Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 41

 

 

*******, аудитын

албаны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2020/00720 дугаар шийдвэртэй, *******, аудитын албаны нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Дуут сумын Босго багт оршин суух Хартолгойн Оюунгэрэлд холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 983,631 төгрөг гаргуулах  тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “*******, аудитын албанаас Дуут сумын сургуулийн 2016-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Цэнд-Аюуш 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 35/02/107, 35/02/108 дугаартай актууд тавигдсан. 35/02/107 тоот актаар амралтын цалин төлүүлэх тухай гэсэн улсын ахлах байцаагчийн актыг тогтоосон нь ямар учиртай вэ гэхээр Х.Оюунгэрэлд аймгийн Засаг даргын захирамжаар жилийн үр дүнг тооцож үндсэн цалингаас нэмэгдэл тооцож олгох гэсний дагуу захирамжаар үндсэн цалин авах ёстой байтал нэмэгдэл гээд 1,700,000 төгрөг авсан. Мөн Х.Оюунгэрэл нь амралтын мөнгөө аймгийн Засаг даргын захирамж шийдвэрээр амралтаа биеэр эдлэхээр 6,7,8 дугаар саруудад тооцож мөнгөө 6 дугаар сард авсан. Түүн дээрээ дахин сумын Засаг даргын захирамж гаргуулан үндсэн цалингаа бусад бүх нэмэгдэлтэйгээ авсан. Сумын Засаг даргын шийдвэрийг зайлшгүй ажиллах шаардлага үүссэн гэж зөвшөөрөгдөх хэмжээний цалин хөлс авсан гэж үзэхэд үндсэн цалингаа аваад амралтын мөнгөтэйгээ давхардуулан аваад мөн үр дүнгийн нэмэгдэл зэргийг нэмэгдлийг давхардуулан авсан. Энэ нь холбогдох хуулийн заалтууд болон Хөдөлмөрийн тухай хуулийн 49.1 дүгээр зүйлийг зөрчиж байна. Мөн Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийн цалин хэрхэн бүрдэхийг тодорхой зааж өгсөн. Ажлын зайлшгүй шаардлагаас болоод амралтаа биеэр эдэлж чадаагүй бол 1,5 сарын цалинг олгож болно гэсэн заалттай. Үүнд амралтын цалинтайгаа давхардуулан Сумын Засаг даргын захирамжаар цалингаа авлаа гэхэд 1,5 сартай тэнцэх хэмжээний цалин авах боломжтой байдаг. Гэтэл ээлжийн амралтын 3 сарын цалин, сумын Засаг даргын захирамжаар үндсэн цалин мөн зэргийн нэмэгдэл гээд 4 удаагийн давхардуулан авсан байна гэж үзээд та нэмэгдлээ төлөх ёстой гээд 653,307 төгрөгийн актыг тогтоосон. Х.Оюунгэрэл нь төсвийн шууд захирагч бөгөөд өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байна. Иймд төрийг хохиролгүй болгохын тулд улсын ахлах байцаагчийн актыг тогтоосон  гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар:  *******, аудитын албанаас танай байгууллагад хандаж гаргасан 2020 оны 07 сарын 21-ний өдрийн 143 тоот нэхэмжлэлийг Ховд аймгийн Дуут сумын Босго багийн иргэн, өндөр настан Хартолгой овогтой Оюунгэрэл миний бие зөвшөөрөхгүй байна. Учир нь уг зэргийн нэмэгдлийг Ховд аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2016 оны 08 сарын 29-ний өдрийн А/30 тоот тушаалын дагуу авсан болно. Би өөрөө дур мэдэн хууль зөрчин зэргийн нэмэгдлийг аваагүй бөгөөд эрх бүхий нягтлан бодогч, санхүүгийн ажилтнууд уг тушаалыг үндэслэн олгосон гэж бодож байна. Би мөн сум орон нутгийн зайлшгүй шаардлагаар сургуулийн засварын ажлуудыг хариуцах үндсэн үүрэг бүхий Дуут сумын засаг даргын 2016 оны 07 сарын 24-ний өдрийн А/70-р захирамжийн дагуу ажилласан болно. Би 1985 онд Монгол улсын их сургууль төгсөөд төрөлх Дуут сумын дунд сургуульд ирж багш, хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, захирал зэрэг бүхий л албыг нэр төртэй, тасралтгүй, тогтвор суурьшилтай 33 жил хашиж байсан. Ажиллах хугацаандаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй, хичээлээ сайн заадаг багш, ажлаа сайн хийдэг менежер байж чадсан. Сум орон нутагтаа нэр хүндтэй, сумын ИТХ-д гурван удаа төлөөлөгчөөр сонгогдож ард иргэдийнхээ дуу хоолой болж, үр хүүхдийг сургаж хүмүүжүүлэх их үйлсэд хоёргүй сэтгэлээр шударга ажиллаж ирсэн. Одоо гавьяаныхаа амралтыг тайван эдлэх эрхтэй гэж бодож байна. Одоо эмнэлгийн хяналтад байдаг, хүнд хагалгаанд орсон тул хотод амьдарч байна гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2020/00720 дугаар шийдвэрээр:” 1.Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хартолгойн Оюунгэрэлээс 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 35/02/107 тоот актын төлбөр болох 330324 / гурван зуун гучин мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөг, 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 35/02/107 тоот актын төлбөр 653307 / зургаан зуун тавин гурван мянга гурван зуун долоон мянга/ төгрөг, нийт 983631 / есөн зуун наян гурван мянга зургаан зуун гучин нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, аудитын албанд олгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Х.Оюунгэрэлээс 28,157 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Би энэхүү 653,307 төгрөгийг өөрөө өөртөө бодож олгоогүй бөгөөд эрх бүхий нягтлан бодогч аймаг сумын засаг даргын захирамжийг үндэслэн бодож олгосон тул төлж чадахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 35/02/108 дугаартай актаар тогтоосон төлбөр 653,307 төгрөг, мөн өдрийн 35/02107 дугаартай актаар тогтоосон төлбөр 330,324 төгрөг нийт 983,631 төгрөгийг хариуцагч Х.Оюунгэрэлээс гаргуулж, тус албаны дансанд оруулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар “эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухайн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл”, 12.1.2 дахь хэсэгт зааснаар “бусдын эрх чөлөө ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээд” шүүхэд нэхэмжлэл гаргавал иргэний хэрэг үүсгэх үндэслэл болохоор хуульчилжээ.

            Гэтэл Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар тогтоогдоогүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12 дугаар зүйлийн 10.12.2 дахь хэсэгт зааснаар улсын байцаагч, улсын ахлах байцаагч нь “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох” эрхтэй байх боловч уг актаар тогтоосон төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар олгоогүй байна. Тодруулбал, Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба нь тус албаны улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг төрд учирсан хохирол гэж үзэж төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, эсхүл Ховд аймгийн Дуут сумын ерөнхий боловсролын сургуульд учирсан хохирол гэж үзэн сургуулийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар тусгайлан олгоогүй байна. Нөгөө талаар, Санхүүгийн хяналт, аудитын алба нь өөрийн улсын байцаагчийн акт үйлдсэн төлбөрийг гаргуулахаар /актыг нотлох баримт болгож үндэслэн/ шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчимтай нийцэхгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх замаар нэхэмжлэл гаргах эрхийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтад нийцээгүй тул шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг хангасан гэж үзэх үндэслэлгүй болно. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12 дахь хэсэгт Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй учраас тус байгууллагын хариуцагч Х.Оюунгэрэлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдсан гомдлоос “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хэсгийг хангаж шийдвэрлэв.

Харин Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” гэж, 20.4 дэх хэсэгт “Прокурор өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно.” гэж заасны дагуу прокурор нь тус Санхүүгийн хяналт, аудитын албаны хүсэлтээр болон өөрийн санаачилгаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тэмдэглэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагч Х.Оюунгэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,157 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж буцаан олголоо.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2020/00720 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12 дахь хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны хариуцагч Х.Оюунгэрэлд холбогдуулан гаргасан актаар тогтоосон төлбөр 983.631.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 28,157 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.ТУЯА

 

                                               ШҮҮГЧИД                                              С.ӨМИРБЕК

 

                                                                                                               М.НЯМБАЯР