Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/09

 

 

М.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О даргалж, шүүгч Р.М, Ш.Т нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор О.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Да

Нарийн бичгийн дарга Б.Ннарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.У даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дийн давж заалдах гомдлоор шүүгдэгч М.Бт холбогдох 22220....  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Тын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1994 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн С суманд төрсөн, 29 настай эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Инноватик инженеринг ХХК-д инженер ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот .. дүүрэг .. дугаар хороо М.н ..тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, С овогт Мын Бр /РД:/.

Шүүгдэгч М.Б нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоуоtа саmгу” загварын 11-84 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/, 12.2, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Дундговь аймгийн С сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн Засаг даргын Тамгын газрын урд байрлах Чагдаржавын талбайн хашлагыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч У.Цийн эрүүл мэндэд сээрний 11 дүгээр нугалмын арын сэртэн, 12 дугаар нугалмын нумны хугарал, булчингийн няцрал, мөчдөд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч М.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт Мын Быг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С овогт Мын Бт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Бт шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг шүүгдэгчид мэдэгдэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, М.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч У.Цэ нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Шүүгдэгч М.Быг Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 3.7.а заалтыг зөрчсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний актыг зөрсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж, хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн...” гэж тус тус заасан.

Шүүгдэгч М.Б нь 2022 оны 10 сарын 12-ны орой айраг уусан гэж өөрийн гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг болон гэрч Б.Н, О.Бя, Х.Т нарын мэдүүлгээр тогтоогддог. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “согтууруулах ундаа ... хэрэглэсэн” гэж заасан байх бөгөөд М.Б нь хууль, журамд заагдсан “согтууруулах ундаа” хэрэглээгүй болох нь хэрэгт авагдсан дээрх баримтаар тогтоогдсон.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно” гэж, 4.1.1-д “согтууруулах ундаа” гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээг хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг ойлгоно” гэж тодотгон хуульчилжээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д “согтууруулах ундаа ...  хэрэглэсэн” бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан бөгөөд дээрх хуульд заасан “согтууруулах ундаа”-г шүүгч М.Б хэрэглээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Харин тухайн өдөр “айраг” уусан болох нь тогтоогдсон.

2. М.Б 2022 оны 10 сарын 12-ны орой айраг уусан гэдэг  бол 10 сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд уг осол гарсан байдаг. Гэтэл 2022 оны 10 сарын 13-ны өдрийн 11 цаг 03 минутад согтуурлыг багажаар шалгаж улмаар “М.Б нь 0.81 хувийн согтолттой” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 25-р тал/-ээр амьсгал дахь спиртийн хэмжээг тогтоосон.

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А131 дугаартай тогтоолоор батлагдсан “Жолоо согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ийн 1.6-д “гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж заасан. М.Бт холбогдох хэрэгт түүний согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг өөрөөр хэлбэл цусан дахь агууламжаар тогтоогоогүй нь бодит байдалд нийцээгүй...

М.Б 2022 оны 10 сарын 12-ны орой айраг уусан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1-д энэ хуульд заасан дараах нэр томьёог дор дурдсанаар ойлгоно гэж, 4.1.1-т согтууруулах ундаа гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи дарс шар айргийг ойлгоно гэж заасан. Энэ хуулийн нэр томьёонд айраг гэж тодорхой хуульчилж өгөөгүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн гэж хүндрүүлэн зүйчилсэн нь үндэслэлгүй байна. Эрүүл мэнд, спорт, хууль зүйн яамны сайдын тогтоолоор батлагдсан жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах журам үйлчилж байна. Энэ журмын 1.6 д гэмт хэргийн шинжтэй гэмт хэрэг гарсан үед жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно. Цусан дахь агууламжаар тогтоогоогүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой байна. Иймээс 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Тухайн үйл баримт болсон орой шүүгдэгч айраг гэдэг зүйлийг хэрэглэсэн баримт хэрэгт авагдсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж тайлбар хэлж байна. Хэрэгт авагдсан мэдүүлэгт айлын найранд шүүгдэгч байсан.  Айлын найранд хүн болгонд айраг, монгол архи, цагаан архийг хүн болгонд өгч байсан талаар мэдүүлгүүд хэрэгт авагдсан. Архи согтууруулах ундааны зүйл уугаагүй гэж мэдүүлдэггүй. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1-д согтууруулах ундаа гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи дарс шар айргийг ойлгоно гэж тодорхой тайлбарласан. Хуульд айраг гэдэг зүйл ороогүй гэж тайлбарлаж байгаа ч бүх нийтээр ойлгож нэгэн ижил хэрэглэдэг зүйлийг үгүйсгэж байна. Эрүүл мэнд спорт, хууль зүйн сайдын журамтай холбоотой асуудлыг тавьдаг. Тухайн хэрэг болсны дараа манай хүнээс согтуурлыг багажаар шалгахдаа цусаар тогтоогоогүй гэсэн гомдол гаргасан. Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах журам 1.6-д зам тээврийн осол гарсан үед зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно гэж заасан. Энэ нь зөвхөн гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осолд хамаарна. Анх гомдол мэдээллийг хүлээн авахдаа зөрчлийн гомдол мэдээллээр шалгагдсан. Хүний амь нас хохирсон тохиолдолд гэмт хэргийн шинжтэй тухайн журмын 1.3, 1.4- т стандартчиллын төв газраас баталгаажуулсан зориулалтын багаж ашиглана гэж журамласан. Цагдаагийн албан хаагч согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл авагдсан. Гэрэл зургийг фото зургийн аргаар бэхжүүлсэн. Тухайн жолоочийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үгүйг тусгай багажаар шалгаж тогтоосон. Мөн гэрэл зургийн хамт бэхжүүлсэн. Энэ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тодорхой ажиллагаа хийгдсэний дараа харьяаллын дагуу шилжиж ирсэн хугацаанд шүүгдэгчийн биеэс биологийн дээж авах нь үр дүнгүй ажиллагаа болно.

Хэрэгт авагдсан нотлох баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулсан. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/24 дугаартай дугаартай шийтгэх тогтоол хуульд нийцэж гарсан учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. ы

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/24 тоот шийтгэх тогтоолыг шүүгдэгч талын давж заалдсан гомдлыг үндэслэн хянав.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн эрүүгийн хуулийн зохих зүйл ангид заасны дагуу зүйлчлэн шийдвэрлэж, шүүгдэгчийн гэмт үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт өгч гарсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх үндэстэй байна.

Шүүгдэгч Мын Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үедээ Сайнцагаан сумын төвд байрлах Чагдаржавын талбайн хашлагыг мөргөн зам тээврийн осол гаргаж, иргэн Ц.Цийн эрүүл мэндэд сээрний 11 дүгээр нугалмын арын сэртэн, 12 дугаар нугалмын нумны хугарал, булчингийн няцрал, мөчдөд цус хуралт зэрэг гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокурорын байгууллагаас М.Бын үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянаад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл ангид зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилээр тэнсжээ.

Шүүгдэгчийн хувийн байдал, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын талаарх нөхцөл зэргийг судлан дүгнэж, Эрүүгийн хуульд заасан ял, хариуцлагын арга хэмжээг хэрэглэсэн шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

“М.Быг тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож зам тээврийн осол гаргасан гэх нотлох баримт байхгүй, хууль тогтоомжид заасны дагуу согтуурлын зэргийг тогтоох ажиллагааг журмын дагуу хийгээгүй учир шүүгдэгчийг согтуу байсан гэж үзэх хууль ёсны нотлох баримтгүй” гэж өмгөөлөгч Т.Д давж заалдсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад согтуурлын зэргийг хэрхэн тогтоох талаарх хууль зүйн сайдын захирамжаар зохицуулсан журмыг бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй нөхцөл бүхий байдал тогтоогдож байгаа ч цагдаагийн байгууллагаас хуулиар зөвшөөрөгдсөн арга хэлбэр буюу драгерь үлээлгэж согтуурсан байдалтай байгааг тогтоосон байгааг үгүйсгэх үндэслэлгүй, иймийн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.О

 

                                         ШҮҮГЧИД                            Р.М

 

                                                       Ш.Т

 

                                         

 

 

ДАРГАЛАГЧ                               Ц.

 

 

 

 

 

      ШҮҮГЧИД                               Ш.ТӨМӨРБААТАР