Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2016/00680

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би

Нэхэмжлэгч: Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ….. дугаар багийн ……. тоотод оршин суух Х  овогт Г-ийн Д /................./,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ………… дугаар багийн …………. тоотод оршин суух Х  овогт Д-ийн Ч /......................../ нарт холбогдох

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 8.512.381 /найман сая таван зуун арван хоёр мянга гурван зуун наян нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2016/0480 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г  овогтой Д , хамтран зээлдэгч Д  овогтой Ч  нар нь Төрийн банктай 2014 оны 6 дугаар сарын 17-нд 2025/23235001 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 22.8 хувийн хүүтэй зээлж авсан. ...Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлдэгч Г  овогтой Д , хамтран зээлдэгч Д  овогтой Ч  нар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 8.218.393 төгрөг, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 293.988 төгрөг, нийт 8.512.381 төгрөг байна.

Иймд Г  овогтой Д , хамтран зээлдэгч Д  овогтой Ч  нар нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж нийт 112 хоногоор хугацаа хэтрүүлсэн. Иймд Төрийн банкны зүгээс гэрээгээ цуцлаж байгаа тул зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 8.512.381 төгрөгийг зээлдэгч Г.Д , хамтран зээлдэгч Д.Ч  нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д  шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Д  би Төрийн банкнаас авсан зээлийн төлбөрийг эхний шатанд сарын төлөлт хүүг төлж барагдуулна. Үлдэгдэл зээлийн төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулахаар тус банктай тохиролцсон болно. Би энэхүү сарын төлөлт хүүгээ 2016 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна. Энэ төлөлт маань 2.409.100 төгрөг болно. Үлдэгдэл 6.103.400 төгрөгийг графикийн дагуу сарын 500.000 төгрөгөөр 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл төлж дуусгахаар тохиролцсон болно гэжээ.

Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г  овогтой Д , Д  овогтой Ч  нарт холбогдох нэхэмжлэл гаргасан бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 8.218.393 төгрөг, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү 293.988 төгрөг, нийт 8.512.381 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2017 оны 6 дугаар сарын 17-ны дотор зээлийг дараах нөхцөлөөр бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 30-ны дотор хугацаа хэтэрсэн дүн болох нийт 2.409.100 төгрөгийг төлж, үлдэгдэл 6.103.281 төгрөгийг сар бүрийн 17-ны өдөрт багтаан 500.000 төгрөгөөр төлж байхаар харилцан тохиролцсон болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Г.Д , Д.Ч  нарт холбогдуулан 8.512.381 /найман сая таван зуун арван хоёр мянга гурван зуун наян нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д  нь зээлийн хугацаа хэтрэлт 2.409.100 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлж, үлдэгдэл төлбөрийг сар бүр 500.000 төгрөгөөр 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг дуустал зээлийн графикийн дагуу төлөхөөр тайлбар гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151.148 /нэг зуун тавин нэгэн мянга нэг зуун дөчин найм/ төгрөгийн тал хувь болох 75.574 /далан таван мянга таван зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Д , Д.Ч  нараас 75.574 /далан таван мянга таван зуун далан дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Д , Д.Ч  нарт холбогдох, 8.512.381 /найман сая таван зуун арван хоёр мянга гурван зуун наян нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Г.Д , Д.Ч  нар зээлийн хугацаа хэтрэлт 2.409.100 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлж, үлдэгдэл төлбөрийг төгрөгөөр 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг дуустал сар бүр 500.000 төгрөгөөр зээлийн графикийн дагуу төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 201оны 4 дүгээр сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151.148 /нэг зуун тавин нэгэн мянга нэг зуун дөчин найм/ төгрөгийн тал хувь болох 75.574 /далан таван мянга таван зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Д , Д.Ч  нараас 75.574 /далан таван мянга таван зуун далан дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ