| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00686/И |
| Дугаар | 155/ШШ2016/00664 |
| Огноо | 2016-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2016/00664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ………. сумын …….. дугаар багт оршин суух Б овогт О-н Э /......................../-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2016/0686/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1978 онд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 8 жилийн сургууль төгсөж улмаар МХЗЭ-ийн илгээлтээр хөдөө гарч 1979 оны 6-р сарын 06-наас 1989 оныг дуустал Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон болон гарсан тушаал архиваас олдохгүй байгаа тул 1978 оны 6 сарын 6-аас 1989 оныг дуустал Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.
О.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би ...алслагдсан суманд амьдардаг, мал харах хүнгүй, нааш цааш явах боломжгүй байгаа тул шүүх хуралдаан оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч О.Э нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1979 оны 6 дугаар сарын 01-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын архиваас түүвэрлэсэн О.Э ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, О.Э т Ринчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн зөвлөлөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон Баярын бичиг, 1987 оны 2 дугаар сарын 19-ний өдөр олгосон Баярын бичиг, Ринчинлхүмбэ сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1988 оны 7 дугаар сарын 11-ний өдөр олгосон Баярын бичиг, гэрч Б.Б гийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: ...О.Э Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 3 дугаар бригадад 1978 оноос 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч О.П-ийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: ...О.Э Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 3 дугаар бригадад 1978-1989 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч О.Э ийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1978 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1979 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч О.Э нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт О-н Э /......................../-ийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1978 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1979 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч О.Э ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ