Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/15

 

 

 

Ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Б.А,

Шүүгдэгч: И,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, прокурор Б.Аийн эсэргүүцэл,  шүүгдэгч Иы давж заалдсан гомдлоор шүүгдэгч Ид холбогдох 2319000230028 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

И

 

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч И нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн  Хөвсгөл сумын 4 дүгээр баг Жагдалын гудамжинд байрлах ерөнхий боловсролын сургуулийн баруун талын шороон зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 в-д заасан зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, Бүгд Найрамдах хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн, улаан өнгийн Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, явахдаа баруун гар талаас замын хөдөлгөөнд оролцож явсан *** ДГН улсын дугаартай, приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолооч Б.Эд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.8-д  “адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг биелүүлээгүйгээс уг тээврийн хэрэгслийн зүүн талаас мөргөн, зам тээврийн осол гаргасан, мөн хамгаалалтын малгайгүй зорчиж, явсан зорчигч Агийн биед “гавлын суурь ясны хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт бүхий” хүнд хохирол учруулсан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. 

 

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас шүүгдэгч Ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч  Гурван Хөвсгөл овогт  Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ид 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр  зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ид оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг, ял оногдуулсан үеэс тоолохоор,

 

хохирогч цаашид эмчлүүлэх  зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

шүүгдэгч И  бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн *** дугаартай жолооны үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

            5. Прокурор Б.А эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, дүгнэлтдээ: “... шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан...” гэж бичсэн нь яллах дүгнэлтэд бичсэнтэй тохироогүй, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ид 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй гэж бичсэн хуулийн шаардлагад нийцээгүй, нэмэгдэл ял буюу 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хязгаарласныг заагаагүй, орхигдуулсан, тогтоох хэсгийн 7-д “...хэрэгт хавсарган ирүүлсэн *** дугаартай жолооны үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналт төвд хүргүүлсүгэй...” гэсэн нь тухайн жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээн авч зохих байгууллагад хүргүүлэхээр заасныг зөрчсөн тул шийтгэх тогтоолын удиртгал, тогтоох хэсгийн 2, 7 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

6. Шүүгдэгч И давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие Чандмань-Илч ОНӨХХК-д сан техникчээр ажилдаг, ял эдлэх хугацаанд шуурхай хурал, уулзалтанд оролцох, сургалтад хамрагдах зэрэг ажлын зайлшгүй шаардлагаар Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дэвсгэрээс гарах шаардлага үүсдэг. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, 10 сараар зорчих эрхийг хязгаарлахыг тэнсэх ялаар сольж өгөхийг хүсье” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Б.Аийн эсэргүүцэл, шүүгдэгч Иы давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэл, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шийдвэрлэв.

 

1. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол гэм буруутай этгээдэд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

 

2. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас, шүүгдэгч  Иыг  2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн  Хөвсгөл сумын 4 дүгээр баг Жагдалын гудамж, ерөнхий боловсролын сургуулийн баруун талын шороон зам дээр Даюун маркийн мотоцикл, жолоодон явахдаа  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 в, 3.4 в, 15.8 дахь хэсэгт заалтыг зөрчсөний улмаас *** ДГН улсын дугаартай, приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талаас мөргөсөн, зорчигч Агийн биед “гавлын суурь ясны хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт бүхий” хүнд хохирол учруулсан гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд  шилжүүлсэн.

 

3. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Иыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэм буруутай гэж шийдвэрлэжээ.

 

4. Хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан, эх сурвалжийг магадлан, хэргийн бүх ажиллагааг хянаж үзэхэд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, зөрчил тогтоогдсонгүй.

 

5. Шүүгдэгч И зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй, техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, Даюун маркийн мотоциклийг жолоодон явахдаа,  “адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх, тээвэрлэж явсан зорчигчид хамгаалах малгай өмсүүлэх” зэрэг Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 в, 3.4 в, 15.8 заалтыг тус тус зөрчсөний улмаас *** ДГН улсын дугаартай, приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талаас мөргөж,  848,000 төгрөгийн хохирол учруулсан мөн мотоциклд сундалж явсан, зорчигч Агийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Аугийн “...би юу болсон талаар санахгүй байна” гэсэн мэдүүлэг/хх 37/, түүний хууль ёсны төлөөлөгч Ө.Эрдэнэчимэгийн “... эмнэлэгт үзүүлээд суурь ясны хугаралттай, тархи няцралттай 3-4 газарт цус харвалттай, уйланхай үүссэн, 4 төрлийн тархины хунд гэмтэлтэй комын хамгийн наад талын байдалтай байна” гэсэн мэдүүлэг /хх 40-41/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-12/, гэрч Б.Эгийн “...мотоциклтой хүн миний машины зөв талын урд гупер хэсэг дээр ирж мөргөөд зөв талын хаалга мөргөөд би уулзвар дөнгөж гараад зогссон. Тэгтэл И БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн Даюун маркийн мотоциклтой нэг хөл нь мотоциклдоо даруулсан байдалтай байсан. Мотоциклын ард Ану гэх охин сууж явсан” гэсэн мэдүүлэг /хх 28/, гэрч Н.Эрдэнэцэцэгийн “...Сургуулийн баруун урд талын хуссан шороон замын уулзвар дээр явж байтал мотоциклтой хоёр хүн зүүн талаас ирээд манай нөхөр хараагүй би хөөе энэ 2 мотоциклтой хүн гэж хэлэх хооронд машины хажуу талаас буюу миний сууж явсан талаас ирж мөргөсөн. Тэгээд манай нөхөр машинаас буугаад очих үед И БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн Даюун маркийн мотоциклтой нэг хөл нь мотоциклдоо даруулсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх 29/, “***” ХХК-ний шинжээчийн “...*** ДГН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 848,000 төгрөгийн хохирол учирсан” гэсэн дүгнэлт /хх 42-43/, Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн техникийн инженер Б.Пгийн “...Тухайн мотоциклийн урд дугуйн тоормозны эд ангиуд огт байхгүй байна” гэсэн дүгнэлт /хх 75-87/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Агийн биед гавлын суурь ясны хугарал, хатуу харьсан доорх цусан хураа, аалзан харьсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт гэмтлүүд тогтоогдлоо. ... Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт /хх 93-94/,  Мөрдөгчийн магадлагаа /хх 136-141/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

6.  Анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь  шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байх ба шүүгдэгч Иы үйлдлийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүхийн дүгнэлт нь үндэслэл бүхий байна.

 

7. Хэдийгээр шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаа түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт  тохирсон байх боловч шүүгдэгч нь Дорноговь аймгийн “***” ХХК-ны Хөвсгөл сум дахь салбарт сантехникчээр ажилладаг, ажлын шаардлагаар Хөвсгөл, Сайншанд сумдын хооронд зорчих зайлшгүй шаардлагыг харгалзан үзэлгүй түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, хязгаар, чиглэлийг зөвхөн Хөвсгөл сум гэж тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд нийцээгүй, түүнчлэн анхан шатны шүүхээс прокурорын эсэргүүцэлд дурдсан техникийн шинжтэй алдаа болон хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй зэрэг зөрчлийг гаргажээ.   

 

Тухайлбал шийтгэх тогтоолын удирдлага хэсэгт шүүгдэгчийн холбогдсон хэргийн зүйлчлэлийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 гэж яллах дүгнэлтэд бичигдээгүй хуулийн зүйлчлэлийг бичиж, техникийн шинжтэй алдааг түүнчлэн шүүгдэгч Ид Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял оногдуулахдаа мөн хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасалгүй зөвхөн 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ял шийтгэсэн, жолоочийн жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан, Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхээр тус тус заагаагүй байна.

 

 8. Түүнчлэн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж” гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр дүгнэсэн нь хуульд нийцсэн байх тул үүнд үндэслэн хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулахаар мөн шүүгдэгчийн “...миний бие Сайншанд сум руу шуурхай хурал, уулзалтад оролцох, сургалтад хамрагдах зэргээр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дэвсгэрээс гарах шаардлага үүсдэг байдлыг харгалзан үзэж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хангаж, шийдвэрлэлээ.

 

9. Иймд эдгээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “... Дорноговь аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3” гэснээс “2.2” гэснийг хасаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

 

2 дугаар заалтад “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж” гэж нэмж,

 

3 дугаар заалтын “... эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр зорчихгүй байхаар тогтоож...” гэснийг “эмнэлгийн яаралтай тусламж авах болон албан ажлын шугамаар Хөвсгөл, Сайншанд сумын хооронд зорчиж болохоос бусад хэлбэрээр зорчихгүй байх” гэж,

 

7 дугаар заалтыг “...шүүгдэгч И  бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар заалтын 177.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Б.Аийн эсэргүүцэл,  шүүгдэгч Иы давж заалдсан гомдлыг тус тус хангаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “... Дорноговь аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3...” гэснээс “2.2” гэснийг хасч,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  2 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй” гэж өөрчилж,

 

3 дугаар заалтын “... эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр зорчихгүй байхаар тогтоож...” гэснийг “эмнэлгийн тусламж авах болон албан ажлын шугамаар Хөвсгөл сум Сайншанд сумын хооронд зорчиж болохоос бусад хэлбэрээр зорчихгүй байхаар тогтоож,” гэж,

 

7 дугаар заалтын “...шүүгдэгч И  бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн *** дугаартай жолооны үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлсүгэй.” гэснийг,

 

“шүүгдэгч И  бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар заалтын 177.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Б.Аийн эсэргүүцэл,  шүүгдэгч Иы давж заалдсан гомдлыг тус тус хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                  Н.БОЛОРМАА