Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2016/00679

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Б.Отгонбямба нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: МХС  Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЗГ  барилга угсралтын ХЗ  хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох

Гэм хорын хохирол 1.899.370 /нэг сая найман зуун ерэн есөн мянга гурван зуун дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Ч.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч МХС  Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЗГ  барилга угсралтын ХЗ  ХХК нь Мөрөн сумын 1 дүгээр хороо чиглэлд хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэж байхдаа 2014 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 17:50 цагт манай компанийн хариуцсан Алаг-Эрдэнэ, хатгал чиглэлийн сум хоорондын газрын шилэн кабелийг тасалж гэмтээснийг манай байгууллага өөрсдийн хөрөнгөөр засварласан. Энэ гэмтлийн улмаас манай байгууллагад 1.899.370 төгрөгийн хохирол учирсан юм. Уг гэмтлийг болон хохирлын тооцоог хариуцагч тал хүлээн зөвшөөрч 2014.05.03-ны өдрийн Хот хоорондын шилэн кабель гадны нөлөөтэй таслагдсан гэмтлийн акт-д гарын үсэг зурсан юм. Ингээд хохирлыг төлөхгүй байгаа учир манай компани хариуцагч талд удаа дараа төлбөр хохирлоо төлөхийг албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр хохирлыг төлөхгүй байгууллагыг хохироож байгаа тул хохирол 1.899.370 төгрөгийг хариуцагч ХЗ  ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Монгол Улсын харилцаа холбооны газраас олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн өмчид байгаа харилцаа холбооны шугам сүлжээг хариуцаж, шугамын хариуцах хамгаалах зурваст ямар нэгэн ажил үйлчилгээ, үйл ажиллагаа явуулахдаа манай байгууллагаас зохих зөвшөөрөл, техникийн нөхцөл авсны дараа ажил үйлчилгээ явуулах боломжтой байдаг. Хариуцагч талаас манай байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа явуулж манай байгууллагад 1.899.370 төгрөгийн хохиол учруулсан. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар хороонд ХЗ  ХХК үйл ажиллагаа явуулсан. Райдер Сөрч ХХК зургийн компани нь манай байгууллагаас 5, 6 дугаар хороонд зураг гаргахаар техникийн нөхцөл авсан. Харин 1 дүгээр хороо чиглэлд техникийн нөхцөл зөвшөөрөл аваагүй. Хаанаас тийм тамга тэмдэггүй баримт олж авсныг бол мэдэхгүй байна. Манай зүгээс ямар нэгэн баталгаажсан баримт гараагүй. Замын ажил хийгдэж байгаа тохиолдолд манай байгууллага хөндлөнгийн хяналтыг байнга хийж байдаг. Техникийн нөхцлөө авсан бол мэргэжлийн хүмүүсийг заавал байлцуулдаг. Хариуцагч компани нь албан ёсоор техникийн нөхцлөө авсан байсан бол ийм асуудал гарахгүй байх байсан. Иймд бидний хохирлыг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ЗГ  барилга угсралтын ХЗ  хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан тайлбартаа: МХС  төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани Хөвсгөл аймгийн газраас манай компанид нэхэмжлэл гаргажээ. Бид тухайн нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажил эхлэхийн өмнө бид техникийн нөхцөл авахад газрын кабель айлын хашаан дотор байгаа гэсэн зураглал өгсөн. Гэвч бодит байдал дээр кабель зургийн дагуу хийгдээгүй байсан. Иймд бид тухайн кабелийг зураг төсвийн дагуу хийгдээгүй инженерийн байгууламж гэж үзэж тухайн компаниас шилэн кабелийн шугам сүлжээний ажлын зураг, бидэнд өгсөн зураг өөрчлөгдсөн бол өөрчлөгдсөн талаарх авторын дүгнэлт, хүлээн авсан комиссын акт зэргийг шаардсан боловч бидэнд огт өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Манай компанийн зүгээс бидэнд өгсөн зураглал өөрчлөгдсөн талаарх авторын дүгнэлт, комиссын акт зэрэг баримт нотолгоо байгаа тохиолдолд төлбөрийг төлнө гэсэн тайлбартайгаар гэмтлийн актанд гарын үсэг зурсан. Иймд бид нэхэмжлэлийг бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага бол гүйцэтгэгч байгууллага юм. Райдер Серч ХХК нь тендерт ялаад манай байгууллагад зураг төслөө гаргаж өгсөн. Энэ зургийн дагуу манайх ажлаа хийсэн. Манай талаас акт дээр гарын үсэг зурахдаа тасалсан нь үнэн, танай байгууллага энэ зургийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол албан ёсны зургаа гаргаад өгөөрэй гэж хэлсэн. 2015 оны 08 дугаар сард манай байгууллага анхан шатны шүүх хуралдаанд 1. Мөрөн сумын 1 дүгээр хорооны газрын зураг төслийг ямар компани хийсэн юм бэ. 2. Кабелийг буулгах ажлыг ямар компани гүйцэтгэсэн, 3. Актаа танай байгууллагад ямар үндэслэлээр хүлээлгэж өгсөн юм бэ гэсэн зүйлүүдийг нотлоод өгөөч гэж хэлж байсан. Одоо болтол энэ асуудлыг нотлоогүй л байгаа. Мөрөн сумын 5 дугаар хорооны зургийг яаж авсан нь тодорхойгүй байна гэж тайлбарлаж байна. Энэ бол нэг багц ажлын хүрээнд хийгдсэн зураг юм. 3.6 км авто замын ажлын нэг багц ажил юм. Дээрх зурагнууд 2 хоногийн зайтай гарсан зурагнууд байдаг. Тиймээс аль нэг зургийг хуурамчаар үйлдэх боломжгүй юм. Райдер Серч ХХК зураг төслөө гаргаж, түүний дагуу манайх ажлаа гүйцэтгэсэн. Дараагийн эрсдлийг зураг төсөл хийсэн компани нь хариуцна шүү дээ. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа зураг дээр агаарын кабель, шилэн кабелийн зураг байдаг. Шилэн кабель нь айлын хашааны гадуур, агаарын кабель нь хашаан дотор явсан байдаг. Бид нар хашааны гадуур ажлаа хийгээд байж байтал шилэн кабел нь таслагдчихдаг. Манай байгууллага кабел тасалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Зургаа зөрчөөд ажлаа гүйцэтгэсэн үгүйг нотлох хэрэгтэй шүү дээ. Зургийн дагуу л ажлаа гүйцэтгэсэн. Тухайн зам 1.1 км зам байсан. Энэ замтай тухайн кабель паралель байсан. Зам яагаад мурийсан талаар мэдэхгүй байна. Замын ажилтай, кабель давхцсан, хөндлөн гарсан тохиолдолд тусламж, зөвшөөрөл авах л байсан. Зураг төслийг хийсэн компани нь бүх техникийн нөхцлийг хангаад барилга хот байгуулалтын газар, Хөгжлийн бодлогын хэлтэс, Худалдан авах ажиллагааны газар зэрэг газруудаар дамжиж ирсэн зураг юм. Манай байгууллага тендерт орохын өмнө зураг төслөө авдаг. Журмынхаа дагуу авсан зураг гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч МХС  төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн газар нь хариуцагч ЗГ  барилга угрсалтын ХЗ  хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан гэм хорын хохирол 1.899.370 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч ЗГ  барилга угрсалтын ХЗ  хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Мөрөн сумын 1 дүгээр хорооны чиглэлд хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэж байхдаа 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр сум хоорондын шилэн кабель тасалж гэмтээсэн болох нь Хот хоорондын шилэн кабель гадны нөлөөтэй таслагдсан гэмтлийн акт /хавтаст хэргийн 4, 5 дугаар хуудас/, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх ба талууд дээрх гэмтлийн улмаас учирсан хохирол болох 1.899.370 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримтын талаар маргаагүй болно.

Харин хариуцагч нь тухайн шилэн кабелийн угсралтын ажил зургийн дагуу хийгдээгүй, шилэн кабелийн ажлыг ямар компани, ямар зургаар гүйцэтгэж бидэнд өгсөн зураг өөрчлөгдсөн тухай авторын дүгнэлт, үүнийг комисс хүлээн авсан баримтгүй, мөн ажил эхлэхийн өмнө техникийн нөхцөл авахад газрын кабель айлын хашаан дотор байгаа гэсэн зураглал өгсөн боловч бодит байдал дээр кабель бидэнд өгсөн зургийн дагуу хийгдээгүй байсан тул хохирлыг хариуцахгүй гэж, нэхэмжлэгч байгууллага нь ХЗ  ХХК нь Мөрөн сумын 1 дүгээр хорооны чиглэлд хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэхдээ манай байгууллагаас албан ёсоор техникийн нөхцөл, зөвшөөрөл аваагүй, холбооны кабелийн хамгаалах зурваст хуулийн дагуу ажил үйлчилгээгээ явуулаагүй тул гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү гэж мэтгэлзэж байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь:

Мөрөн сумын 1 дүгээр хороо, Алаг-Эрдэнэ сумын шилэн кабелийн угсралт суурилалтын ажлын зураг нотлох баримтын шаардлага хангахгүй, файл хэлбэртэй байгаа болох нь Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газрын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1006 дугаартай албан бичигт манай газарт байгаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр хороо, Мөрөн, Алаг-Эрдэнэ чиглэлийн шилэн кабелийн угсралт суурилуулалтын ажлын зураг нь нотлох баримтын шаардлага хангаагүй, онлайн хэлбэрээр байгаа бөгөөд төслийг гүйцэтгэсний дараа зургийг Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт шилжүүлж мэдээллийн санд бүртгүүлэн баталгаажуулсан болно. гэх албан бичиг /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,

Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4/541 дугаартай албан бичигт МХС ТӨХХК нь захиалагчийн хүрээнд өөрсдөө улсын комисс ажиллуулан хүлээж авсан, ажил эхлүүлэх зөвшөөрөл болон бусад хууль, эрх зүйн актын хүрээнд манай байгууллагад хандаагүй, тус ажлын зураг, төсөв холбогдох гүйцэтгэлийн баримт бичгийг хүлээлгэж өгөөгүй, өгөгдсөн техникийн нөхцлийн дагуу бид замын трассыг тавьсан ба техникийн нөхцлийн тодруулгыг ХЗ  ХХКомпани манай байгууллагаар дамжуулан аваагүй болно /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/ гэх баримтуудаар тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч байгууллагын шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас авсан Мөрөн, Алаг-Эрдэнэ чиглэлийн сум хоорондын газрын шилэн кабелийн зураглал нь засвартай, зураглалыг файл хэлбэрээр ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлж шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх талаар нэхэмжлэгчийн эрх, үүргийг тодорхойлсны дагуу бичмэл нотлох баримтын эхийг гаргаж өгөх боломжгүй байгаа, энэ талаар учирч байгаа бэрхшээлийнхээ талаар дурдах, түүнчлэн нотлох баримт хадгалагдаж байгаа газарт нь үзлэг хийлгүүлэх, шинжлэн судлах талаар хүсэлтийг гаргаагүй тул шүүх дээрх нотлох баримтыг үнэлж шийдвэрлэх боломжгүй байна.

Түүнчлэн эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байдаг тул нэхэмжлэл гаргаж байгаа тал өөрт гэм хор учирсан болохыг, түүний хэмжээг нотлох үүрэгтэй ба энэ үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, ЗГ  барилга угрсалтын ХЗ  хязгаарлагдмал хариуцлагатай компани нь МХС  төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн газарт хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч МХС  төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.340 /дөчин таван мянга гурван зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч МХС  Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ЗГ  барилга угсралтын ХЗ  хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох гэм хорын хохирол 1.899.370 /нэг сая найман зуун ерэн есөн мянга гурван зуун дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.340 /дөчин таван мянга гурван зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА