Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 37

 

П.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 143/ШШ2020/00479 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч П.О-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч “МШ” ХК, Ө аймгийн шуудан үйлчилгээний газарт холбогдох “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, гэм хорын хохиролд 19 432 118 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.От, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

Нэхэмжлэгч П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие 2009 оноос 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Ө аймгийн Шуудан холбооны газарт шууданчаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү ажиллах хугацаандаа Монгол Улсын хэмжээнд 360 суманд үлгэр дуурайлал болж ажлын туршлагыг маань бусад шууданч нарт маань сурталчлан таниулж байсан удаатай. Мөн би ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдолгүй, үнэнч шударгаар өөрийн ажлаа хийж ирсэн бөгөөд Өмнөговь аймгийн Шуудан холбооны газарт ажиллахаасаа өмнө Сэврэй сумынхаа холбооны газарт эрхлэгчээр ажиллаж байсан юм.

Миний аав Д.П нь Холбооны газарт 40 жил тасралтгүй ажилласан сум орон нутагтаа нэр хүндтэй хүн бөгөөд 3 үеийн холбоочид манай гэр бүлийг мэддэг, хүндэлдэг юм. Гэтэл 2014 оны 04 дүгээр сард Ө аймгийн Шуудан холбооны газраас цагдаад “П.О нь бусадтай бүлэглэн 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус сумын шуудангийн үйлчилгээний зориулалттай 32.63 метр квадрат байрыг Х банк, Т банк-д шунахайн сэдэлтээр түрээсэлж, ашиг олсон” гэсэн гомдол гаргасан байсан бөгөөд энэхүү худал гүтгэлгээс болж сум орон нутгийнхан минь намайг шуудан холбооноос их хэмжээний мөнгө идсэн гэнэ гэсэн ойлголттой болоод зогсохгүй миний бие ажлаасаа халагдаад дахин ажил төрөлд ч орох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Ө аймгийн Шуудан холбооны газраас намайг огт хийгээгүй зүйлийг минь хийсэн мэтээр бодит байдалд үл нийцсэн худал мэдээлэл тарааж, цагдаад гомдол гарган нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг минь гутаасан тул миний бие энэхүү зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, гэм хорын хохиролд 9 563 000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна.

Миний бие тус байгууллагад ажиллаж байхдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 140 400 төгрөгөөр цалинждаг байсан. Ажлаас халагдсан өдрөөсөө хойш хүүхдээ төрүүлэх хүртэл авах байсан цалин болох 4 563 000 төгрөг, тус асуудалд холбогдсонтой холбоотойгоор миний бие сэтгэл санаагаар хямарч дутуу төрсөн бөгөөд сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөг нийт 9 563 000 төгрөгийг Ө аймгийн Шуудан холбооны газраас болон тус худал ташаа мэдээлэл тараасан Г.О нараас нэхэмжилж байгаа болно” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгсэн төлөөлөгч З.М нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч П.О нь хариуцагчи нараас “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, гэм хорын хохирол төлбөрт 9 563 000 төгөрг гаргуулах” шаардлага бзхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхчимэг миний бие П.О-с олгосон итгэмжлэл болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 9 869 118 төгрөгөөр нэмэгдүүлж гэм хорын хохиролд нийт 19 432 118 төгрөгийг хариуцагч “МШ” ХК болон Өмнөговь аймгийн Шуудан үйлчилгээний газраас гаргуулан авах хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгч П.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2014 онд ямар ч үндэслэлгүй ажлаасаа халагдсан. Хоёр байгууллагын тохиролцсоны дагуу байр саваа түрээслээд, дулааны мөнгө болон бшх мөнгөө төлөөд явж байхад, гэнэт шуудангийн дарга шалгалтаар ирлээ гэж намйаг гүтгэж тэрнээс болж халсан. Өөр ажлаас гаргах нөхцөл бүрдэхгүй байсан юм болов уу? Энэ үндэслэлээр намайг гүтгэсэн. Өөрөө мэдэж байсан асуудлаа мэдээгүй дүр эсгэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад намайг өгсөн. Сум орон нутагт маань намайг их мөнгө идсэн гэж ард түмэн бодож байна. Прокурорын тогтоолыг гарах хүртэл нойр хоолгүй, сэтгэл санааны дарамттай байдаг байсан. Өмгөөлөгчид хандаж энэ нэхэмжлэлийг гаргасан байгаа. Энэ асуудлаас болоод ажилд орж чаддаггүй. Нэг их мөнгө идсэн шуналтай гэсэн дүгнэлтэд хүрчихсэн. Олон нийтийн газар намайг доромжилсон байдаг. Сум жижиг учраас муу нэр тараагдаад явдаг. Олон нийтийн газраар намайг хулгайч гээд орилж хашигичиж байсан. Би зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, гэм хорын хохирол 19 000 000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Одоо хүртэл хохирогч яваа” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн П.О-ээс Ө аймгийн Шуудан  үйлчилгээний газарт холбогдуулж “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, учирсан гэм хорын хохиролд 19 432 118 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч П.О нь Ө аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 29 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1, МШ ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.5.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөгджээ. Энэхүү ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж дүгнээгүй, хүчингүй болгоогүй, үүнтэй холбоотой маргааныг урд өмнө нь шийдвэрлүүлээгүй хэр нь 7 жилийн дараа асуудал тавьж ажил хийхэд хүндрэл учруулж, шуудангийн ажилд орох талаар хүнээр хүнгүй, дээрээс нь нэхэмжилж буй 9 563 000 төгрөгөө бодит үндэслэлгүй нэмэгдүүлэн 19 432 118 төгрөг болгосон гэж зэрэг үнэнд нийцэхгүй олон зүйлсийг гэрчлэн нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүйг мэдэгдье. Мөн нэхэмжлэгчийн сэтгэл санаа юунаас шалтгаалж хэрхэн хямарсан, энэхүү байдлаас болж дутуу төрсөн эсэх тодорхойгүй, сэтгэл санааны гэх хохирлыг ямар тооцоолол ашиглан тус мөнгөн дүнг нэхэмжилсэн нь ойлгомжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч “МШ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл “МШ" ХК-ийн гэрээт ажилтнаар ажиллаж байсан. Ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй. "МХС” ХК-ийн данс руу мөнгө ордог байсан. “МШ" ХК-ийн дансанд орох ёстой байхад ямар нэгэн орлого ороогүй, 09 дугаартай албан тоотоор өргөдөл гаргаж байсан. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгож гаргаж байсан. “МШ" ХК-ийг ямар учраас хариуцагчаар татан оролцуулж байгааг тодруулах шаардлагатай байна. Худал мэдээлэл тараасан хэлбэр гэдгийг тодруулах хэрэггэй байна. “МШ" ХК хуулийн этгээдийг төлөөлж оролцож байгаатай холбоотой асуудал учраас гэм хортой холбоотой болон бусад асуудлыг хуулийн этгээд хариуцах үндэслэлгүй гэж бодож байна. Гэм хорын талаар тогтоогдохгүй байна гэж узэж байна.

Төрийн банкны байранд хэн “МШ” ХК-ийг төлөөлж худал мэдээлэл тараасан нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь “МШ" ХК нь хуулийн этгээд байгаа. Албан бичгээр гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэхэзр заасан байдаг. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 болон 6 дугаар зүйлд хэн, хэрхэн шийдвэрлэх талаар заасан байдаг. Хуулийн дагуу хийгдэж байгаа үйлдэл нь гэм хорын хохирол биш байх. "МШ" ХК нь хуульд заасан хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч “МШ" ХК-ийн Өмнөговь аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "МШ" ХК-ийн хуулийн зөвлөхийн хэлснээр миний тайлбар адил байна. Тухайн үед ажиллаж байсан хүмүүс нь ажлаас чөлөөлөгдөж, өөрчлөгдсөн байгаа учраас нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэнии хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.О-н “МШ” ХК болон Өмнөговь аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт холбогдуулж гаргасан “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, гэм хорын хохирол 19 432 118 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411 014 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Тус газраас Цагдаагийн хэлтэст гаргасан энэхүү өргөдөл, гомдол нь байгууллагын албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандах эрхээ хэрэгжүүлсэн байх ба үүнийг нэхэмжлэгчиин нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан /түгээсэн/ үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан үүргийг хариуцагч нарт ногдуулахын тулд нэхэмжлэгчид гэм хор учирсан байх шаардлагатайгаас гадна тэдгээрийн үйлдэл /эс үйлдэхүй/-ээр илэрхийлэгдсэн буруутай хууль бус ажиллагаа тогтоогдсон байх учиртай. Уг гэм хор болон үйл ажиллагаа хоорондоо шалтгаант холбоотой байж, хариуцагч өөрийн үйлдэл /эс үйлдэхүй/-ийн үр дагаварыг мэдсэн, эсхүл мэдэх ёстой буюу гэм буруутай байсан тохиолдолд гэм хорын хариуцлага хүлээх болно... Мөн нэхэмжлэгч П.О нь шүүх хуралдаанд Ц гэх хүн намайг төрийн банкны байранд сумын ард иргэдийн дунд хулгайч, идэж уусан зэрэг элдэв муухайгаар доромжилсон гэж тайлбарлаж байх бөгөөд тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн этгээдэд холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй байна" гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, мөн зүйлийн 116.3 дахь хэсэг “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн хуулийн шаардлагад үл нийцэж байна.

 Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийи нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт "Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж баигаа ажил олгогч хүлээнэ”, мөн зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулиин 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан тухайн гэм  буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж зааснаас харахад тухайн байгууллага ажилчдынхаа бусдад учруулсан хохирлыг эхлээд хариуцан арилгах үүрэгтэй болохыг,  дараа нь харин түүнийгээ буруутай ажилчнаасаа шаардах эрхтэй болохыг хуулинд тодорхой хуульчилсан учир П.О өөрт учирсан гэм хорын хохирлыг ажил олгогч болох “МШ” ХК, Өмнөговь аймгийн шуудан үйлчилгээний газраас нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Тодруулбал Өмнөговь аймгийн шуудан үйлчилгээний газраас П.О-г гэмт хэрэг үйлдсэн" гэсэн агуулга бүхий өргөдлийг цагдаагийн газарт гаргаж энэхүү асуудал нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад эрх бүхий албан тушаалтан болох тухайн үеийн Өмнөговь аймгийн шуудан үйлчилгээний газрын дарга Ц болон бусад алба хаагчид нь Сэврэй сумын Төрийн банкны байранд банкаар үйлчлүүлж байсан иргэд болон банкны ажилчдын хажууд нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тарааж, ажил үүргээ гүйцэтгэх боломжийг нь хязгаарлан ажлаас нь чөлөөлж, түүнийг сум орон нутгийнханд нь хулгайч луйварчин, байгууллагын мөнгө идсэн шуналтай хүүхэн гэх ойлголтыг төрүүлж, өөр ажилд орох боломжийг нь хүртэл хаасан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байхад шүүх гутаасан мэдээ тараасан эсэх, тараасан мэдээ нь бодит үнэнд нийцэж байгаа эсэх, хариуцагч түүнийгээ бодит байдалд нийцэж байгаа гэж нотолсон эсэхэд бодитой дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй "МШ” ХК, Өмнөговь аймгийн шуудан үйлчилгээний газрыг хариуцагч биш гэж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол..." мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт 'Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ" гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч П.О нь шүүхэд анх Өмнөговь аймгийн Шуудан үйлчилгээний газар, Г.О нарт холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, учирсан гэм хорын хохиролд 9563000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь өөрийгөө төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг итгэмжлэлээр З.М-т олгосны дагуу З.М нь итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд хариуцагч П.О-г “МШ” ХК-иар солих, үнийн дүнг 19432118 төгрөг болгон ихэсгэх хүсэлт гаргажээ. /хэргийн 1 дүгээр хавтас, 183, 184, 185 дугаар хуудас/

Энэ хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн шуудан үйлчилгээний газрыг төлөөлж хариуцагчийн төлөөлөгчөөр Ж.С, “МШ” ХК-ийг төлөөлж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр О.О нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна. /хэргийн 1 хавтасны 200 дугаар хуудас/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч П.О нь нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн үндэслэлээ: “... бодит байдалд үл нийцсэн худал мэдээлэл тарааж, цагдаад гомдол гарган нэр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан...”, гутаагдсан гэх үндэслэлээ “... 2014 оны 4 дүгээр сард Өмнөговь аймгийн шуудан холбооны газраас цагдаад О нь нь бусадтай бүлэглэн 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус сумын шуудан үйлчилгээний зориуллалттай 32,63 мкв байрыг Х банк  /Т банк/ -д шунахай сэдэлтээр түрээсэлж ашиг олсон гэсэн гомдол гаргасан бөгөөд энэхүү худал гүтгэлгээс болж  улмаар сум орон нутгийнхан намайг шуудан холбооны газраас их хэмжээний мөнгө идсэн гэж ойлголттой болсон, ажлаас халагдаад дахин ажил төрөлд ч орох боломжгүй болсон” гэж  заасан байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 01 дүгээр хуудас/

Анхан шатны шүүх хуралдаанд “хоёр байгууллагын тохиролцсоны дагуу байр саваа түрээслээд дулааны мөнгө болон бүх мөнгөө төлөөд явж байхад гэнэт намайг гүтгэж ажлаас халсан, ...олон нийтийн газраар намайг хулгайч гэж орилж хашгичаж байсан” гэж тодруулж тайлбарласан байна. /хэргийн 02 дугаар хавтасны 24 дүгээр хуудас/

Нэхэмжлэгч П.О нь аймгийн Шуудан үйлчилгээний газрын шууданчийн үндсэн албан тушаалд ажиллахын зэрэгцээ тус суманд “МХС” компанийн салбарын эрхлэгчээр ажиллаж байсан тул  2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн шууданчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, гэрээт шууданчаар ажиллах болсон нь зохигчдын тайлбар,  “МШ” ТӨХК-ийн Өмнөговь аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1, Монгол шуудан ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.5.1-р заалтыг үндэслэн гарсан 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 29 дугаартай тушаал зэргээр нотлогдож байна. /хэргийн 22 дугаар хуудас/ Энэ шийдвэрт гомдол гаргаж байгаагүй байна.   

Нэхэмжлэгч П.О нь аймгийн шуудан үйлчилгээний газарт гэрээт шууданчаар ажиллаж байхдаа 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн гэмт хэрэгт шалгуулахаар мэдээлсэн болох нь “МШ” ТӨХК-ийн аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын мөн сумын Цагдаагийн хэлтэст гаргасан 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтасны  29 дүгээр хуудас/

Тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Монгол Улсын  нутаг дэвсгэр дээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад Үндсэн хуулийг удирдлага болгож, энэ хуулийг баримтлана гэж хуульчилсан байна.

Иймд аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтан өөрийн байгууллага дээр гарсан байж болох гэмт хэргийн талаар цагдаагийн болон эрх бүхий байгууллагад мэдээлэх нь тэдний үүрэг байсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “эрүүгийн  хэрэг үүсгэхээс татгалзах тухай ”Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101 дүгээр тогттоолд үндэслэсэн. /хэргийн 1 дүгээр хавтасны 04 дүгээр хуудас/

Уг тогтоолд “О нь нь бусадтай бүлэглэн 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус сумын шуудан үйлчилгээний зориуллалттай 32,63 мкв байрыг Х банк  /Т банк/ -д шунахай сэдэлтээр түрээсэлж ашиг олсон гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд шалгалтыг явуулахад” гэсэн байх боловч хариуцагч байгууллагаас цагдаагийн газарт явуулж байсан 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаартай албан бичигт “...ажил үүргийнх хувьд өөрт нь хүлээлгэн өгсөн .. хоёр өрөөг...” гэж түрээслэсэн гэх байр, гомдол мэдээлэл нь зөрүүтэй бичигджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон буюу нийтэд илэрхий гэх  үйл баримтад прокурорын тогтоол хамаарахгүй тул прокурорын тогтоол нь маргаж буй иргэний хэргийн нөхцөл байдлыг бүрэн нотолж чадахгүй байна гэж үзнэ.   

Тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж хуульчилсан.

МШ” ТӨХК-ий Өмнөговь аймгийн шуудан үйлчилгээний газрын даргын нэхэмжлэгч томилох тухай буюу байгууллагыг төлөөлж П.О-ийн үйлдэлтэй холбоотой Цагдаагийн байгууллагад шалгуулах  ажиллагаанд  оролцуулах 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар тушаал, иргэний журмаар шүүхэд шийдвэрлүүлэх ажиллагаанд оролцуулах, 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн а/16 дугаар тушаалуудад “С сумын ШҮС-ын байрыг шууданч П.О бусдад ашиг олуулах зорилгоор ашиглуулж, эрх мэдлээ хэтрүүлэн, ноцтой зөрчил гаргасан, байгууллагад учруулсан хохирлыг нэхэмжлэх” гэж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эрх, үүргийг тус тус заасан, харин П.О-г гэмт хэрэг үйлдсэн гэж тодорхой заагаагүй байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 23, 25 дугаар хуудас/

Дээрх нотлох баримтуудаар анхан шатны шүүхийн “...албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандах эрхээ хэрэгжүүлсэн байх ба үүнийг нэхэмжлэгчийн нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан /түгээсэн /үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна”  гэсэн эрх зүйн маргааны талаар дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөллөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 143/ШШ2020/00479 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325320 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.НАСАНЖАРГАЛ

     ШҮҮГЧИД                                      Х.ГЭРЭЛМАА

                                                                                         Ц.ОТГОНЦЭЦЭГ