Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2016/00653

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Хөвсгөл аймгийн ................ сумын ........... дүгээр багт оршин суух, ....................... дугаар регистртэй, Б  овогт С-ийн С

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 155/2016/00450/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонбаяр, хүсэлт гаргагч С.С  нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.С  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарыг дуустал саальчнаар ажиллаж байсан. 7 дугаар анги төгсөөд сургуулиас гарч ээжийн хамт үнээ сааж байсан. Тухайн үед мал маллахаар бол сургуулиас хэзээ ч хамаагүй гарч болдог байсан бөгөөд бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн 8 дугаар анги төгссөн гэрчилгээг сүүлд сургуулиас авч авсан. Манай сумын захиргаа 2-3 удаа буюу хамгийн сүүлд 1997 онд шатсан тул миний ажиллаж байсан үеийн цалин хөлс авч байсан болон бусад баримт олдохгүй байна. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл Цог нэгдэлд ажиллаж байсан жилүүдээ шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд миний Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

С.С  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч С.С  Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлээс 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдөр С.С д олгосон 01. 1981 оны 5 сарын 01. Цог нэгдлийн 1-р бригадад саальчнаар ажиллуулав. Цог нэгдлийн даргын 1981 оны 5-р сарын 01-ний 31-р тушаал. 02. 1992 оны 01 сарын 15. Цог нэгдлийн 1-р бригадын саальчны үүрэгт ажлаас чөлөөлөв. Цог нэгдлийн даргын 1992 оны 01-р сарын 15-ны 05-р тушаал... гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, 1981 онд илгээлт авсан найзуудын хамт авахуулсан гэрэл зургууд, 1983 оны Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн сайн малчдын зөвлөгөөнд оролцохдоо авахуулсан гэрэл зураг, 1985 оны саальчдын зөвлөгөөнд оролцохдоо авахуулсан гэрэл зураг, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны дүгээр сарын 20-ны өдрийн Цог нэгдлийг хувьчлах тухай 42 дугаартай тогтоолын хуулбар, гэрч Г.М-ын  ...С.С  нь миний дараа жилийн сургуулийн төгсөгч бөгөөд 1981 онд 7-р анги төгсөж байсан юм...Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1981 оны 5 дугаар сараас 1990 он хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан. Бид нэг үеийн хүүхдүүд бөгөөд хамт нэгдэлд ажиллаж хөдөлмөрлөж байсан... тэр үед 15 настай, 7-р анги төгсөөд мал дээр гарч байсан... саальчнаар ажиллаж байсан... Би Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1980 оны 6 сараас 1986 он хүртэл саальчнаар ажиллаж байсан... С.С  нь нэгдлийн үнээ саадаг байсан. Би нэгдэлд 1986 оноос хойш ажиллаагүй ч байнга сумандаа хувийн малаа маллаж амьдарч байсан. Хэн, хаана ямар ажил хийдэг талаар сумын хүмүүс бүгд л сайн мэддэг байсан... С.С тэй 1985 онд саальчдын зөвлөгөөнд оролцсон зураг байгаа... манай сумын захиргаа шатсан учир ажиллаж байсан үеийн баримт олдохгүй байгаа юм... гэх мэдүүлэг, гэрч Б.Баасандалайгийн ...С.С  нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1981 оны 5 дугаар сараас 1992 оны 4 сард Цог нэгдэл тарах хүртэл саальчнаар ажиллаж байсан... бид хамт 1981 оноос нэгдэлд ажилласан... дан саальчнаар ажиллаж үнээ саадаг байсан... Би 1981 оны 6 сараас Цог нэгдэлд 1984 он хүртэл саальчин хийж байгаад Цагаан-Үүр сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярав худалдагчаар 1984 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан... бид нэг ангийн хүүхдүүд. Байнгын холбоотой захиа хүргүүлдэг байсан. Нэг сумандаа нэг дор байсан учир тэр тэнд, энэ энд ажиллаж байгаа гээд мэддэг байсан... С.С тэй 1981 онд сургуулиас гарч нэгдэлд очиж байсан хүүхдүүдийн хамт авахуулсан зураг байгаа... манай сумын захиргаа контор шатаад бичиг баримт олддоггүй юм билээ... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

С.С ийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүйажиллаж байсан үеийн баримт материал шатаж үрэгдсэн болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Тус аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул С.С д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/211 тоот тодорхойлолтХөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Манай сумын захиргаа, нэгдлийн контор 1976, 1983, 1997 онуудад шатаж архив болон холбогдох албан тушаалтан хүмүүст хадгалагдаж байсан иргэн С-ийн С  бичиг баримтууд шатсан тул цалингийн тодорхойлолтыг гаргаж өгөх боломжгүй гэх бичилттэй 03/45 дугаартай тодорхойлолт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газрын контор нь 1997 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр шатаж төрийн өмчид 1737205 төгрөгний хохиролтой гал түймрийн хэргийг шалган эрүүгийн хэрэг үүсгэж прокурорт шилжүүлсэн нь үнэн болно гэх бичилттэй тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б  овогт С-ийн С  Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА