Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2016 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2016/00134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: А.Н-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2016/0081/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч А.Н нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1972.02.01-нээс 1973.12.31-ыг дуустал Ц сумын Б нэгдэлд малчнаар 1974.6.1-нээс 1979.4.1-н хүртэл Зэвсэгт хүчинд улирсан цэргийн албанаас халагдаж ирээд 1979.5.1-нээс 1990.12.31-ыг дуустал тус сумын Б нэгдэлд малчин, мал тууварчин, холбооны газарт холбоочин зэрэг ажлуудыг хийж байсан боловч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлснээс дээрх хугацаанд ажиллаж байсан байдал маань тооцогдохгүй байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

А.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч А.Н нь Хөвсгөл аймгийн Ц сумын Б нэгдэлд 1972 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал, 1979 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд малчин, тууварчин, холбооны газарт холбоочноор тус тус ажиллаж байсан болох нь Х  аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн А.Н-ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин, хөдөлмөр, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрэл зургууд, гэрч Д.Э-ийн А.Н Х аймгийн Ц сумын Б нэгдэлд 1972 оноос 1973 оныг дуустал адуучнаар ажиллаж байгаад 1974 оны 6 дугаар сарын 01-нд цэрэгт татагдаж, 1979 онд цэргээс халагдаж ирээд 1979 оноос 1990 оныг дуустал тус нэгдэлдээ адуучнаар тасралтгүй ажиллаж байсан. ...Би 1977 оноос 1992 оныг хүртэл Х аймгийн Ц сумын *** хүнд даацын машины жолоочоор ажиллаж байсан. Бид зэргэлдээ сумын хүмүүс учраас А.Н гийн ажиллаж байсан талаар сайн мэднэ... гэх мэдүүлэг, гэрч А.М-ын ...А.Н Х  аймгийн Ц сумын Б нэгдэлд 1972 оноос 1974 оныг хүртэл адуучнаар ажиллаж байгаад 1974 оноос 1979 онд цэрэгт явж ирээд тус нэгдэлдээ 1979 оноос 1990 оныг дуустал адуучнаар тасралтгүй ажиллаж байсан. ...Би тус нэгдэлд 1975-1992 оныг дуустал малын эмчээр ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч А.Н-гийн Х  аймгийн Ц сумын Б нэгдэлд 1972 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал, 1979 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд малчин, тууварчин, холбооны газарт холбоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А.Н-ийн Х аймгийн Ц сумын Б нэгдэлд 1972 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал, 1979 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд малчин, тууварчин, холбооны газарт холбоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч А.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ