| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00761/И |
| Дугаар | 155/ШШ2016/00654 |
| Огноо | 2016-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 155/ШШ2016/00654
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1964 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн .......... сумын ............... дүгээр оршин суух, Т овогт Д-ын Ц /......................../-ын
Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 155/2016/00761/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.Ц нь Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хоньчноор элсэн орсон юм. Хөдөлмөрийн дэвтэр авахад миний нэрийг Ч гэж бичсэн байдаг. Тухайн үед анзаарч хэлж байсан боловч хэрэгсэхгүй өнгөрсөн. Мөн Ардын зориг нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр дутуу бичигдсэн, тамга тэмдэг дарагдаагүй зэргээс миний нгэдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна. Иймд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Д.Ц мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн Ардын зориг нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Д.Ц ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц нв Д-ын Ц гэдэг нэртэй хүн боловч тухайн ед хөдөлмөрийн дэвтрийг нээж олгохдоо Д-ийн Ч нэртэй олгож байсан юм. Үүнийг зөвтгөж өгнө үү. Ц нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 02 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Ц нь хөдөлмөрийн дэвтрийн буюу эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаварыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлээс 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэрт Д-ийн Ч гэж бичсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Д овогтой Ц мөн болох нь Д-ийн Ц ын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д-ийн Ц ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.Б , Д.О нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн Д.Ц нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 02 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Ц нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 02 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь Д овогтой Ц т Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлээс 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Д.Б , Д.О нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлээс 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Т овогт Д-ын Ц /......................../ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Д-ийн Ц ын Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 02 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Ц ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН