Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/07

 

 

 

Т.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Т даргалж, шүүгч О.О, Г.Тэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор Ч.О

Шүүгдэгч Т.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Д, Ц.Цэ

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б

Нарийн бичгийн дарга Б.Н нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М даргалж, Б.Т, З.У нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Д, Ц.Ц нарын гомдлоор шүүгдэгч Т.Бд холбогдох 2222000000167 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Тын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Д овогт Тийн Б, 1985 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн С суманд төрсөн, 38 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Д сумын .-р баг Б гэх газарт оршин суух, сумын сайн малчин шагналтай, урьд ял шийтгэлгүй, РД://.

Т.Б нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Д сумын  дүгээр баг “Б” гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13-14 цагийн орчимд өөрийн гэртээ /монгол гэр/ иргэн Т.Аг биеэ хамгаалж чадахгүй согтсон байхад нь боож алсан гэмт хэрэгт холбогджээ.

 Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Д овогт Тийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж,  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баатарбавуугийн цагдан хоригдсон 113 /нэг зуун арван гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож хасаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн дээл 1 ширхэг, шар өнгийн бүс 1 ширхэг, хул шар өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн фодволк 1 ширхэг, хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн оймс 1 хосыг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Бд буцаан олгож, малын үс ноосоор томсон уяа 1 ширхэг, амь хохирогчийн гарын алганаас авсан арчдас, 10 хурууны хумс зэргийг устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн Тамгын газарт шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, түүнийг гэм буруутайд тооцон 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч миний зүгээс Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэн шүүгдэгчид хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хорих ял оногдуулах саналыг гаргасан хэдий ч шүүх хүлээн аваагүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна хохирол, хор уршгийн шинж чанар”-г харгалзан үзнэ гэж заасан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас эрсэдсэн байх тул шүүгдэгчид дээрх хуульд зааснаар ял оногдуулах боломжгүй байна гэж дүгнэсэн.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,4-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах’’-аар заасан.

Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 9 сарын 30-ны өдөр болсон үйл баримтаас хойш цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд талийгаачийн оршуулгын зан үйл, түүнд зарцуулагдах хохирол, төлбөрийг Т.Бийн эхнэр Б.Т, төрсөн ах, эгч, дүү нар нь хариуцан өнгөрөөсөн байдаг. Түүнчлэн талийгаач Т.А нь шүүгдэгч Т.Бийн төрсөн ах нь бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Баас мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болохоо илэрхийлдэг.

Мөн Т.Б нь 2022 оны 9 сарын 30-ны өдрийн үйл баримт, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, өөрийн үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны шатнаас тогтвортой мэдүүлж ирсэн. Өөрийн үйлдлийн улмаас уг хэрэг болоогүй гэж огт маргадаггүй. Харин гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал дээрх хэрэгт байгаа болохыг шүүгдэгчийн өмгөөлөгч нараас тайлбарлаж, мэтгэлцсэн.

Хэдийгээр шүүх Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар”-ыг харгалзахаас гадна “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал. шүүгдэгчийн хувийн байдал”-ыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр заасныг хэрэглээгүй нь үндэслэлгүй.

Мөн уг заалтын 1.4-т “гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол" ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар ерөнхий заалтаас тусгайлан зааж өгснийг шүүх хэрэглээгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Манай үйлчлүүлэгч Т.Б нь Дундговь аймгийн Д сумын -р багт эхнэр, хүүхдийн хамт мал маллан амьдардаг байсан, сумын сайн малчин бөгөөд сум орондоо нэр хүндтэй залуу малчин юм. Урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүйгээс гадна хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдлүүд нөлөөлсөн байдаг.

Иймээс Т.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэн оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.

... Хүний амь хохирсон үйл баримтыг хүлээн зөвшөөрнө. Бусад шаардлага буюу хувийн байдал, хохирол барагдуулсан нөхцөлүүдийг хангаж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг хэрэглэж өгнө үү. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажлыг бүрэн нотлоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн. Гэмт хэргийн сэдэл зорилгыг бүрэн тогтоогоогүй. Тухайн өдөр амь хохирогч Т.Бийн мотоциклыг авч сум орж архи авна  гэх үйлдэл гаргасан. Энэ үйлдлийг Т.Б хориглосон үйлдэл үргэлжилж байсан. Гэрч Нийн 2 дахь мэдүүлэгт талийгаачийн баруун хөлний баруун талд эвхдэг хутга байсан. Т.Б сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ энэ байдлыг маш тодорхой мэдүүлсэн. Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны тогтоол нь хуульд нийцэхгүй байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байна” гэв.

               Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шүүх дээрхи байдлаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх. тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал”, 1.3 дахь хэсэгт заасан "гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, 1.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болсон. Учир нь:

           Гэрч М.Нийн мэдүүлэгт ... 2022 оны 10 сарын 01-ний шөнийн 03 цагийн үед ах дүү нар нь ирсэн. Тэгээд сум руу явж цагдаа, эмнэлэг дуудахаар яваад цагдаа болон эмч нарыг авч ирж үзүүлээд буцааж хүргэж өгсөн. Тэгээд бид гэр доторхи зүйлсийг гаргаад талийгаачийг гэрийн голд байрлуулаад хаалгыг  нь уясан. Өглөө 08 цагийн үед сумын цагдаа, төлөөлөгч хоёр  ирээд аймгаас бүрэлдэхүүн гарсан гэж хэлсэн /хх-ийн 35 хуудас/ гэж мэдүүлжээ. Гэрчүүдийн мэдүүлгээр, сумын цагдааг ирэх үед гэрийн доторхи эд зүйлсийг хөдөлгөөгүй байсан болох нь нотлогддог бөгөөд харин цагдаагийн алба хаагч ирсэн даруйдаа хэргийн газрыг хамгаалаагүй нь амь хохирогч нь Т.Б руу халдахаар хутга барьж дайрсан гэх үйлдлийг нотлох боломжгүй болгожээ. Мөн гэрч М.Нийн мэдүүлэгт ... бас тэр үед талийгаачийн баруун талын хөлнөөс дээхнэ талд эвхээтэй хүрэн иштэй, жижгэвтэр хутга байж байсан. Б болохоор энэ үед гэрийн зүүн талд орны наана зогсож байсан ... тэр хутгийг талийгаач өөртөө байнга авч явдаг хутга байсан, би урьд өдөр нь тэр хутгаар мал янзлаад талийгаачид буцаагаад өгсөн ... гэх мэдүүлгүүдээр, шүүх хуралдааны явцад болон мөрдөн байцаалтад Т.Бийн мэдүүлсэн ... ах бид хоёр 2008 оноос хойш хамт амьдрахдаа ах, над руу 4 удаа хутга барьж дайрч байсан.Тэгэхдээ 3 удаа дээл, хүрмийг хутгаар зүсэж бас нэг удаа миний баруун талын хөмсөг дээр зүссэн. Ах миний хөмсгийг хутгаар зүсэх үед хажууд төрсөн эгч А, түүний нөхөр Х, Н бас байсан. Сорви  нь одоо энэ байна. /шүүхэд мэдүүлэг өгөхдөө зүүн нүдний хөмсөгний дээд хэсэгт байх сорвийг харуулсан/. Саяхан бас 9 сарын 18-ны өдөр айлын унага тамга дээр талийгаач хүрч очоод “чи намайг хаячихаад тэнээд явлаа” гээд ууц нуруу руу учиргүй өшиглөж зодсон. Тэр үед Сийн эхнэр С “боль” гэж хэлээд болиулж байсан. Ах үргэлж агсам тавьж байдаг учир би хөл муутай босч чадахгүй болохоор тухайн үед болгоомжлоод би нүднийхээ булангаар ахыг сэмхэн харзнаад сууж байтал ах над руу хутга бариад босоод ирэхэд нь би хагас босоод ахыг дарж унагаагаад дарчихсан. Би ахыгаа алчихна чинээ даанч бодоогүй, ийм хурдан боогдоод үхнэ гэдгийг би мэдээгүй. Би өөрийгөө хамгаалах гэж байгаад ахыгаа ийм болгочихлоо ... гэх мэдүүлгээр амь хохирогч нь хутга барьж дайрсан болох нь давхар нотлогдож байна. Түүнчлэн шүүгдэгч өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй гэж хуульчилсан хэдий ч тухайн үеийн болсон үйл явдлыг мэдүүлсэн түүний мэдүүлэгт дурьдсан үйл баримтуудыг шалгах ажиллагаа огт хийгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд”нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, мөн хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл: болсон үйл явдлын талаар дээрхи нэр бүхий гэрч нараас мэдүүлэг авах ажиллагааг хийж, бодит байдлыг бүрэн нотолсны эцэст хэргийг зөв зүйлчлэхэд нөлөөлөх учир зайлшгүй хийгдэх ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн зорилго болох Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх эрх чөлөөг хамгаалах үндэс болно.

Мөн мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүйгээр шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” байх хууль ёсны зарчим алдагдсан.

Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”,1.4 дэх хэсэгт заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэх заалтуудыг зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн" гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.1-т заасан аргагүй хамгаалалт хийсэн байна гэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан учраас энэ зүйлчлэлээр шийдвэрлэж өгнө үү... Энэ хэргийг шийдвэрлэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа нь цагдаагийн алба хаагчдын буруутай үйлдлээс бий болсон. Тухайн хэргийн газрыг хамгаалаагүйгээс болоод хутга байсан үгүйг тогтоож чадаагүй. Амь хохирогч үргэлж хутгатай явдаг. Өмнө нь Т.Бийн эрх чөлөөнд удаа дараа халдаж байсан. Энэ байдлыг гэрчлэх өчнөөн гэрч байна гэж хэлсээр байхад өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэггүй гэдэг байдлаар хандсан нь эрүүдэн шүүж байгаагийн нэг хэлбэр. Хэрэв шүүх аргагүй хамгаалалт биш гэж үзэхээр бол хийгдвэл зохих ажиллагааг хийсний дараа шийдвэл хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гарна. Аргагүй хамгаалалтыг Улсын дээд шүүхийн 2017 оны 05 сарын 11-ний өдрийн тогтоолд аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Харин  довтолгоо төгссөн хойно хийсэн үед аргагүй хамгаалалтад тооцохгүй гэж тодорхойлсон. Энд аргагүй хамгаалалт хийсэн үү? төгссөн дараа нь хийж байна уу? гэдгийг Т.Б хэлдэг. Ахын энд хутга байдаг шүү гээд нүднийхээ булангаар хараад сууж байхад ах боссон тэр үед миний хөл өвчтэй байсан учраас би эргэж хагас босоо байдлаас ахыгаа дарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх,  аргагүй хамгаалалт бий болсон байна гэж шийдвэрлэх нь хуульд нийцсэн зөв шийдвэр гарна” гэв.

 Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Би ахынхаа амь насыг хөнөөе гэж бодоогүй. Харамсаж байна гэв.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хоёулаа миний төрсөн дүү нар. Бидэнд төсөөлж баршгүй зовлон тохиолоо. Ээж, аав, ах  минь өнгөрсөн, хоёулаа үлдсэн. Миний дүү архи дарс уудаггүй. Т.Бийн зан байдлыг мэднэ. Гэрийн хүмүүжлийн хувьд бие биеэ хороочих хүн биш. Дүүгийн минь цаашдын амь амьдралд зөв шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэлтэй байна гэв.

   Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр 4,4 хувийн спирт илэрсэн. Ийм байдалтай хүн биеэ хамгаалах, ухамсарлах чадваргүй гэдгийг шинжээч мэдүүлсэн. Үүнийг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 659 дугаартай тогтоолоор хохирогч биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж гэсэн ойлголтод хүчтэй мансуурсан, согтуурсан бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсныг ойлгоно гэж тайлбарласан. Үүнээс үзэхэд биеэ хамгаалах чадваргүй байсан гэж дүгнэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанаар Товогтой Бд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянав.

            Шүүгдэгч болох Довогт Тийн Б нь Дундговь аймгийн Д сумын . дүгээр багийн нутаг “Б” гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн гэртээ иргэн Т.Аг биеэ хамгаалж чадахгүй байхад нь боож алсан хэрэгт холбогджээ.

            Т.Бийн холбогдсон хэрэгт аймгийн прокуророос мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид 8 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Энэхүү шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Д эс зөвшөөрч давж заалдсан гомдолдоо: “... шүүх эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар”-ыг харгалзахаас гадна “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн хувийн байдал”-ыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр заасныг хэрэглээгүй нь үндэслэлгүй...” гэсэн ба мөн ...эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тусгайлан зааж өгснийг  хэрэглэхгүй байгаа нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна” гэсэн бол өмгөөлөгч Ц.Ц гомдолдоо: “шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...  зэрэг нотолбол зохих нөхцөл байдлыг нотолсон эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулсан... зэрэг болон бусад нөхцөл байдлуудыг дурьдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэж хүсжээ.

            Шүүгдэгчид оногдуулсан зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Монгол Улсын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн ял оногдуулсан байх бөгөөд хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилго, хандлага, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд хариуцлага тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрлэлт нь хууль ёсны дагуу байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийж гаргасан шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Нэгэнт хэргийн зүйлчлэлийг анхан шатны шүүхээс өөрчлөн шийдвэрлэсэн бөгөөд прокурор үүнийг эсэргүүцээгүй байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрлэлт хууль ёсны дагуу болжээ гэж дүгнэв.

            Анхан шатны шүүх ял оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан ялын доод хэмжээг баримтлан 8 жилийн хорих ял оногдуулсан байх бөгөөд шүүх шийтгэх тогтоолын үндэслэлдээ ... шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дгээс Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хорих ял оногдуулж өгнө үү гэснийг хүлээн авах үндэслэлгүй ... учир нь ... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзнэ гэсэн бөгөөд хүний амь эрсэдсэн байх тул ... зүйл ангийн хорих ялын доод  хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжгүй гэжээ.

            Энэхүү хэргийн шүүгдэгч Т.Б нь өөрийн гэмт үйлдлээ мөрдөн шалгах ажиллагааны эхний үеэс тогтвортой мэдүүлж байсан бөгөөд ахыгаа алах санаа зорилго байгаагүй, амь хохирох  зүйл болно гэж бодоогүй гэдгээ мэдүүлж байжээ.

Хэргийн болсон нөхцөл байдлаас үзэхэд гэрч Н “Т.Б ахтайгаа мотоцикль авч явж архи уух гэсэн асуудлаас болж маргалдаад ахыгаа дээрээс нь дарж байснаа ах болохоо байлаа гэж босож ирсэн” гэж тодорхой мэдүүлжээ. Энэхүү хэргийн хувьд хэдийгээр хүний амь нас хохирсон байгаа ч хэргийн холбогдогч хохирогч нар ах дүү байхаас гадна хохирол төлбөргүй гэсэн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс Т.Бийн хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг анхааран үзэж, оногдох ял хариуцлагыг хөнгөрүүлэн өгөхийг хүссэнийг хүлээн авах боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Тийн Бд оногдуулсан 8 жилийн хорих ялыг багасган хасаж, 6 жилийн хорих ял болгон өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолын дээрхтэй холбоотойгоос бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах шатанд цагдан хоригдсон 73 хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцов.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/..дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...” гэсний өмнө “Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан”  гэж нэмж, мөн 8 /найм/ гэснийг 6 /зургаа/ гэж, 4 дэх заалтын “8 /найм/” гэснийг “6 /зургаа/ гэж тус тус өөрчилж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.Бийн  2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                             Ш.Т

 

                                                                        ШҮҮГЧИД                            Г.Т

 

                                           О.ОД