Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/515

 

 

 

 

 

2023              5              16                                       2023/ДШМ/515                        

 

С.З-, Д.Ш-, Х.Б-, Ш.Д-,

Г.М-, Т.Э- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Даваасүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваажавын өмгөөлөгч Б.Зулбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШТ/996 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаар эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваажавын өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.З-, Д.Ш-, Х.Б-, Ш.Д-, Г.М-, Т.Э- нарт холбогдох эрүүгийн 2106027361812 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. З-,

 

2. Ш-,

 

3. Б-,

 

4. Д-,

 

5. М-,

 

6. Э-,

 

С.З-, Т.Э-, Ш.Д-, Х.Б-, Т.М-, Д.Ш- нар нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 754 дүгээр байрны гадна саравчинд 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр үл ялих зүйлээр шалтаглан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, С.Б-т хүч хэрэглэсэн,

мөн өдөр С.Б-ийн нүүр, хацарлруу гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.З-, Т.Э-, Ш.Д-, Х.Б-, Т.М-, Д.Ш- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.З-, Т.Э-, Ш.Д-, Х.Б-, Т.М-, Д.Ш-т нарт холбогдох хэргийн шалгах ажиллагааг дутуу явуулснаас цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг дутуу тогтоосон.

Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах журмыг мөн түүнд оролцох оролцогчдын эрх зүйн байдлыг, нотлох баримтад тооцуулах хууль зүйн үндэслэлийг тодорхой зааж өгсөн. Хэргийн үйл баримтыг мэдэж байгаа /1хх 53/ насанд хүрээгүй гэрч Х.Б-ийн мэдүүлэг, /1хх 58/ насанд хүрээгүй гэрч Ш.Д-ий мэдүүлэг, /1хх 62/ насанд хүрээгүй гэрч М.Д-ийн мэдүүлэг, /1хх 66/ насанд хүрээгүй гэрч Г.М-, /1хх 68/ насанд хүрээгүй гэрч Д.Ш-, /1хх 72/ насанд хүрээгүй гэрч Г.Ц- нарын нэр бүхий гэрчүүдээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахдаа болсон, харсан үйл явдлын талаар үнэн зөвөөр тайлбарлах учир холбогдлыг тайлбарлаж өгөх ёстой. Насанд хүрээгүй гэрч нарт хууль сануулж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцогдоно. Журам зөрчиж авсан насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгийг үнэлэх, нотлох баримтын хэмжээнд тооцох эсвэл үгүйсгэх боломжгүй байна. Хууль сануулахгүй байх гол үзэл баримтал нь насанд хүрээгүй хүний биеийн онцлог бусад сэтгэхүйн байдалд тааруулж хариуцлага хүлээлгэнэ гэж шахалт үзүүлсэн нөхцөл байдалд оруулж мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж байгаа хэлбэр юм.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 7089 дугаартай дүгнэлтэд: “...С.Б-ийн биед эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэх дүгнэлт /1хх 80-82/, мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Ц.Нандинцэцэгийн өгсөн: “...С.Б-ийн биед эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь нийлээд нэг гэмтлийн улмаас үүссэн гэмтлүүд. Өөрөөр хэлбэл яс хугарснаас болж тухайн хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт үүсэж байгаа юм. Дээрх гэмтлүүд нь нэг гэмтлээс үүссэн учир тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...” /1хх-84/ гэх мэдүүлэг хэрэгт авагджээ. Иймд хохирогч С.Б-т учруулсан хүндэвтэр зэргийн гэмтлийг хэн учруулсан, яллагдагчаар татагдсан хүүхдүүд болох С.З-, Т.Э-, Ш.Д-, Х.Б-, Т.М-, Д.Ш- нар гэмт хэрэгт ямар үүрэгтэй оролцсон эсэх, сэдэл зорилгыг эргэлзээгүйгээр тогтоох шаардлагатай гэх үндэслэлээр С.З-, Т.Э-, Ш.Д-, Х.Б-, Т.М-, Д.Ш- нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн прокурорт буцааж, тэдгээрт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Даваасүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар нотолж, тогтоовол зохих ажиллагааг бүрэн хийсэн, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Б-, Ш.Д-, Г.М-, Д.Ш- нар нь яллагдагчаар татагдсан ба тэдний болон Г.Ц-гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг яллахдаа нотлох баримтаар тооцож, яллах дүгнэлтэд дурдаагүй тул энэ мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд тооцох эсэхийг шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн. Харин яллах дүгнэлтэд нотлох баримтаар дурдагдсан М.Д-ийн мэдүүлгийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзвэл гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд нотлох баримтаас хасах эсэх талаар талууд хүсэлт гаргавал шүүх нотлох баримтаас хасаж тооцох эрхтэй, энэ шалтгаанаар хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах шаардлагагүй гэж үзэж байна.

 Шүүгчийн захирамжид “С.Б-т учруулсан хүндэвтэр зэргийн гэмтлийг хэн учруулаад байгаа, яллагдагч нар гэмт хэрэгт ямар үүрэгтэй оролцсон эсэх, сэдэлт зорилгыг эргэлзээгүйгээр тогтоох шаардлагатай” гэсэн байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 7089 дүгээр шинжээчийн дүгнэлтээр “С.Б-ийн биед эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 147 дугаар хэргийн материалаар хийсэн дүгнэлтээр “...С.Б-ийн биед тухайн үед эрүү ясны зүүн салааны хугарал гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь эрүүний зүүн хэсэгт 1 удаа цохих үед үүсэх боломжтой” гэж,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 672 дугаар хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлтээр “...С.Б-ийн биед учирсан доод эрүүний зүүн нум хэсгийн шугаман хугарал гэмтэл нь нэг удаагийн цохилтоос үүсэх боломжтой. Эрүүний хугарал нь шанааны зүүн талд цохисноос үүснэ” гэж тус тус дүгнэлт гарсан. Шинжээч Ц.Нандинцэцэгээс мэдүүлэг авахад “...Энэ гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл учирсан хэсэгт гараар цохих аль ч үед үүсэх боломжтой тул С.Б-ийн биед учирсан гэмтэл нь хэний хэд дэх цохилтоос үүссэн эсэхийг тогтоох боломжгүй” гэж тайлбарласан. Дээрх дүгнэлтүүдэд “...гэмтэл нь нэг удаагийн цохилтоос үүсэх боломжтой...” гэж дурдсан боловч “хэний хэд дэх цохилтоос нь үүссэн эсэхийг тогтоох боломжгүй” гэж тайлбарласан тул яллагдагч нарын хэний цохилтоос үүссэнийг ялгамжтай тогтоох боломжгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргийнхээ дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг нотлох боломжит бүхий л ажиллагааг гүйцэтгэсэн боловч яг хэний цохилтоос гэдгийг ялгах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тухайлбал; мөрдөн шалгах ажиллагааны явцад С.З- “Э- тухайн хүүхдийн зүүн хацар хэсэгт нэг удаа баруун гараараа алгадсан бөгөөд би араас нь зүүн талын хацар хэсэгт нэг удаа цохисон. Араас нь дахин зүүн талын хацар луу Б- цохисон” гэх, Д.Ш- “Э- татаж байсан тамхиа шидээд баруун гараараа нэг удаа зүүн талын эрүү хэсэг рүү цохисон, З- ах хажуугаас нь 2-3 удаа цохисон, Б- саравчны араас үснээс нь татаад нүүр хэсэгт 3 удаа цохисон. Би Б-ийг доошоо суусан байхад толгойн зүүн тал руу нэг удаа цохиод 2 удаа биеийн урд хэсэгт өшиглөсөн” гэх, О.Содбилгүүн “Э- баруун гараараа нүүр лүү нь цохих шиг болсон, гараа атгаж байгаад цохисон “ гэх, Н.Есүй “Э- Б-ийн хацар, эрүү хавьд нэг удаа гараараа цохисон, тэр үед найзууд нь урд болон араас нь цохиж, зодож эхэлсэн, намайг харж байхад алгадаагүй, гараа атгаж зангидсан байхдаа цохисон” гэх мэдүүлгүүд өгсөн. Хэрэг үйлдэгдэх үеийн хяналтын камерын бичлэгийг Т.Э-т үзүүлж мэдүүлэг авахад “...намайг алгадсаны дараа З- нэг удаа зүүн талын шанаа хэсэг рүү цохиж, түүний дараа Б- араас нь савж 3 удаа цохиж байна. Дараа нь Д- хөлөөрөө нүүр хэсэг рүү нь жийж гараараа 2 удаа толгой хэсэгт цохиж байна. Дараа нь М- баруун гараараа толгойн ар хэсэгт нэг удаа цохиж байна” гэж тайлбарлаж мэдүүлэг өгсөн байгаагаас үзэхэд хохирогчийн гэмтэл авсан хэсэг болох нүүрний зүүн тал руу хэд хэдэн хүн цохисон, яг хэний цохилтоос гэмтэл үүссэнийг ялгамжтайгаар тогтоох боломжгүй байна. Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд яллагдагч нар нь бүгд гэмт хэргийн гүйцэтгэгч, бүгд оролцооны хувьд адил тэгш оролцоотой байсан ба гэмт хэргийн сэдлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдэх явцдаа бүлэглэн хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоолдоо тодорхойлж бичсэн тул шүүгчийн захирамжийн энэ заалтыг биелүүлэх боломжгүй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийсэн гэж үзээд хэргийг шүүхэд шилжүүлсэн атал шүүгчийн захирамжид ямар ажиллагааг, хэрхэн, яаж хийх, ямар ажиллагаа дутуу талаар тодорхой дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтыг хангаагүй байна гэж үзсэн болно. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваажавын өмгөөлөгч Б.Зулбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шүүхийн шүүгчийн захирамжийн дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгч захирамждаа “...иймд хохирогч С. Б-т учруулсан хүндэвтэр зэргийн гэмтлийг хэн хэн учруулаад байгаа, яллагдагчаар татагдсан хүүхдүүд болох С.З-, Т.Э-, Ш.Д-, X.Б-, Т.М-, Д.Ш- нар гэмт хэрэгт ямар үүрэгтэй оролцсон эсэх, сэдэл зорилгыг эргэлзээгүйгээр тогтоох шаардлагатай.” гэжээ. Хавтас хэрэгт тухайн гэмт хэрэг болсон гэх хугацаанд хийгдсэн камерын бичлэгийг хавсаргасан, мөн хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийн хянан шийдвэрлэх боломжтой. Хохирогч С.Б- нь байнгын эмчилгээтэй хохирол, төлбөр барагдаагүй хэргийг шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул анхан шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.З-, Д.Ш-, Х.Б-, Ш.Д-, Г.М-, Т.Э- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваажавын өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх С.З-, Т.Э-, Ш.Д-, Х.Б-, Т.М-, Д.Ш- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд “...насанд хүрээгүй гэрч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн яллагдагч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тодорхойлж, хэний үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан эсэхийг тогтоох шаардлагатай ...” гэх үндэслэл зааж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Прокуророос С.З-, Т.Э-, Ш.Д-, Х.Б-, Т.М-, Д.Ш- нарыг 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 754 дүгээр байрны гадна саравчинд үл ялих зүйлээр шалтаглан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, С.Б-т хүч хэрэглэсэн,

мөн өдөр С.Б-ийн нүүр, хацар луу цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэмээн тодорхойлж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үйлдэхдээ хэргийн үйл баримтын /холбогдсон хэргийн агуулгыг/ талаар хэт ерөнхийлөн бичиж, яллагдагч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр /хэн нь хэдэн удаа, ямар арга хэлбэрээр хохирогчид гэмтэл учруулсан гэх/ зэрэг хэргийн нөхцөл байдлын талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Даваасүрэнгийн бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваажавын өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШТ/996 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваажавын өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэг прокурорт очтол С.З-, Т.Э-, Ш.Д-, Х.Б-, Т.М-, Д.Ш- нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН