| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00748/И |
| Дугаар | 155/ШШ2016/00667 |
| Огноо | 2016-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2016/00667
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...... дүгээр багийн ....... тоотод оршин суух Д овогт Д-ын П /................../-ын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2016/0748/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Д.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.П шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 оны 1-р сарын 01-нээс 1983 оны 05 сарын 15-ныг дуусталх хугацаанд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан ба эрүүл мэндийн байдлаас шалтгаалан /зүрхний хагалгаанд орсон/ группд орох болсон. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.П нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч Д.П нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын Тамгын газрын архиваас түүвэрлэсэн Д.П-ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, гэрч Г.Э-ийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: ...Д.П Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан. гэх мэдүүлэг, гэрч Д.Б-ийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: ...Д.П Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан. гэх мэдүүлэг, гэрэл зураг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 10/375 дугаартай ...Тус аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 1981-1983 оны даргын тушаал шүүж үзэхэд Д.П-ыг ажилд томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Иймд хүсэлт гаргагч Д.П-ын Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д овогт Д-ын П /................../-ын Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.П-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ