Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/10

 

Б.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О даргалж, шүүгч Р.М, Ш.Т нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор Ч.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д

Шүүгдэгч Б.Г

Нарийн бичгийн дарга Б.Н нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.У даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Б.Гийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Гд холбогдох 222200....  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Тын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Ө суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, Дундговь аймгийн Ө сумын З ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дундговь аймгийн Ө сумын . дүгээр баг . тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д овогт Баийн Га /РД:/

Шүүгдэгч Б.Г нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд 2 өрөө байрны урьдчилгаа болох нь 40.000.000 төгрөгийг иргэн Б.Цыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт Бийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт Бийн Гд 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдэж, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар хохирогч цаашид гарах хохирлын талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
  2. Шүүгдэгч Б.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний бие хохирогч Б.Цаас 40 сая төгрөг хууран мэхэлж авсан хэрэгт холбогдож анхан шатны шүүхээс 1000 нэгжээр торгуулсан. Миний зүгээс улсын яллагчийн зүйлчлэн ирүүлсэн ялын зүйлчлэлтэй маргаагүй, өөрийн буруутай үйлдлээ гүнээ ухамсарлан гэмшиж, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан.

                  Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчлан заасныг баримтлан уг гомдлыг гаргах үндэслэл болсон.

                  Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “..хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан” зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг хуульчлан заасанд миний үйлдэл хамаарахаар байна.

                  Мөн Монгол улсын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”. 1.1 “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж хуульчлан заасанд Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэг хамаарахаар байна.

           Уг гэмт хэрэгт холбогдсон үеэс өөрийн буруутай үйлдлээ гүнээ ухамсарлаж, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулж, дахин ийм үйлдэлд холбогдохгүй ажиллаж амьдрах болно гэдгийг эрхэм шүүгч нарт батлан хэлэхийг хүсэж байна.

 Иймд дээрх хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд болон хуульд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох хууль зүйн үндэслэлүүдийг харгалзан үзэж Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 07 өдрийн 2023/ШЦТ/.. дугаартай тогтоолоор оногдуулсан торгох ялыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-т заасны дагуу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг харахад анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан зүйл биш. Хуульд заасан боломжийг хэрэглэж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Б.Г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлыг барагдуулсан. Мөн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэсэн агуулгыг хууль тогтоогч нар 2022 оны 12 сарын 16-ны өдөр оруулж ирсэн. Хэргийн материалтай танилцахад уг хэргийн зүйлчлэл дээр бол маргах зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт зааснаар нотолбол зохих байдал нотлогдсон байна. Хохирогч руу шилжүүлсэн 40 сая төгрөг данс болон тодорхой үйл баримттай байгаа учир  маргахгүй. Б.Г гомдол гаргах болсон шалтгаан нь эрхэлж байгаа ажил, албан тушаал, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн 6.7-д зааснаар анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулсан ялыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл байна. Хэргийн үйл баримтыг харахад бизнест нь ковидын нөхцөл байдал  нөлөөлсөн байдаг. Эдгээр зүйлийг харгалзан үзэж, гаргасан гомдлыг нь хүлээн авна уу гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг хангасан. Ялаас чөлөөлөх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал учир ямар нэг тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанаар Бийн Гд холбогдох хэргийг шүүгдэгчийн гомдлын дагуу хянав.

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 07 сарын 18-наас 2019 оны 11 сарын 04-ний хооронд 2 өрөө байр өгөх нэрийдлээр бодит байдлыг  нуух замаар иргэнийг төөрөгдөлд оруулж, Б.Цын 40.000.000 төгрөгийг залилан мэхлэх замаар авч ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Иргэн Б.Цын гомдолд үндэслэн Прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж Б.Гийг 2022 оны 10 сарын 29-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шүүхэд шилжүүлснийг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад  2023 оны 03 сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/... тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ял оногдуулж шийтгэжээ.

Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах, анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хуульд заагдсан эрх ашиг боломжийг ноцтой зөрчиж, хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, зөвхөн яллах талыг баримталсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д заагдсан ... хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл бүхий байна.

Шүүгдэгчид холбогдуулан явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг доорх үндэслэлээр “зөвхөн яллах тал”-ыг баримталсан гэж үзэх нөхцөлтэй байна.

Энэ хэргийн хохирогч Б.Ц  Б.Г нар нь 2019 оны 7 сард 40.000.000 төгрөгийг байр худалдан авах нэрээр тохиролцон шилжүүлэн авсан болох нь санхүүгийн баримтаар тогтоогдож энэ үйлдэлд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаах саналыг 2022 оны 09 сарын 05-ны өдөр Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч дэслэгч З.Г Прокурорын газрын Ч.О прокурорт гаргажээ.

Мөрдөгчийн үндэслэл бүхий саналыг прокурорын зүгээс чухам ямар үндэслэлээр эс зөвшөөрсөн нь тодорхойгүй нөхцөлд татгалзжээ.

Прокурорын 2022 оны 09 сарын 19-ний тогтоолд Б.Цаас 2022 оны 11 сарын 04-ний өдөр иргэн Б.Гид шилжүүлсэн 3000000 төгрөгийн баримтыг прокурорын хяналтад гаргаж өгсөн гэх хэрэгт холбогдолгүй гэж үзэхээр үндэслэлийг заасан тогтоол хавтаст хэргийн 54-р талд авагдсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд прокурорын тогтоол гарах үед ийнхүү дурдагдаад байгаа баримт хэрэгт орж ирсэн эсэх нь тодорхойгүй байна. Прокурорын тогтоол гарснаас хойш буюу 2022 оны 09 сарын 30-ны өдөр Б.Ц хохирогчоор мэдүүлэг өгөхдөө дурьдсан ба банкны хуулганы баримт нь эрх бүхий байгууллага болон ямар албан тушаалтан хүлээн авсан болон уг үйл явдлын огноо тодорхойгүй тэмдэглэгээгүй байна. Энэ байдлаас үндэслэн дүгнэхэд яллагдагчийн эрх ашгийг хангах ажиллагаа явагдаагүй байх бөгөөд 2022 оны 11 сарын 04-нөөс 1 сар гаруй хугацааны өмнө яллагдагчаар татаж мөн долоо хоногийн өмнө яллах дүгнэлт үйлдсэн байна.

Энэ нь эрүүгийн хуулийн ерөнхий ангид заагдсан хөөн хэлэлцэх хугацааг Б.Гид оногдуулсан эрүүгийн хуулийн зүйл ангийн хувьд хүчинтэй байх нөхцөлийг бүрдүүлж заавал шийдвэрлүүлэх санаа бүхий байжээ гэж үзэх үндэстэй.

Учир нь дээрх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь хэмт хэргийн санаа зорилго бүрдэж, үйлдэл төгссөн 2019 оны 8 сарын 12-ноос тоологдох үндэслэл бүхий байжээ.

Шүүгдэгч Б.Гийн үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хэрэг нь өршөөлд хамрах бүрэн үндэстэй бөгөөд прокурорын зүгээс яллагдагчид хуулиар олгогдсон энэ эрхийг эдлүүлээгүй, шүүх ч үүнийг зохих ёсоор анхаараагүй байгаа нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаарх хуульд заагдсан үндэслэлийг бий болгосон байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж хуульчилжээ.

Хуулийн 7.2-д заасан нөхцөл нь  яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тухай юм.

Яллагдагч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хохирогч Б.Цд төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдлууд нь мөрдөлтийн шатанд тогтоогдсон байжээ.

Иргэний эрх ашгийг хамгаалж төрийн хуулийн энэрэнгүй зарчмыг хангаж гарсан хуулийн заалтыг хангахгүйгээр яллагдагчийн хууль ёсны эрхийг зөрчин шүүхэд шилжүүлж ял шийтгэл оногдуулахад хүргэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэргийн оролцогчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж үзэх үндэслэлийг бий болгож байх бөгөөд энэхүү зөрчлийг залруулж зөвтгөх ёстой.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1-д заасан өршөөл үзүүлэх арга хэмжээг хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д зааснаар прокурорын тогтоолоор хэрэгжүүлэх ёстой нэгэнт энэ үйл ажиллагаа хийгдээгүй шүүхэд ирүүлжээ.

Энэ тохиолдолд шүүх уг Өршөөлийн үзүүлэх  ажиллагааг хэрэгжүүлэх эрх олгосон байгаа ч Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуулийн заалтыг хэрэглээгүй орхигдуулжээ.

Иймд яллагдагч шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчиж, шүүгдэгчийн эрх ашгийг хохироосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвтгөн, хэрэглэх ёстой хууль болох Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж, шүүгдэгч Б.Гийн үйлдлийг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс тогтоосон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаар шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.О

 

                                         ШҮҮГЧИД                            Р.М

 

                                                       Ш.Т