Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2016/00661

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9-д байрлах Ж  хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт оршин суух Ц-хан  овогт Ш-ын Э /................../-д холбогдох,

37.739 /гучин долоон мянга долоон зуун гучин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч 155/2016/0475/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ж  хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шугар овогтой Э  нь 2009 оны 10 сарын 13-ны өдөр манай компанитай 98988536 дараа төлбөрт үйлчилгээний дугаарын хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан юм. Хэрэглэгч Ш.Э  нь дээрх дугаарыг тодорхой хугацаанд ашиглахдаа нийт 55.159.54 /тавин таван мянга нэг зуун тавин есөн төгрөг, 54 мөнгө/ төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. ...Уг төлбөрөөс барьцаа 30.000 төгрөгийг хасч гэрээний 5.15-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3% алданги тооцож нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу 884 хоногийн 12.579.77 төгрөгийн алдангийн хамт, нийт 37.739.31 /гучин долоон мянга долоон зуун гучин есөн төгрөг 31 мөнгө/ төгрөгийг хэрэглэгч Ш.Э ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г   шүүхэд гаргасан тайлбартаа: Шугар овогтой Э  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу ярианы төлбөрөө төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Ж  хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ш.Э эд холбогдох 37.739 /гучин долоон мянга долоон зуун гучин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж  хязгаарлагдмал хариуцлагатай компаний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ш.Э-д холбогдох 37.739 /гучин долоон мянга долоон зуун гучин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Ж  хязгаарлагдмал хариуцлагатай компаний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж  хязгаарлагдмал хариуцлагатай компаний Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ