Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2016/00132

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.Г-д  холбогдох

Машины төлбөрийн үлдэгдэл 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 11 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2015/01168/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Д.Б-, хариуцагч Ж.Г- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Автомашин авсны үлдэгдэл зардал болох 250.000 төгрөгийг гарын үсгийн баталгаа нотариатаар гаргуулан авч 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгнө гэж тохирсон боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй, мөнгөө авъя гэтэл урдаас хэл амаар доромжлон бүдүүлэг харьцаж байсан тул миний автомашины төлбөрийн үлдэгдэл болох 250.000 төгрөгийг Ж. Гантулгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ж.Г-д машинаа зараад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлбөрийг авч дуусгахаар тохирсон байсан юм. Ж.Г- 200.000 төгрөгийг 12 дугаар сар, 01 дүгээр сард цувуулж өгье гэсэн бөгөөд надад бөөнөөр нь авбал ашигтай учраас би 250.000 төгрөг авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанаар оръё гэсэн юм. Ж.Г- нь надад цагаан сараас өмнө 200.000 төгрөг төлнө гэсэн учир нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр уг мөнгийг авахаар хариуцагчтай эвлэрч байна гэв.

Хариуцагч Ж.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Б-аас машин худалдаж аваад 200.000 төгрөгийг Ж.Г-д өгөөгүй байсан. Цувуулаад өгье гэсэн боловч зөвшөөрөөгүй, шүүх хуралдаанаар орж байгаа юм. Би сар бүрийн 04-ний өдөр банкны зээл 400.000 төгрөг төлдөг болохоор цагаан сараас өмнө 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 200.000 төгрөгийг Ж.Г-д өгч хохирлыг барагдуулахаар эвлэрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Ж.Г-д холбогдох машины төлбөрийн үлдэгдэл 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч 50.000 /тавин мянга/ төгрөг гаргуулахаас татгалзан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг авахаар хариуцагч Ж.Г-тай эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8.599 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Г-ас 200.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 6.650 төгрөгийг гаруулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б-ы нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Г-д холбогдох машины төлбөрийн үлдэгдэл 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8.599 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Г-ас улсын тэмдэгтийн хураамж 6.650 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА