Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2016/00669

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, УСНААкомпани орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....... дугаар багт байрлах, ГО GUEST HOUSE гэр буудалд холбогдох

Цэвэр, бохир усны төлбөр, нийт 511.489 /таван зуун арван нэгэн мянга дөрвөн зуун наян ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 155/2016/00430/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О чимэг, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч Д.О , гэрч Д.С нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч УСНАА компани орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал Ж.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ГО GUEST HOUSE нь цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах аж ахуйн нэгжийн гэрээний дагуу 2012-2013 оны цэвэр, бохир усны төлбөр болох 511.489 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй. Тус гэрээнд хэрэглэгч байгууллага нь цэвэр, бохир усны төлбөрийг тухайн сарын дотор төлж барагдуулах үүрэгтэй. Иймд цэвэр, бохир усны төлбөр 511.489 төгрөгийг ГО GUEST HOUSE-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1985 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Ус суваг нийтийн аж ахуйн компани орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт гэрээт борлуулалтын менежер ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 25 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, РЭ85011663 дугаар регистртэй, Хар дархад овогт Лувсандоржийн Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөл цэвэр, бохир ус ашиглах үнийг дараахь байдлаар тогтоосон. Аж ахуйн нэгж, албан байгууллагын хэрэглэх цэвэр усны үнэ 1 метр3 нь 2.582 төгрөг, бохир усны үнэ 1 метр3 нь 2.618 төгрөг, айл өрхийн хэрэглэх цэвэр усны үнэ 1 метрнь 2.500 төгрөг, бохир усны үнэ 1 метр3 нь 2.600 төгрөг байхаар тогтоож, тус үнийг 2008 оноос 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мөрдсөн. Манай байгууллага нь Барилга хот байгуулалтын яамын харъяанд багтдаг бөгөөд хот суурин, усан хангамж ариутгах зөвлөл байгуулагдаж, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр үнэ тарифыг шинэчилсэн. Үүнд: Албан байгууллагын төлөх цэвэр усны үнэ 1 метр3 нь 2.700 төгрөг, бохир усны үнэ 1 метр3 нь 2.800 төгрөг, айл өрхийн төлөх цэвэр усны үнэ 1 метр3 нь 1.800 төгрөг, бохир усны үнэ 1 метр3 нь 1.900 төгрөг болсон бөгөөд үүнтэй хамт суурь хураамж айл өрхөд 1.980 төгрөг байхаар батлагдсан ба дээрх үнийн тарифыг баримтлан ажиллаж байгаа. Манай байгууллага нь ГО Guest house гэх гэр буудалтай 2010 онд цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах аж ахуйн гэрээ байгуулж, гэр буудал учир зөвхөн зуны улиралд буюу 6-8 саруудад жуулчид хүлээж авдаг тул энэ хугацааг аж ахуйн нэгж байгууллагын үнэ тарифаар, бусад саруудыг айл өрхийн үнэ тарифаар тооцохоор тохирсон. Цэвэр болон бохир усны төлбөрийг 2010-2011 онд төлж байсан. Харин 2012 он, 2013 онд ашигласан усны төлбөрөө төлөөгүй. 2013 онд хэрэглэсэн усныхаа төлбөрийг төлөхийг шаардахад захирал байсан Г  нь оюутан хүүхэдтэй учраас төлж чадсангүй, боломжтой үедээ төлнө гэж хэлж байсан. Гэрээг 2011 оноос хойш сунгаагүй, гэхдээ гэрээгээ сунгуулахыг шаардаж, хуучин гэрээ хүчин төгөлдөр шүү гэдгийг мэдэгдлээр хүргүүлдэг байсан. Уг нь гэрээнд заахдаа тухай сарын хэрэглэсэн усны төлбөрийн эхний хэсгийг тухайн сарын 15-ны дотор, үлдэх хэсгийг дараа сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон ч төлөхгүй байсаар өдий хүрсэн. Анх манай байгууллагатай гэрээ хийсэн Л.Г  нь Д.О ы нөхөр бөгөөд бид шүүхэд Д.О ы хамт хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан боловч Ган Оюу Guest house гэр буудлын үйл ажиллагааг Д.О  эрхэлж байгаа учир Л.Г г хариуцагчаар оролцуулахаас татгалзсан хүсэлтээ гаргасан. Үүнийг ч Д.О  зөвшөөрч байгаа.

Д.О  нь Мөрөн сумын 15 дугаар байрны 5, 6 тоотыг эзэмшдэг бөгөөд 6 тоотод өөрсдөө амьдарч, 5 тоотод гэр буудлаа ажиллуулдаг тул 5 тоотод 2010 онд аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа тул усны тоолуур тавиад төлбөрөө авдаг байсан. Гэр буудал нь ашгийн төлөө байгууллага бөгөөд ашиг олох зорилгоор ашиглаж байгаа усыг айл өрхийн нэгжээр тооцох үндэслэлгүй юм. 2012 оны 7, 8 дугаар сарын төлбөр 385.346 төгрөг, 2013 оны 7, 8, 9 сарын нийт төлбөр 126.143 төгрөг, бүгд 511.489 төгрөгийг төлөөгүй тул уг мөнгийг гаргуулж өгнө үү. Буудлын үйл ажиллагаа явуулаагүй гэж Д.О  тайлбарлаж байгаа ч дээрх онуудад ус хэрэглэсэн заалт тоолуур дээр гарч төлбөр гарсан байгаа тул жуулчин хүлээн авч байсан гэдэг нь тогтоогдож байна. Хариуцагч Д.О ы тус төлбөрийн гуравны нэг болох 170.496 төгрөг төлнө гэснийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч байгууллагын захирал Хөвсгөл аймгийн Түнэл суманд 1967 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ноосны технологч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 15 дугаар байрны 06 тоотод оршин суух, РХ67072506 дугаар регистртэй, Үлүүгшин овогт Данзангийн О  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 онд Л.Г  бид хоёр хамт амьдарч байхдаа ГО Guest house гэр буудал ажилуулж байсан боловч бид тусдаа амьдраад 5-6 жил болж байна. Л.Г , бид хоёрыг хариуцагчаар татсан байсан боловч нэхэмжлэгч нь Л.Г г хариуцагчаас татгалзсаныг зөвшөөрч байна. Л.Г д хамааралгүй, салаад олон жил болж байгаа болохоор би хариуцна. ГО Guest house гэр буудал гэдэг нь 2 өрөөнд жуулчин зуны 3 сард хүлээн авдаг байсан боловч одоо ажиллуулахгүй байсаар удаж байна. Зочид буудал гэж 2 өрөө байрыг ярьж болохгүй, ямар нэгэн компани биш, албан ёсны үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий гэрчилгээ, тамга, тэмдэг байхгүй. ГО Guest house нь зочид буудал биш учраас айл өрхийн хэрэгцээнд зарцуулсан усны төлбөрөөр төлье гэж Л.Б д удаа дараа хэлж байсан. 2010 онд Л.Г тэй тухайн байгууллага ямар гэрээ хийж байсныг мэдэхгүй. 2012-2013 онд Ус суваг нийтийн аж ахуйн компани орон нутгийн өмчит үйлдвэрийн газартай ямар ч гэрээ байгуулаагүй байхад цэвэр, бохир усны төлбөрийг аж ахуйн нэгжийн төлөх хэмжээгээр нэхэж байгаад гайхаж байна. Одоо 5 тоотод манай охин, хүргэн, зээ маань амьдарч байгаа. Манай жорлонгийн бочки эвдэрсэн бөгөөд дуудлага өгөхөд ирдэггүй. Би нэхэмжилж байгаа 511.489 төгрөгийг төлөхгүй, харин цэвэр, бохир усны төлбөрөө өдий хүртэл төлөөгүй тул тус нэхэмжилж байгаа төлбөрийн гурваны нэг хувь буюу 170.496 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч УСНААкомпани орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь хариуцагч ГО GUEST HOUSE гэр буудалд холбогдуулан цэвэр, бохир усны төлбөр, нийт 511.489 /таван зуун арван нэгэн мянга дөрвөн зуун наян ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2012, 2013 оны цэвэр, бохир усны төлбөр 511.489 төгрөг гаргуулж авна, хариуцагч нь ГО Guest house гэр буудал нь аж ахуйн нэгж биш тул нэхэмжилж байгаа төлбөрийн гурваны нэг хувь буюу 170.49төгрөг төлнө, 340.993 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 74 дүгээр сарын 74.1. Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, 75 дугаар зүйлийн 75.2. Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.1. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, 76 дугаар зүйлийн 76.1. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан...хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан байх бөгөөд хариуцагч ГО GUEST HOUSE гэр буудлаас 2012 оны 7, 8 дугаар сард төлөх цэвэр, бохир усны төлбөр 385.346 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч нь 2012 оны 8 дугаар сараас 2015 оны 9 дүгээр сарын хооронд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан ч тус хугацааг хэтрүүлсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ.

Мөн ГО GUEST HOUSE гэр буудал 2013 оны 7, 8, 9 дүгээр сард төлөх цэвэр, бохир усны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифт үнээр төлөх үндэслэлгүй юм. Учир нь ГО GUEST HOUSE гэр буудал, УСНААкомпани орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын хооронд 2010 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах, дулаанаар хангах аж ахуйн гэрээ байгуулагдаж, тус гэрээ 2011 он хүртэл сунгагдан мөрдөгдөж байсан бөгөөд 2012, 2013 онд гэрээ байгуулагдаагүй байна.

Нэхэмжлэгч байгууллага хариуцагчийг гэрээгээ байгуулах үүрэгтэй, усны тоолуур гүйж төлбөр гарсан учир зочид буудал ажиллуулж байсан нь нотлогдож байна гэж мэтгэлзэж байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй ба энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч Д.О  цэвэр, бохир усны төлбөрт 170.496 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар шүүхэд гаргасан тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас цэвэр, бохир усны төлбөрт 170.496 төгрөгийг хариуцагч ГО GUEST HOUSE гэр буудлаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдэх 340.993 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 15.994 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 170.496 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 5.763 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д зааснаар хариуцагч ГО GUEST HOUSE гэр буудлаас цэвэр, бохир усны төлбөр 170.496 /нэг зуун далан мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч УСНААкомпани орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 340.993 /гурван зуун дөчин мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 15.994 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 5.763 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА