| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2015/01004/И |
| Дугаар | 155/ШШ2016/00671 |
| Огноо | 2016-06-17 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2016/00671
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот, ….. дугаар хороолол, ….. дүгээр хороо, ……. тоотод оршин суух Ө овогт Н-ын Т /..................../,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ……………… тоотод оршин суух М овогт Жийн Ц /.......................... /,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ………. дугаар багийн ………………… тоотод оршин суух С овогт Ж-ийн Б /...................../,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын …………. дугаар багт оршин суух Х овогт Ч-ын О /....................../
Дутагдуулсан барааны үнэ 27.226.192 /хорин долоон сая хоёр зуун хорин зургаан мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т , хариуцагч Ж.Ц , Ч.О , Ж.Б , иргэдийн төлөөлөгч Г.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Цагаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургууль шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сургуулийн 2014 оны хагас жилийн тооллого, тооцоо бодолтоор нярав ажилтай байсан Жийн Ц дээр 16.172.100 төгрөгийн бараа материал дутагдаж улмаар 2014 оны санхүүгийн хяналт, аудитын шалгалтын актаар 27.633.000 төгрөгийн өглөг шалгагдан 2014 оны жилийн эцсийн тайлангаар 27.226.192 төгрөг 55 мөнгөний өр үүссэн байна.
Тус сумын ЕБС-иас өрийг дуусгах талаар Ж.Ц т мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл барагдуулахгүй улсын төсөвт хүндрэл учруулж байгаа тул 27.226.192 төгрөг 55 мөнгөний өрийг гаргуулж өгнө үүү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний төлөөлөн оролцож байгаа Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургууль нь 2014 оны хагас жилийн тооллогоор 16.172.100 төгрөгийн дутагдал, 2014 оны санхүүгийн аудитын шалгалтаар нийт 27.233.000 төгрөгийн дутагдал гарсан ба төлбөрийг Ц аас 27.226.192 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч Ц нь эрүүгийн хэрэгт шалгагдаж 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр уг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдсэн байгаа. Шалгалт хийсэн буюу шинжээчийн актаар Ц аас 17.579.500 төгрөг, тус сургуулийн нягтлан бодогч Ч.О ийг ажил үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч өршөөл үзүүлэх тухай хууль болон хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр зарим хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм.
Хамтран хариуцагч Ж.Б нь төсвийн хөрөнгө 1.990.000 төгрөг, 1.100.000 төгрөгийг тус тус өөр зүйлд зарцуулсан үндэслэлээр шалгагдаж байгаад хохиролын хэмжээ хүрэхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болсон тул одоо хариуцагч Ж.Б д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Харин шинжээчийн актаар тогтоогдсон 17.579.500 төгрөгнөөс Ц ын өөрийн хөрөнгөөр сургуулийн махны зооринд хийсэн 1 сая төгрөгийг хасаад одоо 16.579.500 төгрөгийг Ж.Ц , Ч.О нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү.
Хариуцагч Ж.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 12 дугаар сард хийсэн санхүүгийн аудитын шалгалтаар манай сумын сургуульд шалгалт хийж 27 сая төгрөгийн бараа дутагдуулсан асуудал үүссэн. Тухайн үедээ сумын иргэдийн хурлыг хуралдуулж акт тавьсан. Би актыг хүлээн зөвшөөрөөгүй тул цагдаад эрүүгийн хэрэгт шалгагдаж байхад шүүхэд нэхэмжлэл өгсөн байсан. Тэгээд цагдаагийн асуудал шийдвэрлэгдсэн тул шүүх иргэний хэргийг сэргээсэн. Би актаар тавигдсан төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй 1/ Буман цагаан ХХК-иас нийлүүлж байсан борцны үнэ 6 сая төгрөг, 2/ Мөн компаний 1 сая төгрөгний махны үнэ, 3/ Тэвхэн дэлгүүрээс авсан барааны үнэ, 4/ Хүнсний барааны хорогдол 2.100.000 төгрөг хасуулах хүсэлттэй байна.
Иймд одоо надад төлөх төлбөргүй гэж үзэж байгаа гэв.
Хариуцагч Ч.О шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би сургуулийн нягтлан бодогчоор 2005 оны 5 сараас 2015 оны 3 дугаар сарын 01-н хүртэл ажиллаж байсан ба 2011 оны 4 дүгээр сарын 20-нд жирэмсний амралтаа аваад 2011 оны 9 сард ажилдаа орсон. 2014 оны 4 сарын 11-нд мөн жирэмсний амралтаа авч 2014 оны 7 дугаар сард ажилдаа орсон. Би ажиллаж байх хугацаандаа ажлыг цалгардуулахгүй гэж няравтаа байнга хяналт, шалгалт хийдэг байсан. Сургуулийн захирлаас томилж өгсөн комиссоор тооллого хийлгэдэг байсан. Тухайн үед би сургууль, цэцэрлэг, соёлын төв гээд 3 байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан. Энэ хугацаанд цэцэрлэг болон соёлын төвд ийм асуудал үүсэж байгаагүй. Би сургуулиас өөртөө 1 кг мах ч аваагүй. Намайг жирэмсэний амралттай байх хугацаанд хяналт суларсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ жирэмсэний амралттай байх хугацаанд Х.Бямбасүрэн гэдэг өөр нягтлан бодогч ажиллаж байсан.
Иймд тухайн үед цалинг нь аваад няраваар ажиллаж байсан тул дээрх төлбөрийг Ц аар төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах байх тул надад хэлэх зүйл алга гэв.
Хариуцагч Ж.Ц сөрөг нэхэмжлэлийнхээ талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа ба 1.500.000 төгрөгний үнэтэй плитаг гал тогооны засварт хийсэн, мөн залуу багш нарын зөвлөгөөнд оролцсон багш нарын шагналд хувиасаа өгсөн 1.830.000 төгрөг, нийт 3.330.000 төгрөгийг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулиас нэхэмжилж байна. Би сөрөг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримт бол махны зооринд хийсэн засварын баримт фото зураг байгаа юм. Би буруу баримт гаргаж өгсөн байналээ гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Т сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас махны зооринд хийсэн 1 сая төгрөгийг хассан байгаа гэтэл сөрөг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримт нь болохоор махны зооринд хийсэн баримт байгаа шүү дээ гал тогоонд хийсэн засвар биш хуурч болно гэж бодсон юм байхдаа. Тэрнээс гал тогоонд 1.500.000 төгрөгний үнэтэй засвар хийсэн талаар баримт хэрэгт гаргаж өгөөгүй, мөн багш нарын шагналт өөрөөсөө 1.830.000 төгрөгийг өгсөн мэдээр сөрөг нэхэмжлэлдээ дурьдсан боловч шагналд Ц аас ямар ч мөнгө төгрөг гаргаагүй, албаны ажилд хувиасаа мөнгө гаргана гэж байхгүй, хэдэн онд ямар зорилгоор гал тогоонд засвар хийсэн нь тодорхойгүй болон сургуулиас хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа болно.
Иймд хариуцагч Ж.Ц ын нэхэмжилсэн 3.330.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Цагаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургууль нь хариуцагч Ж.Ц , Ч.О , Ж.Б нараас гэм хорын хохиролд нийт 27.226.192 /хорин долоон сая хоёр зуун хорин зургаан мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан байх боловч шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нийт 16.579.500 /арван зургаан сая таван зуун далан есөн мянга таван зуу/ төгрөгийг Ж.Ц , Ч.О нараас гаргуулах, хамтран хариуцагч Ж.Б д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Хариуцагч Ж.Ц нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд няраваар ажиллаж байхдаа 17.579.500 төгрөгийн бараа материал дутагдуулсан болох нь Тухайлбал: Тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны баримтын жагсаалтын хуулбар, Санхүүгийн хяналт, аудитын албаны 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн акт, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 424 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолын хуулбар, эрүүгийн хэрэгт шинжээчийг байцаасан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч Ж.Ц нь ....би актаар тавигдсан төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй 1/ Буман цагаан ХХК-иас нийлүүлж байсан борцны үнэ 6 сая төгрөг, 2/ Мөн компаний 1 сая төгрөгний махны үнэ, 3/ Тэвхэн дэлгүүрээс авсан барааны үнэ, 4/ Хүнсний барааны хорогдол 2.100.000 төгрөг хасуулах хүсэлттэй байна.... гэж тайлбар мэдүүлэг өгч байх хэдий ч хэрэгт нотлох баримтаар гаргаж ирүүлсэн шинжээчийг байцаасан ....Буманцагаан ХХК-ны нийт 6.000.000 төгрөг хасагдахаар няравын хариуцах нь 17.579.500 төгрөг болж байна.... гэх мэдүүлэгээс дүгнэхэд дээрх 6 сая төгрөг нь дутагдуулсан төлбөрөөс хасагдсан, нярав Ж.Ц ын мах ногоонд хорогдол тооцсон акт хэрэгт авагдсан, мөн Тэвхэн дэлгүүрээс хэдэн төгрөгний барааны үнэ хасуулах нь тодорхойгүй ба хариуцагч Ж.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын талаар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, 16.579.500 төгрөгийг төлөхгүй гэдгээ нотолж чадахгүй байна.
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ....актаар тогтоогдсон 17.579.500 төгрөгнөөс сургуулийн махны зооринд хийсэн засварын 1 сая төгрөгийг хасаад үлдэх 16.579.500 төгрөгийг...Ч.О нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү.... гэж тайлбар мэдүүлэгийг шүүх хуралдаанд өгч байх боловч хамтран хариуцагч Ч.О т дээрхи төлбөрийг хувааж хариуцуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь:
Хэрэгт Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102 дугаартай сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол авагдсан хэдий ч хөнгөн гэмт хэрэг үйлдснээс хойш 6 сарын хугацаа буюу Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага 16.579.500 төгрөгийг Ч.О т хувааж хариуцуулан гаргуулна гэдгээ нотолж чадахгүй байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд 2012-2013 он, 2014 оны эхний 11 дүгээр сарын 24-н хүртлэх хугацааг хамруулан санхүүгийн хяналт аудитын шалгалт хийгдсэн байх ба Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиралын 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/34 дугаартай, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/60 дугаартай Тооллогын комисс томилох тухай тушаалд нягтлан бодогч Ч.О /хариуцагч/-ийг оруулаагүй, 2014 оны 5 дугаар 29-ны өдрийн А/15 дугаартай Хагас жилийн тооллогын комисс томилох тухай тушаалд нягтлан бодогч Х.Бямбасүрэн томилогдсон тушаал, мөн хэрэгт тухайн шалгалтанд хамрагдсан зарим хугацаанд нягтлан бодогч Хоролгочоо овогтой Бямбасүрэнг ажилд томилсон тушаал авагдсан байгаа нь хамтран хариуцагч Ч.О т төлбөрийг хувааж хариуцуулах үндэслэлгүй, харин дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргах, түүнээсээ татгалзах эрхтэй ба нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Т нь хамтран хариуцагч Ж.Б гаас гаргуулах төлбөр, нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд хариуцагч Ж.Ц т зохих цаг хугацаанд, эрх бүхий албан тушаалтан ажил үүргийнхээ дагуу тухай бүр нь хяналт тавиагүйн улмаас 2012-2014 оны 11 дүгээр сарын 24-ны хооронд 16.579.500 төгрөгний дутагдал гаргахад нэхэмжлэгч байгууллага болох Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургууль нь хохиролын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаас 6.579.500 төгрөгийг багасгаж, хохиролд 10.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулид олгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулиас ....1.500.000 төгрөгний үнэтэй плитаг гал тогооны засварт хийсэн, мөн залуу багш нарын зөвлөгөөнд оролцсон багш нарын шагналд хувиасаа өгсөн 1.830.000 төгрөг, нийт 3.330.000 төгрөг....-ийг гаргуулна гэх боловч хариуцагч Ж.Ц ын шүүх хуралдаанд ....сөрөг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримт бол махны зооринд хийсэн засварын баримт байгаа юм. Би буруу баримт гаргаж өгсөн байналээ.... гэх тайлбар мэдүүлэг өгч байх ба сөрөг нэхэмжлэлттэй холбоотой баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй ба төлбөрийн №574, 575, 573 дугаартай хүсэлт, нэхэмжлэх, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 12 жилийн ахлах сургуулийн захирлын 2013 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн А/44 дугаартай Залуу багш-2013 өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулах тухай тушаал, Нийгмийн ардчилал М ын залуудын холбооны ....Залуу багш-2013 тэмцээнийг Цагаан-Уул сумын ЕБСургуультай хамтран зохион байгуулж 1, 2, 3 дугаар байрын багийн шагналыг манай холбооноос гаргасан нь үнэн болно.... гэх тодорхойлолт, Залуу багш-2013 өдөрлөгийн замын зардлын төсөв, шагнал урамшуулалд зарцуулсан цуваа, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын Хөрөнгө зарцуулах тухай тушаал, төлбөрийн №420 дугаартай хүсэлт, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан доорхи баримтуудыг шүүх үнэлээгүй болно. Учир нь: 34 дүгээр хуудсанд авагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй болон хэрэгт нотлогооны ач холбогдолгүй, 61-86, 118-121, 123, 125, 133-134, 140, 142, 180-181-р хуудсанд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбарууд байна. 89-94-р хуудсанд авагдсан баримтууд нь 108-113-р хуудсанд авагдсан баримттай давхардсан, 208-р хуудсанд авагдсан тодорхойлолтыг ямар албан тушаалтан гаргасан нь тодорхойгүй, 209-р хуудсанд авагдсан болон 210-211-р хуудсанд авагдсан тодорхойлолтууд нь хэнд юуны талаар хийж өгсөн нь ойлгомжгүй тодорхойлолтууд авагдсан байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Ж.Ц аас 10 сая төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 174.950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн нэхэмжлэлтэй хамтран хариуцагч Ж.Б д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 497.1, 510.1, 514.1-т зааснаар хамтран хариуцагч Ч.О т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.Ц аас 10.000.0000 /арван сая/ гаргуулж нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.579.500 /зургаан сая таван зуун далан есөн мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар хариуцагч Ж.Ц ын 3.330.000 /гурван сая гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Ж.Ц аас 174.950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулах, сөрөг нэхэмжлэлд төлсөн 62.950 /жаран хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БЯМБАСҮРЭН
Г.ДАВААХҮҮ