Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2016/01117

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1972 онд төрсөн, ********** дугаар регистртэй, Х.А

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2016/00993/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Д.А  нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.А  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1988 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлт авч мал маллахаар хөдөө гарсан. Тэгээд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үхэр авч сааль сааж эхэлсэн. 1991 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан. Нэгдэлд ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн дэвтэр өгөөгүй. Би группийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг бөгөөд дээрх хугацаанд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа болохоор шүүхэд хандсан. Мөн миний ажиллаж байсан үетэй холбоотой тушаал баримт байхгүй, цалингийн түүвэр гаргуулахад зарим сар, жилийн бичилт дутуу байгаа юм. Иймд намайг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.А  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Д.А  Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.А ын 1989 оны 1 дүгээр сараас 1991 оны 8 дугаар сарыг хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1. Мөрөн 10 жилийн сургуулиас өөрсдийн саналаар ажиллахаар ирсэн... Мөнхжаргал... нарыг... МАА-н 13-р хэсэгт 7-р сарын 01-нээс томилсугай... гэх бичилттэй Илгээлтийн эздийг ажилд томилох ба халамжлан хүмүүжүүлэгч томилох тухай 43 дугаартай тушаалын хуулбар, гэрч П.Жавзандолгорын ...Д.А  нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 4 дүгээр бригадад 1988 оноос 1991 оны 9 сар хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан. 1992 он гээд нэгдэл нийгэм тарж малчид хувийн малаа малласан... 8 дугаар анги төгсөөд илгээлтээр мал дээр гарч байсан. 1988 оны 7 сарын үеэс илгээлтийн эзнээр ирж... тасралтгүй ажиллаж байсан. Фермийн үхэр саадаг байсан. Би Мандал нэгдэлд бага наснаас ажилласан. 4 дүгээр анги төгсөөд малын захад байж ээжийнхээ туслах малчин, саальчнаар ажиллаж хөдөлмөрийн нас хүрээд цалин хөлс авч ажилласан. Нэгдэлд 1971 оноос 1992 он хүртэл ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Л.Баттогтохын ...Д.А  нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр 1988 оны 7 сард ирээд саальчнаар ажиллаж 1991 оны 8 сарыг дуустал ажилласан. Тэгээд нэгдэл ч тарсан... 1991 оноос хувьчлал явагдаж малаа шилжүүлсэн... тасралтгүй ажиллаж байсан. Үнээгээ саах, сүүгээ тушаах гол ажилтай байсан. Орой, өглөөдөө сааль саах ажилтай... Би Мандал нэгдэлд 1979 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр очоод 1980-1983 онд цэрэгт явсан. 1983-1989 онд хоньчин, 1989-1991 онд фермийн эрхлэгч хийж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. Иймд Д.А ын Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолоо.

Д.А ын ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Тус аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1991, 1992 оны тушаал манай архивт байхгүй тул Д.А д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна... гэх бичилттэй 3/453 тоот тодорхойлолтоор нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн ба хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************ Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА