Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2016/00135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: С.П-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2015/01235/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч С.П нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.П шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т сумын Я нэгдэлд 1987 оны 3-р сарын 01-нээс 1992 оны 12-р сарын 31-н хүртэл адуучнаар ажиллаж байсан юм. Гэтэл одоо группд орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн мөн орсон гарсан тушаал байхгүй учраас миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд миний Х  аймгийн Т сумын Я нэгдэлд 1987 оны 3 дугаар сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-ийг дуустал адуучнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

С.П нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч С.П Х  аймгийн Т сумын Я  нэгдэлд 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд адуучнаар ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Х  аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн С овогтой П-ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин, хөдөлмөр хөлсний лавлагаа, П-д Т сумын 8 жилийн дунд сургуулийн захиргаанаас 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдөр олгосон Баярын бичиг, Т сумын Намын Үүр, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1989 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр олгосон Баярын бичиг, гэрч М.Б- ийн С.П Хөвсгөл аймгийн Т сумын Я  нэгдлийн 2 дугаар бригадад 1987-1992 оныг дуустал адуучнаар ажиллаж байсан. Би тус нэгдлийн 3 дугаар бригадад 1976 оноос 1992 оныг дуустал адуучнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.П-ийн Хөвсгөл аймгийн Т сумын Я нэгдэлд 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд адуучнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар хүсэлт гаргагч С.П улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ