| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00437/И |
| Дугаар | 155/ШШ2016/00678 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2016/00678
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1993 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн ......... ангийн ............ ажилтай, ам бүл 4, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ..... дугаар гудамжны .... тоотод оршин суух Ж овогт Х-ын Л /................../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ...... дүгээр гудамжны ....... тоотод оршин суух Б овогт Б-ын Б /................./-д холбогдох,
Зээл, зээлийн хүү, алданги, нийт 11.250.000 /арван нэгэн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 155/2016/0437/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Х.Л , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Ч-ын О нь 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Б.Б гэх хүнд 3.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан бөгөөд ээж маань Б.Бтай зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан юм. Би Б.Бд холбогдуулж 2015 оны 12 дугаар сард нэхэмжлэл гаргах гэсэн хэдий ч удахгүй өгнө гэсэн учраас хойшлуулсаар 2016 оны 04 дүгээр сард шүүхэд хандсан. Б.Б-ыг мөнгөө өгөхгүй болохоор нь алданги, хүү тооцож авахгүй, үндсэн зээлээ төлчих гэж гуйж байсан. Би зээлийн гэрээний 2.32.6-д заасныг үндэслэж шүүхэд хандсан. Тиймээс үндсэн зээл 3.000.000 төгрөг, хүү 4.500.000 төгрөг, алданги 3.750.000 төгрөг, нийт 11.250.000 төгрөг нэхэмжилж байна.
Би 3.350.000 төгрөгөөр эвлэрч байна.гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Б нь 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд 3.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн гэж тайлбарладаг. Гэхдээ 3.000.000 төгрөгөөс 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 300.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 600.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 700.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөг өгсөн гэдэг. Хариуцагч Б.Б 3.350.000 төлөхийг зөвшөөрч байгаа. Учир нь хариуцагч нь хүүгийн хамт 3.900.000 төгрөг төлөх учиртай. Үүнээс төлсөн 1.600.000 төгрөгийг хасаад 2.300.000 төгрөг болж байгаа юм. Уг 2.300.000 төгрөгт хоногийн 0.3 хувийн алданги буюу хоногийн 700.000 төгрөг, 150 хоногийн 1.050.000 төгрөгийн хүү тооцогдож нийт 3.350.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Л нь хариуцагч Б.Бд холбогдох зээл, зээлийн хүү, алданги, нийт 11.250.000 /арван нэгэн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3.350.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Х.Л гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194.950 төгрөгийн тал хувь болох 97.475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Баас 34.275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Л гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бд холбогдох, зээл, зээлийн хүү, алданги, нийт 11.250.000 /арван нэгэн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 3.350.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194.950 төгрөгийн тал хувь болох 97.475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Баас 34.275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ