Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 119/ШШ2024/0041

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж, шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “М” ХХК, гүйцэтгэх захирал М.А

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Д,

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,  

Хамтран хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Оюунтуяа, Д.Галбямба, Н.Эрдэнээ нарын хоорондын  

Нэхэмжлэлийн шаардлага: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” С-112-12/4462 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, зохих журмын дагуу Хуудсан ган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102115 дугаартай тендерийг дахин үнэлүүлэх үйл ажиллагаа явуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хороонд даалгах”-ыг хүссэн тендерийн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяа, Д.Галбямба, Н.Эрдэнээ, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М” ХХК нь ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” С-112-12/4462 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, зохих журмын дагуу Хуудсан ган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102115 дугаартай тендерийг дахин үнэлүүлэх үйл ажиллагаа явуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/23 дугаар тушаалаар “Хуудсан ган” /ЭҮТӨҮГ/20240102115/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан ба 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нээлттэй тендер шалгаруулалтыг зарлажээ.

3. 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч “М” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

4.1. Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 17 дугаарт GВ/Т 4237-2015 стандартыг зөвхөн тендерийн бичиг баримтын техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт хэсэгт GВ/Т 4237-2017 гэж сүүлийн цифрийг алдаж бичсэн. Сүүлийн дөрвөн орон зөвхөн тухайн стандарт батлагдсан оныг илэрхийлж буй тул манай илгээсэн стандарт шаардлага хангахгүй гэж үзэх бүрэн үндэслэл болж чадахгүй. Тендерийн материалдаа энэхүү гангийн марк нь захиалагчийн шаардсан бүтээгдэхүүний физик, механик болон химийн шинж чанараараа GВ/Т 4237-2015 стандартаар нийцэж байгаа тухай чанарын сертификат тендерийн баримт бичигтээ хавсарган явуулсан. Иймээс манай компанийн зүгээс хуульд заасан тодорхойгүй хэсгийг захиалагч тал манай компаниас тодруулах бүрэн боломжтой байсан хэдий ч тодруулаагүй нь хуульд заасан боломж, нөхцөлийг ашиглахгүйгээр хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж манай тендерээс татгалзсан гэж тодорхойлжээ.

5. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газраас зарласан хуудсан ган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102115 дугаартай тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд захиалагчаас 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдөр СЭ-112-12/4462 дугаартай бидний илгээсэн тендер нь шаардлага хангахгүй тухай мэдэгдэл хүлээн авсан. Манай компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1-д энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасны дагуу тендерт оролцож оролцогч нараас нь тендерийн үнийн саналаараа хамгийн бага үнэтэй буюу 1 дүгээр байрт эрэмбэлэгдсэн. “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газраас 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ирүүлсэн СЭ-112-12/4462 дугаартай мэдэгдлийг хүлээн авсан өдрөө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.1-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн. гомдлыг уг шийдвэр гаргаснаас хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын 5 өдрийн дотор тус тус хүлээн авна гэж заасан.

Хуулийн хугацаанд Монгол Улсын Сангийн яаманд гомдлоо гаргасан. Тус гомдолд 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 03/6255 дугаартай гомдол хянасан тухай албан бичгийг хүлээн авсан. “1 дүгээрт “М” ХХК-ийн тендерт санал болгосон 2 дахь бараа болох Хардокс MN450 нь Хардоксын физик химийн шинж чанарыг бүрэн хангахгүй. Уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч нь Хардоксын үйлдвэрлэгч болох Швед Улсын компанийн албан ёсны зөвшөөрөлгүй шаардлагад нийцэхгүй гэж тус компанийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзсэн. 2 дугаарт “М” ХХК-ийн тендерт санал болгосон 17 дахь бараа болох хуудсан ган төмөр OCR18 NI10TI бүтээгдэхүүний техникийн тодорхойлолтод үйлдвэрийн стандарт GBT 4237-2017 GBT 709-2019 гэсэн бүгд Найрамдах Хятад Ард Улсын цахим хуудас. Chinesestandart.net-с шалгаж үзэхэд GBT 4237-2017 стандартын мэдээлэл байхгүй, тендер шалгаруулалтын баримт бичгийн дээрх шаардлагад нийцэхгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.” гэсэн.

Иймд тендер шалгаруулалтын үйл ажиллагааны хуульд заасан журмын дагуу цааш үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэсэн утга бүхий хариу бид нарт илгээсэн. GBT 4237-2015 стандартыг зөвхөн тендерийн баримт бичгийг техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт хэсэгт GBT 4237-2017 гээд сүүлийн цифрийг 5 байхыг 7 гэж алдаж бичсэн. Сүүлийн 4 орон зөвхөн тухайн стандартыг батлагдсан оныг илэрхийлж буй тул манай илгээсэн стандарт шаардлага хангаагүй гэж үзэх нь бүрэн үндэслэл болж чадахгүй. Тендерийн материалдаа энэхүү гангийн марк нь захиалагчийн шаардсан бүтээгдэхүүний физик, химийн механик болон химийн шинж чанараараа GBT 4237-2015 стандартаар нийцэж байгаа тухай чанарын сертификат тендерийн баримт бичигтээ хавсарган явуулсан. Иймээс манай компанийн зүгээс хуульд заасан тодорхойгүй хэсгийг захиалагч тал манай компаниас тодруулах бүрэн боломжтой байсан хэдий ч огт тодруулга аваагүй, мөн үйлдвэрлэгчээс тодруулга аваагүй, хуульд заасан боломж нөхцөлийг ашиглахгүйгээр хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж манай тендерээс татгалзсан. Манай нэхэмжлэлийн шаардлага бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдөр мэдэгдэл хүргүүлэх тухай СЭ-112-12/4462 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, зохих журмын дагуу хуудсан ган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102115 дугаартай тендерийг дахин үнэлүүлэх үйл ажиллагаа явуулахыг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Үнэлгээний хороонд даалгах шаардлагыг гаргаж байгаа.” гэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талаас оролцож байгаа хүмүүс бид нар мэргэжлийн Үнэлгээний хорооны гишүүн гэж ярьж байна. Манай илгээсэн тендерийн баримт бичиг дотор байгаа эдгээр зүйлсүүдийг шалгаж нягталж нэг бүрчлэн л үзэх ёстой байх. Тэрнээс биш бид нар их тендер зарладаг олон аж ахуйн нэгж юм илгээж байна, тийм зав байхгүй гэсэн юм хуульчийн зүгээс хэлж байна. Энэ бол байж болохгүй тайлбар. Заавал үзэх ёстой. Тэр 2015 байхыг 17 гээд биччихсэн юман дээр чанарын сертификат дээр 2015 гэдгээр байгаа. Энэ бол бодитой үнэн. Өгөгдлийн хүснэгт дээр тавихад нь 17 гээд алдчихсан юмыг огт байхгүй стандарт мэтээр тайлбарлаад байгааг нь гайхаад байгаа. Яаж ч ойлгосон, тэгж ойлгох боломжгүй. Зураг өгөгдлийн хэлбэрээр өгч байгаа NM450 гэдэг материал дээрээ хардоксын зураг тавиад та нар өгөх гээд байна гэсэн. Сайн анзаарвал 3 төрлийн зураг байгаа. Нэг зураг дээр нь хардокстой дүйцэхүйц гэж харуулж байгаа санааг эрэлхийлж тавьсан болохоос биш хардоксын оронд нууцаар юм уу хараагүй байхад нь хийчих ч юм уу тийм санааг илэрхийлэхгүй. Хятад Улсын NM 450 гэдэг материалыг муу, манай үйлдвэрлэлийг доголдуулсан алдагдал хүлээлгэсэн гэдгийг нотлох баримт байна уу. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн юм уу гэдгийг хэлмээр байна.” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу хамгийн анхны зохиосон тендер нь эднийх байгаа. Техникийн тодорхойлолт гэдэг дээр алдаа гаргасан. Хуулийн 12 дугаар зүйлийг зөрчсөн. Шинэ хуулийн 12.4 дээр техникийн тодорхойлолтод тодорхой нэг аж ахуйн нэгж, аж ахуй эрхлэгчийн бараа үйлчилгээг тусгайлан заахыг хориглочихсон. Гэтэл бид Шведийн компанийн юм л авмаар байсан гэж шүүхийн танхим дотор 2 хариуцагчийн төлөөлөгч мэргэжлийн хүн ингэж байна. Бид нар тийм зүйл хүссэн гэдгээ хэлж байна. Шууд Шведийн Хардокс авна гэдэг тендер зарлаж болохгүй хуультай болчихсон. Өнөөдөр энийг мэдэхгүй л явж байна. Сэтгэхүй нь хууль зөрчөөд байгаагаа одоо хүртэл ойлгохгүй сууж байна. 12.5-д нь заавал ийм юм заах гээд байгаа бол эсвэл дүйцэхүйц гэдэг үгийг заавал оруулна, бусадтай өрсөлдөх боломжийг олгоно гэдгийг хууль тогтоогч оруулчихсан. Техникийн баримт бичиг дээрээ тэрийг тусгах ёстой байсан. Энэ тохиолдолд “М” ХХК-ийн бүх стандарт таарч байгаа. Гост гээд дандаа Оросын стандартыг хэрэглээд байгаа. Гэтэл дэлхий чинь шал өөр стандартуудаар эргэж байна. Гол үйлдвэрлэгч Хятад Улс эд нартай дүйцэж байгаа юмнууд нь батлагдаж байна. Одоо болохоор Шведийн Хардокс биш байсан. Тийм учраас бид нар авахгүй. Бүгдээс нь татгалзаад байгаа юм. Бүгд Хятадаас юм нийлүүлэх гээд байна гээд байна. Хууль зөрчсөн баримт бичиг боловсруулж түүгээрээ тендер хийчихээд хүмүүсийг бүгдийг нь Хятадаас нийлүүлэх гэж байна гэж бүх тендерээс нь татгалзчихаад юугаараа тэр шанагаа хийгээд байгааг ойлгохгүй л байгаа.” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар нь хуудсан ган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаж, уг тендер нь 3.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, нээлттэй тендер шалгаруулалтаар байгуулагдахаар тусгагдсан. Үүний дагуу Үнэлгээний хороог “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 23 дугаар тушаалаар байгуулсан. Үнэлгээний хорооны зүгээс уг тендерийг цахим хэлбэрээр сайтад 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдөр нээлтийг зарлаад 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 9 цаг 10 минутад нээлт хийхэд нийт 9 оролцогч саналаа ирүүлсэн байсан. Уг 9 оролцогчийн ирүүлсэн тендер шаардлагад нэг нь ч нийцээгүй буюу стандартын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр бүх тендерээс татгалзаад шаардлагад нийцсэн нэг ч оролцогчдын санал ирсэнгүй гэж Үнэлгээний хороо үнэлээд захиалагчид мэдэгдэл хүргүүлсэн. Үүний дагуу тус тендерийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дахин нээлттэй зарласан. “М” ХХК  2 дахь удаагаа, мөн “Ж” ХХК, “Б” ХХК, “Т” ХХК, “А” ХХК, “С” ХХК, “М” ХХК, “Т” ХХК, “Н” ХХК гээд нийт 9 оролцогч тендерийн баримт бичиг ирүүлсэн.

Үнэлгээний хороо 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр жишиг баримт бичгийн дагуу боловсруулсан тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж үзээд бүх оролцогчийг тендерээс татгалзаж, холбогдох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Тухайн тендер шалгаруулалтад оролцсон “М” ХХК-ийн хувьд тендер шалгаруулалтын баримт бичгийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт болон техникийн тодорхойлолтын доор дурдсан шаардлагуудыг хангаагүй тендер ирүүлсэн гэж тухайн үед үнэлсэн. Үүнд 1 дүгээрт захиалагчид шаардлагатай 2 дахь барааны 2 дугаарт бичигдсэн ган хуудас хардокс 450 гээд энэ дотроо материал нь хардокс 450, стандарт нь EN100292010 байгаа. Санал болгосон ган хуудас нь хардокс 450 гэсэн хэрнээ материал нь MN450 стандарт нь GBT 241862022 гэж заасан нь захиалагчийн шаардсан хардоксын физик, химийн шинж чанарыг бүрэн хангаагүй, техникийн тодорхойлолтод нийцээгүй бараа санал болгосон гэж үзсэн. Дээр дурдсан барааг нийлүүлэхэд үйлдвэрлэгчийн болон борлуулагчийн зөвшөөрөл шаардлагатай болохыг тендерийн баримт бичигт заасан байгаа. Уг барааг нэхэмжлэгч компани БНХАУлс-ын Jiujiang Junggi Iron and Steel Co Ltd компаниас нийлүүлнэ гэж үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлснийг нь Хардоксын үндсэн үйлдвэрлэгч болох Швед Улсын албан ёсны вебсайт болох hardoxwearparts.com гэсэн сайтаас шалгаж үзэхэд БНХАУ-д албан ёсны зөвшөөрөлтэй 44 компани байдгийн дотор нийлүүлэхээр санал болгож байгаа компанийн мэдээлэл байхгүй. Захиалагчийн шаардсан хардоксыг үйлдвэрлэх, худалдан борлуулах эрхтэй эсэх нь нотлогдоогүй үндэслэлээр шаардлага хангаагүй. Захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан 17 дахь бараа болох хуудсан ган В3 стандарт: ГОСТ 199032015 эсвэл түүнтэй дүйцэх материалын хувьд СТ12*18Н10Т ГОСТ 558275 эсвэл түүнтэй дүйцэхүйц бараа шаардсан. Тэгэхээр нийлүүлэхээр санал болгож байгаа бараа нь GBT 4237-2017 стандарт санал болгосон. Үнэлгээний хороо хуралдааны явцад шалгаад үзэхээр уг стандарт нь БНХАУ-ын стандартын нэгдсэн сайтаас шалгаж үзэхэд илэрц гарч ирээгүй, ашиглалтад байхгүй гэсэн мэдээлэл гарсан. Ийм 3 үндэслэлээр “М” компанийн тендер шаардлагад нийцсэнгүй гэж үзээд мэдэгдэл өгсөн. Мэдэгдлийг хүлээж аваад уг компанийн зүгээс Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийг хардоксын шинж чанар агуулаагүй гэдэг дээр шийдвэр үндэслэлгүй байна. 2 дахь үндэслэл буюу GBT 4237-2017 гэдэг нь мэдээлэл байхгүй учраас тендер шалгаруулалтын баримт бичгийг дээрх шаардлагад нийцэхгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гээд Сангийн яамнаас дүгнэлт гаргасан. ЭҮТӨҮГ/2024010215 дугаартай хуудсан ган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцсон бусад оролцогчийн хувьд техникийн тодорхойлолтын 2-т заасан барааны стандарт шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр 5 компани, 17-д заасан барааны стандарт шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр 3 компани үйлдвэрлэгчийн болон борлуулагчийн зөвшөөрөл нотлогдоогүй, хангалтгүй гэсэн үндэслэлээр 4 компани гээд давхардсан тоогоор тендер нь шаардлага нийцээгүй гэж үнэлсэн байдаг.

 Сангийн яамны ирүүлсэн албан бичгийн дагуу Үнэлгээний хороо хуралдсан. 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 8 тоот хурлын тэмдэглэлийг үйлдсэн. Хуралдаад өмнө нь гаргасан шийдвэр дээрээ Сангийн яам нэгийг нь үгүйсгэсэн, нэгийг нь зүйтэй байна гэж шийдсэн учраас өмнөх гаргасан шийдвэрээ хэвээр батлаад нэхэмжлэгч компанид шаардлага нийцээгүй тендер гэж үзээд дахин мэдэгдэх хуудас явуулсан. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбямба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Миний хувьд мэргэжлээрээ металл боловсруулах чиглэлээр 25 жил ажиллаж байна. Тендерийн хуулийн дагуу тендерийг хянаж үзээд үнэлгээгээ үр ашигтай, хэмнэлттэй зарчмыг баримтлан үнэлгээгээ оруулаад ажилласан байгаа. Хардокс гээд байгаа материалын хувьд Эрдэнэт үйлдвэрийн ил уурхайд ашиглаж байгаа төрөл бүрийн 10м3, 12м3, 18м3-ын экскаваторуудын шанагыг манай засвар механикийн төвд сэргээн засварладаг. Энэ шанаганы элэгддэг хэсгийг цутгуурын үйлдвэр цутгаад ханыг нь Швед Улсын хардокс гээд элэгдэлд тэсвэртэй тусгай зориулалтын гангаар авч хийдэг. Өөр төрлийн гангаар хийх юм бол шанаганы үндсэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эрсдэл үүсдэг. Хэмнэлттэй, үр ашигтай зарчим дээр нөлөөлөл үүсдэг учраас техникийн тодорхойлолт боловсруулах үедээ хэмжээн дээр дүйцэх стандарт тавьсан. Материалын хувьд габит хэмжээ гэж ярьдаг. Дүйцэх стандарт урт өргөн зузаан гэсэн хэмжээ байгаа. Доод талын материал дээр Хардокс евро стандарт 100292010 гэж тавьсан. Тухайн материалыг заагаад өгчихсөн. Ил уурхайгаас техникийн даалгаврыг боловсруулахдаа 2-3 удаа хянаж үзээд яг энэ чигээр нь техникийн даалгаврыг боловсруулж өгсөн. Манай үйлдвэрийн хувьд 2010 онд яг ийм төрлийн ган урьд нь нийлүүлж авч байсан. Тэрнээс болоод ийм материалаар хийхээр шанага нь тодорхой хугацаагаар элэгдэлд ороод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хувьд маш их эрсдэл үүсэж байсан тохиолдол байдаг. Техникийн тодорхойлолт дээр хардокс 450 стандарт дээр дүйцэх гэсэн үг байхгүй байгаа. Компанийн хувьд орж ирсэн тендерийн бичиг баримтыг хянаж үзэхийн тулд тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТЗШ17.5 дээр байгаачлан оролцогч түүнийг мэдүүлсэн байгаа нь захиалагчийн шаардлага, техникийн тодорхойлолтод нийцэж буй нотлох баримтыг зураг, өгөгдлийн хэлбэрээр тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ. Тендерт оролцдог учраас манай техникийн тодорхойлолттой харьцуулж ирүүлдэг. 2 дугаар баганын урд талд нь манай өгөгдөл. Танайх харьцуулаад ирүүлэхдээ марк нь 450 гэсэн байгаа. Хавтаст хэргийн 64 дүгээр зурагт мэдээлэл зөрүүтэй байгаа. Танайх NM 450 гэсэн мөртлөө зураг өгөгдлийн хэлбэр дээр Хардоксийн зургийг тавьчихсан. Үндсэн материалын өгөгдөл дээр NM 450-аар нь тавьчихсан байгаа. Зураг өгөгдөл нь ингээд зөрүүтэй байгаа. 17 дугаар барааны хувьд Сангийн яам шийдвэрийг гаргасан байгаа. Тендерт материал бэлтгэж байгаа компани өөрсдийнхөө бичиг баримтыг боловсруулахдаа бичиг баримтын иж бүрдлийг хариуцах ёстой байдаг. Орж ирсэн материал дээр 2017 гэсэн. Хэдий алдаа ч гэсэн Үнэлгээний хороо шийдвэрээ гаргаад явсан байгаа.” гэв.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай хэлтсийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн найдвартай үйл ажиллагааг хариуцдаг хэлтэс байгаа. Эрдэнэт үйлдвэр дээр экскаватор, белаз тээрэм, бутлуур, флот машин дамжиж явсаар байгаад хамгийн сүүлд зэсийн баяжмал гаргадаг. Энэ дамжлагын бүх тоног төхөөрөмжүүд дээр манай хэлтсийн зүгээс засвар үйлчилгээ дээр нь хяналт тавьж ажилладаг. Сая хэлсэн шанага 2х3-ын хэмжээтэй нэлээн том 130 тонны белазыг 5 удаа ачаад дүүргэдэг 24 цагийн үйл ажиллагаатай ажилладаг. Бид нар 6 сар ашиглах байсан бол чанаргүй материал авч ашиглах юм бол 2 сар юм уу нэг сар ашиглаад дахиад засварт орох юм бол засварын ажилд 2 сарын хугацаа шаардагддаг. 2 сарын хугацаа шаардагдахад ямар их хөрөнгө мөнгө, цаг хугацаа алдах билээ. Энэ шанагыг салгаад уулаас ачиж ирээд засвар механикийн заводод авчраад буулгаад, цутгалт дахиж хийгээд явахад 2 сарын хугацаа болдог. Шанаганыхаа ханыг болон бусад эд ангиудыг чанартай материал авч хийхгүй бол хугацаа алддаг учраас чанартай материал авахын төлөө тендерийн Үнэлгээний хороонд мэргэжлийн хүмүүсийг үйлдвэрийн зүгээс оруулсан байх гэж бодож байгаа. Шанаганы материалыг би өөрөө очиж судалж байсан. Яагаад гэвэл урьд нь БНХУ-аас ирж байсан. Хятадад үйлдвэрлэдэг юм уу, үгүй юү, яагаад ийм чанаргүй материал ороод ирэв гэж Тяньжин хүртэл явж судалж ирж байсан. Тэнд хийдэг үйлдвэр байгаагүй, өнгийг нь дуйрайгаад будчихсан лист төмөр байсныг нүдээрээ хараад ирсэн. Үүнээс хойш Хятад улсаас авахгүй, Швед Улсынхыг авч байх нь дээр юм байна. Тэгвэл чанартай материал авах юм байна гэдэг ойлголт төрөөд Шведээс үйлдвэрлэсэн материалаа авч бай гэдэг дээр хүрсэн. Галбямба бид хоёр нилээн сайн судалж 2, 3 удаа Үнэлгээний хороо хуралдсан. Чанартай материал авъя гээд шийдвэрийг гаргасан байгаа.” гэв

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК  нь ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” С-112-12/4462 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, зохих журмын дагуу Хуудсан ган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102115 дугаартай тендерийг дахин үнэлүүлэх үйл ажиллагаа явуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 17 дугаарт GВ/Т 4237-2015 стандартыг зөвхөн тендерийн бичиг баримтын техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт хэсэгт GВ/Т 4237-2017 гэж сүүлийн цифрийг алдаж бичсэн. Сүүлийн дөрвөн орон зөвхөн тухайн стандарт батлагдсан оныг илэрхийлж буй тул манай илгээсэн стандарт шаардлага хангахгүй гэж үзэх бүрэн үндэслэл болж чадахгүй.Тендерийн материалдаа энэхүү гангийн марк нь захиалагчийн шаардсан бүтээгдэхүүний физик, механик болон химийн шинж чанараараа GВ/Т 4237-2015 стандартаар нийцэж байгаа тухай чанарын сертификат тендерийн баримт бичигтээ хавсарган явуулсан. Иймээс манай компанийн зүгээс хуульд заасан тодорхойгүй хэсгийг захиалагч тал манай компаниас тодруулах бүрэн боломжтой байсан хэдий ч тодруулаагүй нь хуульд заасан боломж, нөхцөлийг ашиглахгүйгээр хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж манай тендерээс татгалзсан гэж тодорхойлсон.

3. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3.1 . “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/23 дугаар тушаалаар “Хуудсан ган” /ЭҮТӨҮГ/20240102115/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан ба 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тендер шалгаруулалтыг төрийн худалдан авах ажиллагааны цахим системд зарлаж, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тендерийг нээсэн ба шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй учраас 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дахин тендер зарласан, тендерт оролцогчид энэ шийдвэртэй маргаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

3.2. Тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ирсэн тендерийг хянан үзэж, ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээт “Хуудсан ган” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102115 дугаартай  тендерт шаардлагад нийцсэн нэг ч оролцогчийн санал ирээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Захиалагч бүх тендерээс татагалзсан бол шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судалж, дахин тендер шалгаруулалт зарлах эсэх мэдээллийг энэ хуулийн 28.1.3-т заасан шийдвэрт заана.” гэж заасны дагуу дахин зарлах гэсэн зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

3.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 “Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:”, 48.2.3 “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих:” зааснаар 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Хуудсан ган” нэртэй ЭҮТӨҮГ/20240102115 дугаартай тендерийн нийлүүлэгчийг сонгох ажиллагаанд хяналт хэрэгжүүлсэн тухай БА/20240702-01 дугаар дүгнэлтийг гаргажээ.

3.4. Дээрхи дүгнэлтэд “ ...Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу дахин зарлах шийдвэр гаргасан байна. Иймд үнэлгээний хорооны шийдвэртэй санал нэг байна.” гэжээ.

3.5. Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг ... зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ.” гэж заасны дагуу “М” ХХК-ийн тендер  2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн СЭ-112-12/4462 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг  хүргүүлсэн байна.

3.6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8-д зааснаар захиалагчийн шийдвэрийг “М” ХХК эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яам 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03/6255 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр “ ... “М” ХХК-ийн тендерт санал болгосон 2 дахь бараа болох “хардокс MN450” нь хардоксын физик, химийн шинж чанарыг бүрэн хангахгүй, мөн уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч нь хардоксын үйлдвэрлэгч болох Швед улсын компанийн албан ёсны зөвшөөрөлгүй нь шаардлагад нийцэхгүй гэж тус компанийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

... “М” ХХК-ийн тендерт санал болгосон 17 дахь бараа болох “Хуудсан ган төмөр” 0Cr18Ni10Ti” бүтээгдэхүүний техникийн тодорхойлолтод үйлдвэрлэлийн стандарт “GB/T4237-2017, GB/T4237-2019” гэснийг БНХАУ-ын цахим хуудас http://www.chinesestandard.net/-аас шалгаж үзэхэд “GB/T4237-2017” стандартын мэдээлэл байхгүй нь тендер шалгаруулалтын баримт бичгийн дээрх шаардлагад нийцэхгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу цааш үргэлжүүлэх нь зүйтэй байна. ...” гэж хянан үзжээ.

3.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцсэн эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.2-д “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.4.4-д “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах.” гэж хуульд тус тус заажээ.

3.8. Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.5-д “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг /фото/, өгөдлийн хэлбэрээр тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ.”,  техникийн тодорхойлолтын 17 дахь барааны “Стандарт: ГОСТ 19903-2015 эсхүл түүнтэй дүйцэх” гэж тодорхойлсны дагуу “М” ХХК техникийн тодорхойлолтын 17 дахь барааны стандартад дүйцүүлэн санал болгохдоо GB/T4237-2015 стандартыг санал болгосон боловч “GB/T4237-2017, GB/T4237-2019” стандарт гэж бичсэнийг тодруулах боломжтой байсан, “5”-ын тоог “7” гэж алдаж бичсэн  байхад  стандартын шаардлага хангаагүй гэж Үнэлгээний хороо хянан үзсэн нь үндэслэлгүй гэж маргасан.   

3.15. “Техникийн тодорхойлолт”-д тавигдах шаардлагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана.”, 12.2-д “Техникийн тодорхойлолтод бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэх түүхий эд, материал болон ажлын хүрээнд нийлүүлэх барааны шалгуур үзүүлэлтийг тодорхойлно.” гэж заасан, үүний дагуу захиалагчаас “техникийн тодорхойлолт”-ыг гаргасан, захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн ТШЗ 17.5-д “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг, схем, өгөгдлийн хэлбэрээр тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ.” гэж тусгажээ. 

3.16. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлйин 4.1.18-д ““техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг” заасан ба “М” ХХК техникийн тодорхойлолтын заасан хүснэгтийн 17 дугаар дахь Хуудсан ган” нийлүүлэх ГОСТ19903-2015 стандартыг хангасан түүнтэй дүйцэх GB/T4237-2015 стандартыг санал болгосон гэх боловч “Техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтийн 17 дугаарлагдсан барааны үйлдвэрлэлийн стандарт гэх баганад “GB/T4237-2017, GB/T4237-2019” гэсэн стандартыг санал болгосон, “Нийлүүлэх бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга”-ын 17 дугаарт байгаа барааны үйлдвэрлэлийн стандарт хэсэгт мөн  “GB/T4237-2017, GB/T4237-2019” стандартыг санал болгосон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

3.17. ТүүнчлэнМ” ХХК тендертээ Техникийн тодорхойлолтын 17-д дугаарлагдсан “Хуудсан ган В=3 СТ12*18Н10Т сталь листовая” барааны стандартын шаардлагатай дүйцүүлэн санал болгосон үйлдвэрлэлийн стандарт GB/T4237-2017, GB/T4237-2019 гэснийг http://www.chinesestandard.net/-аас хянан үзэхэд GB/T4237-2017 стандартын мэдээлэл байхгүй болох нь Үнэлгээний хорооны 07 дугаар хурлын тэмдэглэлд тусгагдсан  байгаа нь “М” ХХК-ийг тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод нийцсэн тендер ирүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.  

3.18. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “Бүтээгдэхүүний чанарын баталгааны гэрчилгээ”-н дээр бүтээгдэхүүний стандарт GB/T4237-2015 гэсэн байхад түүнийг техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт болон бусад баримттай харьцуулан үзэж, тодруулга авах,  GB/T4237-2015 стандартын сайт руу орж шалгах боломжтой байсан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

3.19. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна.”, 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх:”, тендерийн баримт бичгийн ТШЗ 17.5-д “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг, схем, өгөгдлийн хэлбэрээр тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ.” гэсний дагуу “М” ХХК тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангасан тендерийг хүргүүлэх үүрэгтэй ба, “механик алдаа гаргасан нь үнэн” гэсэн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.  

3.20. Түүнчлэн техникийн тодорхойлолтын 17 дугаарт байгаа “Хуудсан ган В=3 СТ12*18Н10Т сталь листовая” бүтээгдэхүүний “Бүтээгдэхүүний чанарын баталгааны гэрчилгээ”-н дээр бүтээгдэхүүний стандарт GB/T4237-2015 гэж, “Техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт”, “Нийлүүлэх бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга”-д стандартыг  GB/T4237-2017, GB/T4237-2019 гэж  тус тус “М” ХХК тодорхойлсон нь  санал болгож байгаа тухайн бүтээгдэхүүний стандарт зөрүүтэй, аль стандартыг санал болгож байгаа нь эргэлзээтэй байхад захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.    

3.21. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т “тендер хянан үзэх, үнэлэхэд энэ хуульд заасан үндэслэлээр холбогдох этгээдээс тодруулга авах шаардлагатай гэж үзвэл үнэлгээний хорооны хурлыг хойшлуулж болно.” гэж зааснаас үзэхэд тодруулгыг тендерт оролцогч тухайн компанаас тодруулга авахаар зохицуулсан зохицуулалт биш.

3.22. Нэхэмжлэгч ньТендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 2 дахь “Ган хуудсан хардокс-450” барааны үзүүлэлтийн “материал:Hardox450; Стандарт EN10029:2010  байна гэж техникийн тодорхойлолтод тусгасан нь зөвхөн Швед улсад үйлдвэрлэдэг ган хуудас хардоксыг авахаар техникийн тодорхойлолтод тусгасан нь бусдад давуу байдал олгосон, хууль зөрчсөн  гэж тайлбарласан боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар  зүйлийн 58.1-д “Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тендер шалгаруулалтын баримт бичиг өрсөлдөөн хязгаарласан тухай сонирхогч этгээдийн үндэслэл бүхий гомдлыг ... хүлээн авна.” гэж зааснаар “М” ХХК гомдол гаргаагүй, 19 дүгээр зүйлийн 19.1-д “ Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно.” заасны дагуу техникийн тодорхойлолттой холбоотой тодруулгыг тендерийн нээлтээс өмнө авах боломжтой байсан.

3.23. Тендерийн баримт бичиг боловсруулах, хянан үзэхтэй холбоотой Үнэлгээний хорооны чиг үүргийг хуулиар тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч “М” ХХК-ийг тендерт шалгаруулаагүй захиргааны үйл ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3.24. Нэгэнт нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” С-112-12/4462 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй учраас “Хуудсан ган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102115 дугаартай тендерийг дахин үнэлүүлэх үйл ажиллагаа явуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

3.25. Дээр дурдсан үйл баримтуудаас дүгнэн нэхэмжлэгч “М” ХХК-ийн ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” С-112-12/4462 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, зохих журмын дагуу Хуудсан ган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102115 дугаартай тендерийг дахин үнэлүүлэх үйл ажиллагаа явуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1.14 , 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.17, 4.1.18, 12 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.3, 26.4.2, 28 дугаар зүйлийн 28.1.3, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” С-112-12/4462 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, зохих журмын дагуу Хуудсан ган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102115 дугаартай тендерийг дахин үнэлүүлэх үйл ажиллагаа явуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,  51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.БОЛОРМАА