 1980 оноос 1987 он хүртэл Г.М тай хамт ажиллаж байсан... сүүний тасгаар сүүгээ өгөөд хамт л гүйлдэж явсан... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Г.М ын ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй, ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбар шатаж устсан болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Тус аймгийн Цагаан Үүр сумын Цог нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Г.М д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/212 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Манай сумын захиргаа, нэгдлийн контор 1976, 1983, 1997 онуудад шатаж архив болон холбогдох албан тушаалтан хүмүүст хадгалагдаж байсан тус сумын иргэн Г-ын М  бичиг баримтууд шатсан тул цалингийн тодорхойлолтыг гаргаж өгөх боломжгүй гэх бичилттэй 03/03 тоот тодорхойлолт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газрын контор нь 1997 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр шатаж төрийн өмчид 1737205 төгрөгний хохиролтой гал түймрийн хэргийг шалган эрүүгийн хэрэг үүсгэж прокурорт шилжүүлсэн нь үнэн болно гэх тодорхойлолт, гэрч Д.Д-ын  ...манай сумын захиргаа контор 3 удаа шатсан. Оныг нь санахгүй байна, нэгдэл байхад хоёр ч удаа шатсан, сүүлд 1990 оны дундуур мөн шатсан. Тэгээд бичиг баримт гээд байх юм байхгүй болсон юм гэсэн. Нутгийн хүмүүс бичиг баримт байхгүй, шатсан гээд намайг гэрчийн мэдүүлэг өгүүлэхээр их гуйдаг юм... гэх мэдүүлэг, гэрч О.Н-ийн ...манай сумын захиргаа 3 удаа шатсан. Тэгээд улсуудын хамаг юм шатчихсан гэсэн... гэх мэдүүлэг хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х  овогт Г-ын М  Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА