Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Одонтуяа |
Хэргийн индекс | 109/2024/0022/З |
Дугаар | 109/ШШ2024/0026 |
Огноо | 2024-09-26 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 109/ШШ2024/0026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Ч
Хариуцагч: Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдох “Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр давшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 27 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г, хариуцагч Архангай аймгийн Сонгуулийн хорооны дарга Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Иргэн Н.Ч-ыг Архангай аймгийн Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 7 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн боловч Архангай аймгийн Сонгуулийн хороо 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсанаар уг маргаан үүсжээ.
2. Нэхэмжлэгч Н.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аймгийн Ардчилсан намаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дугаар тойрогт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 33.1-т санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно гэж заасны дагуу нөхөн нэр дэвшиж холбогдох материалыг 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн сонгуулийн хороонд хүргүүлсэн. Гэвч аймгийн сонгуулийн хорооноос 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар тогтоолоор нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Ингэснээр миний Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрх болох сонгох, сонгогдох эрхийг бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаагаар хязгаарласан гэж үзэж байна. Тухайн тогтоолд заасан үндэслэлийн хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана”, 33.2 дахь хэсэгт “Тухайн шатны сонгуулийн хороо нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 31.10-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэх үндэслэлээр татгалзсан байна. Тухайн тогтоолын хувьд яг ямар үндэслэлээр бүртгэхээс татгалзаж байгаа талаар тодорхой дураагүй бөгөөд хэрвээ бүртгэхгүй байх талаар буюу сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргах гэж буй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагаа явуулах зэрэг процессын ажиллагаа хийгээгүй байна. Миний хувьд хуулийн нөхөн нэр дэвшүүлэх зохицуулалтын хүрээнд Аймгийн сонгуулийн хороонд материалаа бүрдүүлж өгсөн байдаг ба энэ тухай баримтуудын хамт нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтээ өгсөн байдаг. Иймд Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр давшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 27 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Ч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийг татгалзсан тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэх саналаа сонгуулийн хороонд өгсөн. Гэтэл 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр сонгуулийн хорооноос бүртгэхээс татгалзсан тухай тогтоол гаргасан. Энэ хугацаанд татварын өртэй байсан гэдгийг мэдсэн. Тэрийгээ яаралтай төлж барагдуулсан учраас 17-ны өдөр тэрийг шалгах боломжтой байсан. Ийм учраас нэхэмжлэгч Н.Ч-ыг нэр дэвшигчийг бүртгэж өгөх, бүртгүүлэх байр суурьтай байна гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчээс бүртгэхээс татгалзах тухай 27 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн агуулга нь Н.Ч- 2024 оны ээлжит сонгуульд Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дугаар тойрогт аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тухай хуулийн 33.1-д зааснаар санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшигч болно гэж заасны дагуу нөхөн нэр дэвших холбогдох материалыг 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн. Гэвч аймгийн сонгуулийн хорооноос 2024 оны 9 сарын 17-ны өдрийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшүүлэх, бүртгэхээс 27 дугаар тогтоолоор нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан байна. Ингэж гаргасан шийдвэрт нь санал нийлэхгүй байгаа учраас Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үндсэн хуульд заасан онцгой эрх бол сонгох сонгогдох эрхтэй байгаа. Н.Ч нь сонгуулийн хороонд хуулийн хугацаанд материалаа хүргүүлсэн. Тэр материалууд нь хөрөнгө орлогын мэдүүлгээ өөрөө бөглөсөн, мөн татварын өртэй байна гэсэн. Үүнийг материалаа хянаж үзэж байхдаа харсан. Тэгээд үүнийгээ залруулаад илекшн гэсэн цахим системд оруулсан. Ингээд гомдлыг нь хэлэлцэхээр 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цагт хурлаа эхэлсэн байна. Энэ нь үзлэгийн тэмдэглэлд авагдсан хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Н.Ч татвараа төлөөд татвар төлсөн зөрчлөө арилгуулаад сонгуулийн хорооны гишүүд орж үзэж болох илекшн гэсэн цахим систем дээр байршуулчхаад шийдвэр гаргахыг хүлээгээд байж байсан. Тухайн үед хувь хүний өөрийнх нь хариуцлагагүй үйлдэл болсон. Үүнийгээ засаж залруулаад сонгуулийн хорооны шийдвэр гарахаас өмнө нь сонгуулийн хороо болон нэр дэвшигч нарын харьцаж байгаа цахим сайтад бүртгэж оруулсан. Гэтэл сонгуулийн хороо 12 цагт хуралдахдаа урд өдөр нь төлсөн, мөн өглөөний 9 цагт Н.Ч- өөрөө тэр татварынхаа тодорхойлолтыг аваад илекшн системд оруулахад татварын өргүй байна гэсэн баримт гарсаар байтал сонгуулийн хорооны гишүүд хуралдахдаа өөрсдийнхөө бүрэн эрхийн хэмжээний хүрээнд огт шалгалгүйгээр шийдвэр гаргасан. Ингэж хуралдаад шийдвэр гаргасан нь хэргийн материалд авагдсан хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байгаа юм. Тэгэхээр энэ Сонгуулийн хорооны гаргасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр үндэслэлтэй болж чадаагүй. Хэдийгээр сонгуулийн хорооны гишүүдийн олонхын саналаар гэсэн тэмдэглэлд байгаа ч тогтоолоо гаргахдаа яг ямар бүртгэхээс татгалзсан үндэслэл байгаа вэ гэдгийгээ тодорхой ч бичээгүй. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.
5. Хариуцагч Архангай аймгийн Сонгуулийн хороо шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасны дагуу Архангай аймгийн Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдийн баримт бичгийг аймгийн Сонгуулийн хороонд хуулийн хугацаанд ирүүлсэн болно. Аймгийн Сонгуулийн хороо хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9 дэх заалтын дагуу нэр дэвшигчдийн материалыг нэг бүрчлэн шалгаж холбогдох байгууллагуудаас лавлагаа авсны үндсэн дээр Ардчилсан намаас нэр дэвшсэн 27 нэр дэвшигчийг бүртгэх шийдвэр гаргасан бөгөөд хуульд заасан шаардлага хангаагүй 14 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан. 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаар тогтоол гаргаж хүргүүлсэн. Архангай аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч П.М-ын 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дугаартай албан бичгээр 11 нэр дэвшигчийн зөрчлийг арилгаж дахин бүртгүүлэх тухай хүсэлтийг холбогдох материалын хамт ирүүлсэн бөгөөд 3 нэр дэвшигчийн оронд нөхөн нэр дэвшүүлэлт хийнэ гэсэн тайлбартайгаар ирүүлсэн. Аймгийн Сонгуулийн хороо хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасны дагуу дахин бүртгүүлэхээр ирүүлсэн 11 нэр дэвшигчийн баримт бичгийг хянан үзэж бүртгэх тогтоолыг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дугаар тогтоол гаргаж хүргүүлсэн. 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 35 минутад Архангай аймгийн Ардчилсан намаас “Нөхөн нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт батлах тухай” 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолыг аймгийн Сонгуулийн хороонд шаардагдах баримт бичгийн хамт ирүүлсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь заалтын дагуу нөхөн нэр дэвшүүлж ирүүлсэн 4 нэр дэвшигчийн материалыг хянан үзэхэд 7 дугаар тойрогт нөхөн нэр дэвшигч Н.Ч нь сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ “Ф” ХХК-ийг 50 хувь эзэмшдэг гэж мэдүүлсэн байсныг Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авч үзэхэд “Ф” ХХК, “Х” ХХК гэсэн 2 компанийг 100 хувь эзэмшдэг болох нь тогтоогдсон. Иймд аймгийн Татварын газраас лавлагаа авахад Н.Ч-ын 100% эзэмшдэг “Ф" ХХК нь 50.0 сая төгрөгийн татварын өртэй гарсан учраас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй болох нь нотлогдсон. Иймд аймгийн Сонгуулийн хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг үндэслэн бүртгэхээс татгалзсан тогтоолыг олонхийн саналаар баталж шийдвэрлэсэн болно. Иймд Н-н Ч-ын гаргасан нэхэмжлэхийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагч Архангай аймгийн Сонгуулийн хорооны дарга Ш.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Монгол Улсын Их Хурлаас баталж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиа л барьж байгаа. Энэ хуулийг дагалдан гарсан бүх дүрэм журам, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан цаг хугацааны хуваарийн дагуу бүх процессыг гаргаж байгаа. Өмгөөлөгч татварын өрийг сүүлд нь төлчихсөн гэж ярьж байна. Н.Ч-ын гаргасан нэхэмжлэлд татварын өрийн талаар дурдаагүй гэдгийг онцлон хэлчихье гэж бодож байна. 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр нэр дэвшүүлж байгаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд оролцуулахаар нэрээ дэвшүүлж, ардчилсан намаас 41 хүний материал, намын хорооны хурлын тогтоол, холбогдох баримт бичгийн хамт ирүүлсэн. Түүнийг нь бид нар хуулийнхаа дагуу 2024 оны 9 дүгээр сарын 5-наас 12-ны өдрөөр 7 хоногийн туршид бүх нэр дэвшигчдийн материалыг нягтлан үзээд Ардчилсан намаас нэр дэвшсэн 41 төлөөлөгч материалаа ирүүлснээс 14 нэр дэвшигчийг татварын өр болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гээд буцаасан. Ингээд энэ хуулийнхаа дагуу 9 дүгээр сарын 12-ноос 15-ны өдөр буюу 3 хоногийн хугацаанд энэ зөрчлүүдийг арилгаж дахин ирүүлэх боломжтой байгаа. Аймгийн сонгуулийн хорооноос нам, эвслүүдээс татгалзсан тогтоолыг хүргүүлэхдээ дээр нь албан тоот хавсаргаж хүргүүлсэн байгаа. Та бүхэн одоо 12-ноос 15-ны өдрийн 24 цаг хүртэл хугацаанд дахин буюу нөхөн нэр дэвшүүлэхээр материалаа дахин ирүүлэх боломжтой гэсэн. Ардчилсан намаасаа 13-ны өдөр 14 нэр дэвшигчийнхээ зөрчлийг арилган хүргүүлэв гээд намын даргын гарын үсэгтэй албан тоотоор ирүүлсэн. Үүнээс 11 нэр дэвшигчийн материалыг зөрчлийг арилгаж хүргүүлээд 3 нэр дэвшигчийг нөхөн нэр дэвшүүлж байгаа гэсэн тайлбартай албан бичиг нь ирсэн. Нөхөн нэр дэвшүүлэх гэж байгаа 3 нэр дэвшигчийнхээ материалыг Ардчилсан намаас 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 35 минутад аймгийн сонгуулийн хороонд хүлээлгэж өгсөн байдаг. Аймгийн сонгуулийн хороо 16-ны өдөр хуралдсан, 15-ны өдөр гаргасан нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн хүмүүсийнхээ материалыг бид нар нэг бүрчлэн шалгаж, холбогдох байгууллагуудаас лавлагааг 16-ны өдрүүдэд авсан. Нөхөн нэр дэвшигч Н.Ч-ын хувьд цахим сайтад оруулсан материалыг нь цаасаар ирүүлсэн материалтай нь тулгаж үзсэн. Тэгэхэд Хөвсгөлийн нэг компанийг 50% эзэмшдэг гэчихсэн байсан. Бид нар аймгийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүнийг аж ахуйн нэгж эзэмшдэг л бол тухайн хүний лавлагааг улсын бүртгэлийн байгууллагаас авч байсан. Тэгээд 16-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад 2 компанийг 100% эзэмшдэг гэсэн лавлагаа гарч ирсэн. Сонгуулийн хуулийн дагуу 51-ээс дээш хувь эзэмшдэг бол татварын өргүй байх ёстой гэсэн шаардлага байгаа. 16-ны өдөр татварын байгууллагаас лавлагаа авсан. Гэтэл татварын байгууллагаас 50 сая орчим төгрөгийн өртэй байна гэсэн лавлагаа ирсэн. Б гэх хүн бас татварын өртэй байсан. Нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн 2 хүнийг бүртгэхээр шийдвэрлэсэн, 17-ны өдрөө дахиж хуралдсан 16-ны өдрөө бид нар эрх бүхий байгууллагуудаас ирсэн лавлагаагаа үндэслээд шийдвэрүүдээ гаргаж хүргүүлсэн. Энэ хуулиар чинь боломжит хугацааг олгоод байгаа. Нэр дэвшигчийн материал хүлээж авлаа, тухайн сонгуулийн хороо 7 хоногийн дотор хэлэлцлээ 12-ны дотор намуудад алдаа байна гээд сонгох эрхийг нь хангасан заалт 32.2-т заасан байна. Энэ хугацааг нь олгоод алдаагаа засаж ирүүлнэ үү гээд албан тоотоор хүргүүлээд байхад тэр Тариат сумаас сонгогдсон А нэр дэвшигчийг материалыг алдааг нь засахгүйгээр солиод өөр хүнийг 33 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшүүлж байгаа. Гэхдээ яагаад дахиад татварын өртэй гэж буцаагаад дахиад татварын өртэй хүнийг нэр дэвшүүлээд байгаа юм. 15-ны өдөр хуулийн хугацаандаа дахин өртэй хүний материал ирүүлчхээд дараа нь 16-ны өдөр хуулийн хугацаа өнгөрсний дараа өрийг нь даруулчхаад шүүхэд нэхэмжлэл гаргаад маргаад байгаа нь ойлгомжгүй байна. Монгол Улсын Үндсэн Хуульд зааснаар сонгох эрх боломжоор нь хангасан. 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 15-ны хооронд 3 хоногийн хугацаанд зөрчил дутагдлаа арилгаад татварын өртэй бол өрийг нь төлүүлээд дутуу материалаа бүрдүүлээд ирүүлэх боломжит хугацааг олгож 14 нэр дэвшигчийн материалыг хүргүүлээд байхад Ардчилсан намаас 11 хүний материалыг 13-нд ирүүлсэн. Нөхөн нэр дэвшиж байгаа 3 хүний намын дотоод зөрчил бид нарт хамааралгүй, нөхөн нэр дэвшиж байгаа 3 хүнийхээ материалыг 15-ны өдрийн 23 цаг 35 минутад ирүүлчхээд тэр болтол өр зээлтэй байгааг нь үзэхгүй юу хийж байсан юм. Тэгээд 50 сая төгрөгийн өртэй хүнийг нөхөн нэр дэвшигчээр бүртгүүлэхээр ирүүлчхээд 16-ны өдөр хуралдаад Н.Ч- татварын өртэй байна гэдгийг мэдчихээд орой нь өрийг нь төлүүлчхээд маргаад байгаа. Хоёрдугаарт аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т нөхөн нэр дэвшүүлэх заалтын дагуу нөхөн нэр дэвшүүлж байгаа нэр дэвшигчид тэр зөрчил, алдаа дутагдлыг арилгах боломжит хугацаа энэ хуульд байхгүй гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
1. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:
1.1. Иргэн Н.Ч-ыг Архангай аймгийн Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 7 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн боловч Архангай аймгийн Сонгуулийн хороо 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.4 дэх хэсэгт зааснаар 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
1.2. Ийнхүү иргэн Н.Ч-аас 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан бөгөөд мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.1 дэх хэсэгт заасан тусгай журмаар хянан шийдвэрлэхээр заасан маргаанд хамаарч байна.
1.3. Иймд иргэн Н.Ч-аас Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
2. Уг хэргийн маргааны үйл баримтыг дурдахад:
2.1. Монгол Улсын Их хурлын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэхээр товлон зарлаж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байхаар тогтоож, энэ тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ.
2.2. Улмаар Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тойргийг 25, мандатын тоог 41 байхаар тогтоож, тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, мандатын тоог хавсралтаар баталсны 7 дугаарт Тариат сум тойрогт ногдох мандатын тоо 2 байхаар тусгасан байна. (Хавтаст хэргийн 33-34 дэх тал)
2.3. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороог хавсралтаар баталж, аймгийн Сонгуулийн хорооны даргаар Ш.Г-г томилжээ. (Хавтаст хэргийн 31-32 дахь тал)
2.4. Архангай аймгийн Ардчилсан намын хорооны хурлын 2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчд 41 иргэний нэрийн жагсаалтыг хавсралтаар баталж, аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн ба тус хорооноос 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн хавсралтад дурдсан 27 нэр дэвшигчийг бүртгэж, мөн өдрийн 17 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй, зөрчилтэй байгаа 14 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр албан бичгээр холбогдох зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт аймгийн Сонгуулийн хороонд ирүүлэх боломжтой талаар мэдэгджээ. (Хавтаст хэргийн 36-45 дахь тал)
2.5. Дээрх 41 иргэнийг нэр дэвшүүлэх, бүртгэхтэй холбоотой ажиллагаанд нэхэмжлэгч Н.Ч-ыг нэр дэвшүүлээгүй байсан байна.
2.6. Үүний дараа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Ардчилсан намаас 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр хуульд заасан шаардлага хангахгүй зөрчилтэй байсан нэр дэвшигчийн зөрчил арилгасан баримтыг хавсралтаар хүргүүлж, уг хавсралтын 12, 13, 14 дугаарт нөхөн нэр дэвшүүлэлт хийнэ гэх тэмдэглэгээтэй аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлжээ.
2.7 Архангай аймгийн Сонгуулийн хорооноос 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор хуульд заасан зөрчил арилгаж, хүсэлтээ ирүүлсэн 11 нэр дэвшигчийг бүртгэхээр шийдвэрлэсэн байна. (Хавтаст хэргийн 46-50 дахь тал)
2.8. Улмаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. дэх хэсэгт зааснаар 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 30 минутад Архангай аймгийн Ардчилсан намын хорооны хурлын 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 3 дугаар тойрог, 7 дугаар тойрог, 11 дүгээр тойрог, 12 дугаар тойрогт нөхөн нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтыг хавсралтаар баталж ирүүлсний 2 дугаарт Н-н Ч-ыг 7 дугаар тойрогт нэр дэвшүүлж, нэр дэвшигчийн баримт бичгийн хамт ирүүлжээ. (Хавтаст хэргийн 51-64 дэх тал)
2.9 Тодруулбал, иргэн Н.Ч-ын аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт хэсэгт “Ф” ХХК, хуулийн этгээдийн дүрмийн сан 20.000, хувь ногдол 50%, эх үүсвэрийн тайлбарт Бэлэглэгчийн гэрээгээр гэх тайлбар гаргаж, 2024 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн огноотой хүргүүлсэн байна.
2.10 Мөн Монголын татварын албанаас авсан 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн сумын сонгуулийн хороонд иргэнд олгох тодорхойлолтод татварын өр, төлбөр гараагүй талаарх тодорхойлолтыг хавсаргажээ. (Хавтаст хэргийн 51-65, 68 дахь тал)
2.11 Үүний дараа Архангай аймгийн Сонгуулийн хорооноос 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр албан бичгээр нэр дэвшигч Н.Ч- нь хуулийн этгээд эзэмшдэг эсэх талаарх лавлагаа, мэдээллийг гаргуулахаар Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст, мөн өдрийн 22 дугаар албан бичгээр нэр дэвшигч Н.Ч-ын татварын хугацаа хэтэрсэн өртэй эсэх талаарх лавлагааг гаргуулахаар аймгийн Татварын газарт хүсэлт хүргүүлсний дагуу, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11/721 дүгээр албан бичгээр нэр дэвшигч Н.Ч- нь “Ф” ХХК /*********/-ийн 100 хувь, Х ХХК /*********/-ийн 100 хувь үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй гэх хариуг, Архангай аймгийн Татварын газраас 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/623 дугаар албан бичгээр “Ф” ХХК нь хувь хүний орлогын албан татвараар хугацаа хэтэрсэн өртэй байна гэх тайлбар гаргаж, НӨАТ 49.380.776 төгрөг, цалин хөлс 921.840 төгрөг, нийт 50.302.616 төгрөгийн өртэй байгаа талаар хариу хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 77-81 дэх тал)
2.12 Ийнхүү Архангай аймгийн Сонгуулийн хорооноос 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Ардчилсан намаас нөхөн нэр дэвшүүлсэн Д.Б, Н.Н нарыг нэр дэвшигчээр бүртгэхээр шийдвэрлэж, маргаан бүхий 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Н.Ч-ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. (Хавтаст хэргийн 82-84 дэх тал)
2.13 Маргаан бүхий актын үндэслэл: Маргаан бүхий Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй, зөрчилтэй байгаа тул Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Н-н Ч-ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна. (Хавтаст хэргийн 84 дэх тал)
3. Хууль зүйн үндэслэлийн талаар:
3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйл. 1/. “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаар уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж, Арван зургаадугаар зүйлийн 9/-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” хэмээн иргэний сонгогдох эрхийн үндсийг баталгаажуулсан бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4. дэх хэсэгт “Сонгууль зохион байгуулах төрийн болон .., түүний албан тушаалтан, нэр дэвшигч, ... оролцохдоо дараах зарчмыг баримтлана: 7.4.1. хууль дээдлэх, 7.4.3. шударга ёсыг сахих.” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Ч-ын сонгогдох эрхийг Архангай аймгийн Сонгуулийн хороо зөрчөөгүй байна.
3.2. 2020 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.-т "нэр дэвшигч" гэж 18 нас хүрсэн, энэ хуульд заасан журмын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг, 5 дугаар зүйлийн 5.2. дахь хэсэгт “18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй.”, 7 дугаар зүйлийн 7.4. дэх хэсэгт Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд оролцогч нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгууль зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална: 7.4.1.-д “хууль дээдлэх” , 7.4.3. “шударга ёсыг сахих.” гэж тухайлан заажээ.
3.3. Маргаан бүхий энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “ ... аймгийн Сонгуулийн хороо нөхөн нэр дэвшилт хийсэн үед зөрчил зассан бол цаасан болон цахимаар нэмэлт материал авахгүй гэж зөвлөсөн ... аймгийн Сонгуулийн хороо 2024 оны 9 дүгээр сарын 17-ны 12 цагт хуралдсан байна ... нэхэмжлэгч 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр татвараа төлж, 2024 оны 9 дүгээр сарын 17-ны 09:52 минутад татварын өргүй тодорхойлолт авсан байна ... шийдвэр гаргахаас өмнө татварын албаны лавлагааг татаж авч, Н.Ч-ыг бүртгэх боломжтой байсан ...” гэж, Хариуцагчаас “ ... нөхөн нэр дэвшүүлж байгаа тохиолдолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1., 33.2 дахь хэсэгт зааснаар санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө нэр дэвшүүлж материалаа ирүүлэх хугацаатай, Ардчилсан намаас нөхөн нэр дэвшүүлсэн 3 нэр дэвшигчийн материалыг 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн, уг өдрөөр нөхөн нэр дэвшигчийн материал авах хуулийн хугацаа хаагдсан ... үүнээс хойш татварын өрийг төлсөн нь нэр дэвшигчээр бүртгэх үндэслэл болохгүй, хуулийн хугацаа хэтрүүлсэн ...” гэх үндэслэлээр маргаж байна.
3.4 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, иргэн Н.Ч- нь ********* регистрийн дугаартай Ф ХХК-ийг эрх шилжүүлэх гэрээний дагуу 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс, ********* регистрын дугаартай Х ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэрийн дагуу 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эзэмшиж, дээрх хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч бөгөөд үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 102-120 дахь тал)
3.5 Иргэн Н.Ч- нь 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт хэсэгт “Ф” ХХК, хуулийн этгээдийн дүрмийн сан 20.000, хувь ногдол 50%, эх үүсвэрийн тайлбарт Бэлэглэгчийн гэрээгээр гэх тайлбар гаргасан боловч, тус өдрөөс хойш өөрийн нэр дээр бүртгэлтэй дээрх 2 хуулийн этгээдийн талаарх мэдээллийг сонгуулийн цахим системд 12 дугаарт Хөрөнгө орлогын мэдүүлэг зассан гэх тайлбараар бүртгүүлсэн боловч цаасан хувийг аймгийн Сонгуулийн хороонд ирүүлээгүй, “Ф” ХХК-ийн 50.302.616 төгрөгийн өрийг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цаг 19 минутад Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан төлжээ. (Хавтаст хэргийн 130)
3.6 Уг хэргийн тухайд шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь, нөхөн нэр дэвшүүлсэн иргэн татварын өр төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цаг 52 минутад төлж, татварын өр төлбөргүй талаарх тодорхойлолтыг Татварын албанаас 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 09.52 минутад хэвлэж авсан нь уг хуулийн 33.1 дэх хэсэгт заасан хугацаанд хамаарч байгаа эсэх, дээрх нөхцөл байдлыг аймгийн Сонгуулийн хороо 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар тогтоолыг гаргахаас өмнө шалгаж, тодруулах үүрэгтэй байсан эсэх асуудал байна.
3.7 Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2. дахь хэсэг, Улсын Их Хурлын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байхаар тогтоосон.
3.8 Улмаар намаас нөхөн нэр дэвшүүлж буй этгээдийн хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. дэх хэсэгт “Дараах тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно: 33.1.1.-д “нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан” гэж заасан ба хуулийн дээрх хугацаанаас үзвэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг оруулахгүй тооцоход нэр дэвшигчийг нөхөн нэр дэвшүүлэх хуулийн хугацаа 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болохоор байна.
3.9 Мөн Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 17 дугаар тогтоолоор баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг хавсралтаар баталжээ. Уг цаг хугацааны хуваарийн хавсралтын 18-д нэр дэвшигчдийн баримт бичгийг ирүүлэх хугацааг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.2 дахь хэсэгт “Нэр дэвшүүлсэн нам... хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан ... баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.” гэж, мөн 19-д Нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана гэж зааснаар Архангай аймгийн сонгуулийн хороо нь дээрх хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9. дахь хэсэгт зааснаар нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэжээ.
3.10 Маргаан бүхий энэ нөхцөлд, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Ардчилсан намаас нөхөн нэр дэвшүүлж буй 3 хүний мэдээлэл, түүнд холбогдох бичиг баримтыг 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 30 минутад аймгийн Сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн нь хуулиар тогтоосон хугацааны дотор байна
3.11 Харин нэхэмжлэгч Н.Ч- нь татварын өрийг төлсөн талаар Архангай аймгийн Ардчилсан намаас 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 14 дүгээр албан бичгээр аймгийн Сонгуулийн хороонд мэдэгдэж, тус хорооноос 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 29 дүгээр албан бичгээр шүүхэд маргаан үүссэн тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу хүргүүлсэн байх бөгөөд татварын өр төлбөрийг төлөхдөө нэр дэвшигчээр бүртгэх, баримт бичиг ирүүлэх хугацааг хэтрүүлжээ.
3.12 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Ч- нь татварын өр төлбөрийг төлсөн талаарх лавлагаа, мэдээллийг ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө буюу 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор аймгийн Сонгуулийн хороонд ирүүлэх зохицуулалттай бөгөөд хувь хүний өөрийн хайхрамжгүй байдлаас болсон үйлдлийг шүүх зөвтгөх боломжгүй. Учир нь, нэр дэвшигч Н.Ч- нь 2024 оны 9 дүгээр сарын 03-нд хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэхдээ сонгуулийн нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх гэсэн тодорхойлолтоо үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд уг алдаагаа 2024 оны 9 дүгээр сарын 15-нд нэр дэвшигчээр бүртгүүлэх баримт бичгээ нягтлаж аймгийн Сонгуулийн хороонд өгөх хугацаа хангалттай байсан, холбогдох баримт бичгийг засах бүрэн боломжтой байжээ.
3.13 Гэтэл нэхэмжлэгчээс 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цаг 17 минутад татварын өр төлбөрийг төлж, 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр тодорхойлолт авч, Архангай аймгийн Ардчилсан намаас 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр татварын өр төлбөрийг төлсөн талаар мэдэгдэж, холбогдох тодорхойлолтыг аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2. дахь хэсэгт зааснаар хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно.
3.14 Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1, 31 дүгээр зүйлийн 31.5, 31.7, 31.8 дахь хэсэгт зааснаар аймгийн Сонгуулийн хороо нь маргаан бүхий 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолыг гаргахдаа нөхцөл байдлыг тодруулж, нотлох баримтыг цуглуулсан нь хууль зөрчөөгүй байна.
3.15 Нөгөөтээгүүр, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэг Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна: 4.1.6.-д “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч”, 10 дугаар зүйлийн 10.2. дахь хэсэгт “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч Н.Ч- нь нэр дэвшигчээр бүртгүүлэхээр Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахдаа үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
3.16. Иймд нэхэмжлэгч Н.Ч-ын “Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 27 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дахь хэсгийн 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2. дахь хэсгийн 31.2.5., 31.2.9 дахь заалт , 32 дугаар зүйлийн 32.2. дахь хэсгийн 32.1.3. дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1. дэх хэсэг, 81 дүгээр зүйлийн 81.3. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ч-аас Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр давшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 27 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА