Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгч Б.М нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б.  М-д холбогдох эрүүгийн .....дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Б.М

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 6 дугаар баг Ханги хилийн боомт дээр иргэн Б.Ө-ы нуруун тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хоёулаа нэг 0.5 граммтай архи хувааж уусан байсан...Ө гараад ир гэсэн. Нааран дээр хутга байсан. Аваад айлгая гэж бодсон... Багаасаа нэг нэгнийгээ таньдаг байсан. Энд тэнд явж байгаад таардаг болохоор мөнгө нэхэмжлээгүй байх...гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М-г пизда минь наашаа гараад ирээч гэж хэлсэн чинь өөдөөс ирж байхдаа хутга барьчихсан байхаар нь би эргээд гарч зугтаах үед таварцаглаад газар доош харж унахад миний дээрээс хутгаар хатгачихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

 

Гэрч Ө.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М манай гэрийн хүрэн иштэй жижиг хутгыг нааран доороос авч байхыг би харсан. Тэр үед Ө гараад ир гэж хэлэх үед М гэх хүн гарч очих үед Ө цаашаа зугтаасан чинь М араас нь гүйж очтол Ө бүдэрч унаад М Ө-ы нуруу орчимд нь хутгалчихсан.Тэр үед би хүн аллаа шдээ гэж хашгирсан чинь Ө би өвөө байна шдээ гэж хэлсэн чинь М зүгээр болсон.Тэр үед Ө зугтаагаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Очтол Ө газар уначихсан М гэгч нь хөлний орчимд нь доош харж унасан байдалтай байсан ба хаалганы гэрэлд М гэгч хутга шиг зүйл барьчихсан байгаа харагдаж байсан...Ө-ы хутгалуулсан хэсгийг нь харсан чинь нурууны орчимд нь хатгасан юм шиг шарх байсан ба цус гарчихсан байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Яллагдагч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн өгсөн: “...Үүднээс Ө намайг гараад ир гэж дуудахаар нь наарны дор харагдаж байсан хүрэн өнгийн иштэй, ойролцоогоор нийт 10 см хэмжээтэй жижиг хутгыг шүүрч аваад гарч очиход Ө зугтаахаар нь би араас нь хөөтөл Ө бүдрээд газар унахад би мөн дээрээс нь бүдэрч унаад Ө-ы нуруунд нь уг хутгаараа хутгалчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаартай: “...Б.Ө-ы биед нурууны шарх, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-66 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 6 дугаар баг Ханги хилийн боомт дээр иргэн Б.Ө-ы нуруун тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Х овогт Б. М-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа  өөрийн гэм буруугаа сайн дураа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос уучлалт гуйж гэм буруугийн талаар маргаангүй болон түүний сарын орлого зэргийг харгалзан хуульд заасан торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж үзлээ

 

Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хавтас хэргийн 08 дугаар хуудаст хохирогч Б.Ө-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул Б.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт хохирол нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор шүүгдэгч  Б.М-н эзэмшлийн Хайер / HAIER/ маркийн 32 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 01 сарын 29-ний өдрийн 5/05 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.  М-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгуулийн ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 / арван тав /нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүгдэгч Б.М-ийн эзэмшлийн Хайер / HAIER/ маркийн 32 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 01 сарын 29-ний өдрийн 5/05 дугаартай тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                            Н.АДЪЯА