Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2016/01119

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ******* тоотод оршин суух Б.А ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын *** оршин суух Б.А  холбогдох,

16.000.000 /арван зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2016/01016/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.А  нь Д.А тай гэрээ хийж мод модон материал авахаар урьдчилгаа мөнгө болох 13 сая төгрөг ХААН банкинд **** дансанд 2013 оны 03-р сарын 16-ны өдөр шилжүүлсэн. Миний өгсөн мөнгө нь банкнаас 2,7 хувийн хүүтэй зээлээр авсан мөнгө учир өдий хүртэл хүүгээ төлж байна. Өгсөн 13 сая төгрөг, 3 жилд 29 сая 295.740 төгрөг болж би банкинд төлж байна. ******* 2015 оны 12-р сарын 05-ны өдөр гэрт нь очиж уулзаад учир байдлаа хэлэхэд би таны мөнгийг өгнө 16 сая болгоод өгнө, 5 хоногийн дотор өгнө одоо гэрээ хийе гээд тухайн үед гэрээ хийж гарын үсэг зурсан. Утсаар ярих болгонд өгнө гэдэг одоо бол утсаа авахаа байсан. Гэрээ нь бол 16 сая төгрөгт бодоод мод банк бэлдүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл гэрээний хугацаа дуусаад 5 сар гаран болж байна. Иймд би гэрээнд заасны дагуу 16 сая төгрөг, үүн дээр нэмээд гэрээний 6-р зүйлийн 6-12-д заасны дагуу өдрийн 0.5 хувийн алданги тооцож 9 сая 480.000 төгрөг нэмж, нийт 25 сая 480.000 төгрөг нэхэмжлэхээс 16.000.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 11.500.000 төгрөгийг төлж эвлэрэх тухай саналыг хүлээж авлаа. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.

Хариуцагч Д.А  шүүхэд гаргасан тайлбартаа: ...Д.А  нь 2013 онд надтай гэрээ хийж 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн модон материал /бэлдэц/ авахаар тохирч урьдчилгаа болох 13.000.000 төгрөгийг миний эхнэр ** Хаан банк дахь харилцах дансаар шилжүүлсэн нь үнэн. Энэ 13 сая төгрөнд тохируулан тухайн үеийн ханшаар тооцож захиалгат модон материалыг бэлтгэсэн. Энэ тухайгаа захиалагч Д.А т утсаар мэдэгдсэн Д.А  нь хүний урманд ирж үзээ ч үгүй. Тухайн хүн энэ хүн /Айбек/ хятадуудтай тохиролцон хөрөнгө оруулалт хийж Б.Н.Х.А.У руу модон материал гаргаж бизнес хийж байгаад хятад хүмүүстээ залилуулж бизнесийн эрсдэлд орж хохирсон байсан. Энэ тухайгаа надад ярихдаа Би зах зээлийг судалж үзлээ. Энэ чиглэлд ажиллах нь надад ашигтай байна. Би энэ чиглэлийг сонгон ажиллахаар боллоо гэсэн. Д.А  нь захиалсан бүтээгдэхүүнээ тохирсон хугацаандаа ирж аваагүйгээс уг бүтээгдэхүүн нь агаар, чийг, ус, халалт гэх мэт байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр өнгө байдалд нь тодорхой өөрчлөлт орсон. Миний хувьд захиалагчийн өгсөн захиалгын дагуу /хэмжээ, шинж байдал гэх мэт/ бүтээгдэхүүнийг бэлтгэсэн учир бусад хүнд зарцуулах эрхгүй, тийм ч боломжгүй. Д.А  нь дээрх 13 сая төгрөгөөс 1.500.000 төгрөгийг буцааж авсан. Би Айбект 16 сая төгрөг өгнө гэж огт хэлээгүй. 2015 оны 12 дугаар сарын 05-нд гэрээ хийхдээ бэлэн мөнгө өгнө гэж тохиролцоогүй бодон бүтээгдэхүүнээр 11.500.000 төгрөгийн хариу төлбөрийг хийхээр тохиролцсон. Иймд Д.А ийн нэхэмжлэлийг 11.500.000 /арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн хэмжээнд шийдвэрлэн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие анх 2015.12.05-ны өдрийн тохиролцоогоор зөвшилцсөний дагуу дээрх үнийн дүнд тохирсон модон материалыг бэлтгэн өгөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй 11.500.000 төгрөгөөр эвлэрье гэж ярилцсан. Нэхэмжлэлд дурдсан 13.000.000 төгрөгийн хүүний талаар хүүгийн хариуцлага тооцно гэсэн баримт байхгүй. Мөнгөний хэмжээ 11.500.000 төгрөгт эвлэрэх саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А  нь хариуцагч Д.А т холбогдох, 16.000.000 /арван зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцсон тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж 11.500.000 /арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.А ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237.900 /хоёр зуун гучин долоон мянга есөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А аас 11.500.000 /арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгт тохирох тэмдэгтийн хураамж 198950 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Д.А ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А т холбогдох 16.000.000 /арван зургаан сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 11.500.000 /арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237.900 /хоёр зуун гучин долоон мянга есөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А аас 198.950 /нэг зуун ерэн найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН