Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 119/ШШ2024/0042

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: А

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Б, У.Х

            Хариуцагч: Орхон аймгийн Сонгуулийн хороо /дарга **/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **

Гуравдагч этгээд: Ж.Г

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаартай “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолын Ж.Г-ийг бүртгэсэн хэсгийг хүчингүй болгох”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, У.Х, хариуцагч Орхон аймгийн Сонгуулийн хорооны дарга **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гуравдагч этгээд Ж.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, У.Х нар нь Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаартай “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолын Ж.Г-ийг бүртгэсэн хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т “Сонгуулийн хороо шатлан захирагдах зарчмаар ажиллах бөгөөд сонгуулийн хороодын шийдвэртэй холбогдуулан энэ хуулийн 14.10-т заасан дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргана”, 81.3-т “Сонгуулийн хорооны шийдвэрт холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, У.Х нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн үндэслэлээ: “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны актаар А-ын сонгуульд шударгаар оролцох эрх болон тус намын гишүүдийн сонгох эрх, А-аас тухайн тойрогт нэр дэвшигч нарын сонгогдох эрхийг зөрчиж байгаа болно. Намын гишүүн бол Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар сонгогч юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.9 хэсэгт “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэж заасан. Тус заалтаар Үндсэн хуулиар хамгаалан бэхжүүлсэн энэ эрх-засгийн бүх эрх ард түмнээс эх сурвалжтай, тэрхүү эрх мэдлийг Монгол Улсын иргэн өөрийн төлөөлөгчдөд шилжүүлэх, улмаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд шууд болон шууд бус аргаар оролцох эрхтэй тунхагласан байна. Өөрөөр хэлбэл Засгийн бүх эрх ард түмнээс эх сурвалжтай. Ямар ч байгууллага, аливаа этгээд ард түмнээс эх сурвалжгүй эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхгүй юм. Нэр дэвшиж буй иргэний нэг санал тодорхой үр дүн буюу шийдвэр гаргахад шууд нөлөөлдөг. Иргэн бүрд энэ эрхийг эдлэх боломж ямар нэг хориг саад, ялгаварлал байх ёсгүй бөгөөд хууль бусаар нэр дэвшүүлж болохгүй гэсэн үг.

Төлөөлөгчдөөр дамжуулан төрийг удирдах хэрэгт иргэн оролцоно гэдэг нь нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, хэрэгжүүлэх, хамгаалах эрхээ итгэмжилсэн этгээдэд шилжүүлж, түүгээр дамжуулж оролцох эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэр юм. Энэ эрхийн хэрэгжилт нь өөрийн санал, санаачилгыг өөрийн сонгосон төлөөлөгчдөд уламжлах, түүний үйл ажиллагаанд хяналт тавих зэргээр хязгаарлагддаг. Сонгох эрх нь хэн нэг этгээдэд өөрийгөө төлөөлөн эрх мэдэл хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэх боломж юм. Тухайлбал, Аймаг, сумын төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцож, хэн нэгний төлөө саналаа өгч, сонголт хийж байгаа нь тухайн этгээд өөрийгөө төлөөлөн төр удирдах эрхийг шилжүүлэн өгч буй хэрэг юм. 18 насанд хүрсэн, эрх бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнд олгосон эрх зөрчигдөж байна.

Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны актаар А-ын гишүүн Ж.Г-ийг нэр дэвшигчээр бүртгэсэн нь А-ын сонгуульд шударгаар оролцох эрх болон тус намын гишүүдийн сонгох эрх, А-аас тухайн тойрогт нэр дэвшигч нарын сонгогдох эрхийг зөрчиж байгаа болно. Тодруулбал, Ж.Г нь А-аас нэр дэвших хүсэлтээ, дэнчингийн хамт төлсөн бөгөөд өөр намаас нэр дэвшүүлснээс үүдэн тухайн тойрогт өөр хүнийг нэр дэвшүүлэх шаардлага гарсан. Сонгуулийн нэг тойрогт манай намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлснээр манай намын гишүүд дэмжигчдийн санал хуваагдсанаар манай намаас нэр дэвшигчийн сонгогдох магадлал багасах юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд нэр дэвшүүлэх нийтлэг журмыг хуульчилсан бөгөөд 28.5 дахь хэсэгт “Нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэж заасан нь дээрх санал хуваах үйлдлээс урьдчилан сэргийлсэн зохицуулалт. Энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана:” гээд 32.1.3. өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн; гэж заажээ.

Иргэдийн оролцооны нэгдэл намаас Орхон аймгийн сонгуулийн 22 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэгдсэн Ж-ын Г нь А-ын гишүүнээр бүртгэлтэй бөгөөд намаас гарах тухай өргөдлөө хуульд заасан хугацааны дотор гаргаагүй тул Орхон аймгийн Сонгуулийн хороо тус намаас нэр дэвшигчдийг бүртгэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Энэ талаар Орхон аймгийн А-ын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 115 дугаар албан бичгээр аймгийн Сонгуулийн хороонд мэдэгдэж, хүсэлт гаргасан болно. Сонгуулийн хороонд А-ын гишүүн Ж.Г-ийг Иргэдийн оролцооны нэгдэл намаас нэр дэвшсэн болохыг албан бичгээр урьдчилан мэдэгдсээр байтал хуулийн тодорхой заалтыг зөрчин нэр дэвшигчээр бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуульд заасан “хуульд үндэслэх, шийдвэр нь зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөлд тохирсон байх зэрэг зарчмуудыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

А-ын тухайд, Улс төрийн томоохон хүчин болохын хувьд орон нутгийн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч, намаас нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд сонгуульд Орхон аймгийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулах нь эрхэм зорилго билээ. Тийм учраас Сонгуулийн хорооны шийдвэр хуульд нийцсэн байх, намаас нэр дэвшигч нарын шударгаар өрсөлдөх, сонгогдох үндсэн эрх зөрчигдөх нь А-ын субьектив эрхийг зөрчиж байгаа хэрэг болно.

Хууль зүйн хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Аймгийн Иргэдийн хурлын сонгууль гэдгийг: “...Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх үндсэн арга мөн” гэж тодорхойлсоныг зөрчиж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаартай “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолын Ж.Г-ийг бүртгэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч А-ын зүгээс “Орхон аймгийн сонгуулийн хорооны 9 сарын 10-ны өдрийн 17 дугаартай нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай тогтоолын Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Аймгийн Сонгуулийн хороо 9 сарын 10-ны өдөр Иргэдийн оролцооны нэгдэл намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх тухай хүсэлтийг гаргасан байдаг. Сонгуулийн хороо тухайн Иргэдийн оролцооны нэгдэл намаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ нэр дэвшигчийг бүртгэх үндэслэл байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт хийх, Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хууль дээдлэх зарчмынхаа хүрээнд нөхцөл байдлыг бүрэн тогтоож, нотлох баримт цуглуулж, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэрийг захиргааны байгууллага гаргах чиг үүрэгтэй байсан. Гэтэл нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байгаа эсэхийг бүрэн дүүрэн шалган тогтоох чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс өнөөдрийн шүүхийн маргаан үүссэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалтад өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн бол нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Ж.Г нь А-ын гишүүнээр идэвхтэй ажиллаж байсан. А-аас сонгуульд нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Ж.Г нь А-аас 2024 оны Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд төлөөлөгчид сонгогдох хүсэл зоригоо илэрхийлж, өргөдөл гаргасан. А-ын дотоод журмын дагуу 5 сая төгрөгийн дэнчингээ төлсөн байдаг. Энэ үйл баримттай хариуцагч болон гуравдагч этгээд Ж.Г-ийн зүгээс маргадаггүй. 5 сая төгрөг нь одоогоор намын дансанд байгаа, намын гишүүнчлэлээс Ж.Г-ийг хассан талаар шийдвэр гараагүй. А-ын гишүүнчлэлийн бүртгэлд Ж.Г-ийн нэр бүртгэлтэй. Намын батлахыг хураан авсан, хүчингүй болгосон үйл баримт байдаггүй. Ж.Г улс төрийн намаас гарсан талаараа Сонгуулийн хороонд мэдэгдсэн байдаг. Сонгуулийн хороонд хавсаргаж өгсөн хүсэлт нь Ж.Г-ийн өөрийнх нь сонгуулийн хороонд хандаж бичсэн хүсэлт байдаг. А-ын Улсын дээд шүүхэд бүртгэлтэй үндсэн дүрмийн дагуу намын гишүүнчлэлийн асуудлыг шийдвэрлээгүй байдаг. А-ын зүгээс Ж.Г-ийг нэр дэвшүүлсэн нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэр нь яагаад хууль бус гэж үзэж байгаа вэ гэхээр А Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлээд оролцоод явж байгаа улс төрийн хүчин байгаа. Улс төрийн намын зүгээс 41 нэр дэвшигчийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлж, сонгуулийн үйл ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлээд явж байгаа. Ж.Г олон жилийн хугацаанд А-ын гишүүн байсан, одоог хүртэл гишүүн байгаагийн хувьд иргэд сонгогчдын дунд А-ын гишүүн, өмнө нь А-аас төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан гэдэг ойлголт байдаг. Хэрвээ Ж.Г-ийг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгохгүй бол 10 сарын 11-ний өдөр болох орон нутгийн сонгуульд саналын хуудас дээр нэр нь бичигдээд тодорхой хэмжээний санал авна. Ж.Г-т өгөх санал нь А-ын гишүүд дэмжигчдийн санал байна. Цаашлах юм бол А-ын сонгуульд ялалт байгуулах А-аас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч нарын санал хуваагдах, сонгогдох магадлал нь багасах бодит эрсдэл үүсэж байгаа. Тиймээс нэхэмжлэл гаргаж аймгийн Сонгуулийн хорооны Ж.Г-ийг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан” гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Г нь намаас хэзээ гараад байгаа нь тодорхойгүй. Хүсэлтээ хэнд гаргаад байгаа, нам хүлээж авсан юм уу гэдэг үйл явдал хавтаст хэргийн хүрээнд тогтоогдоогүй. Ц.О гэдэг залуу Орхон аймгийн А-ыг төлөөлөх эрх бүхий этгээд мөн юм уу, биш юм уу. Яагаад Ц.О-д өгөөд байгаа юм. Мөн Сонгуулийн хороонд намаас гарах хүсэлтээ илэрхийлээд байгаа. Энэ нь хүчин төгөлдөр бичиг баримт мөн юм уу гэдэг асуудал байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл бол Сонгуулийн тухай хуулийн 3.1.5-д нэр дэвшигч нь өөрөө сонгогч байна гэж заасан. 2 дугаарт мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт нэг намын гишүүн өөр намын эвсэл болон өөр намаас нэр дэвших хориглосон заалттай байгаа. Өөрөөр хэлбэл хуулиараа энэ хүн нэг намд гишүүнчлэлтэй байж өөр намаар нэр дэвших нь тухайн намын эрх ашгийг шууд зөрчинө. Ийм учраас хуулиар намын эрх ашиг зөрчигдөж байна. 2 дугаарт иргэний сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байна. Нотлох баримт цуглуулах шийдвэр гаргаад шүүхээс гарсан албан бичгийн хүрээнд хэн нь хэнд өргөдөл гаргачихав, нам өөрөө мэдэхгүй байгаа. Тавьсан он сар нь 9 сарын 2-ны өдөр юм уу 1-ний өдөр юм уу. Утсан дээрх зураг нь 2-ны өдөр гээд биччихсэн байгаа. Ц.О гэдэг залууд аваачаад өгчихсөн. Ц.О өөрөө намыг төлөөлөх эрхтэй хүн мөн юм уу мэдэхгүй. Ц.О, Ж.Г 2 хоорондоо яриад би танд нэг өргөдөл өгч, та авч байгаагаар зургаа даруулчихъя гээд намаас гараад байгаа юм уу. Орхон аймгийн А-ыг төлөөлөх эрх бүхий этгээд нь төв намаасаа тушаалтайгаар Ц.Б гэдэг хүн төлөөлдөг. Ц.Б гэдэг хүн А-ын гишүүн Ж.Г гэж мэдэх болохоос биш өөр намын гишүүн болоод гарсныг ч мэдээгүй. Нэгэн зэрэг нэр дэвшээд хууль зөрчсөн байна гээд нэхэмжлэл гаргасан. 2024 оны 9 сарын 10-ны өдрийн 17 дугаар дугаараар Ж.Г-т холбогдох хэсэг хууль бус байна. Тиймээс хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Өнөөдрийг хүртэл Ж.Г гэдэг хүн А-аас гараагүй байна. Хүсэлтээ хэнд хүлээлгэж өгөөд байгаа юм, хэн аваад байгаа юм, ийм үйл явдал тодорхойгүй. Өөр хоорондоо найз нөхөд, намын гишүүн нэг нэгэндээ гарах өргөдлөө өгсөнөөр намаас гарсанд тооцох ямар ч боломж байхгүй. Намыг төлөөлөх эрх бүхий этгээдэд гарахаа илэрхийлснээр гарсанд тооцож болно. Нэг нэгэндээ өргөдлөө өгөөд зургаа даруулчихсан асуудал албан ёсоор буюу хууль ёсны дагуу өргөдлөө гаргасан гэж үзэхгүй. Намаас гарсан үйл баримт нь хууль ёсных биш хууль бус байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

6. Хариуцагч Орхон аймгийн Сонгуулийн хороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон Сонгуулийн хорооны дарга ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэг. 18 насанд хүрсэн, эрх зүйн чадамжтай Монгол улсын иргэнд олгогдсон эрхийг зөрчсөн мөн А-аас тухайн тойрогт нэр дэвшигч нарын сонгогдох эрхийг зөрчсөн гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т "Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ.", мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэлийг "... хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг" хэмээн тус тус заажээ.

Энэ заалтын дагуу нэхэмжлэгч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Орхон аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаартай ‘‘Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолоор 18 насанд хүрсэн, эрх зүйн чадамжтай Монгол улсын иргэнд олгогдсон эрхтэй холбоотой асуудал болон нэхэмжлэгч нарын сонгогдох эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй. Тус тогтоолоор Иргэдийн оролцооны нэгдэл намаас Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 22 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн Ж.Г-ийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т заасан “...нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд” биш тул 18 насанд хүрсэн, эрх зүйн чадамжтай Монгол улсын иргэнд олгогдсон эрхийг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй. Мөн тус тогтоолоор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

Хоёр: “Ж.Г нь Ааас нэр дэвших хүсэлтээ, дэнчингийн хамт төлсөн бөгөөд өөр намаас нэр дэвшүүлснээс үүдэн тухайн тойрогт өөр хүнийг нэр дэвшүүлэх шаардлага гарсан. Сонгуулийн нэг тойрогт манай намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлснээр манай намын гишүүд дэмжигчдийн санал хуваагдсанаар манай намаас нэр дэвшигчийн сонгогдох магадлал багасах юм” гэжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ” заасны дагуу аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн баримт бичигт иргэн Ж.Г-ийн Орхон аймгийн А-ын хэрэг эрхлэх газарт 2024 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр намын гишүүнээс татгалзаж, чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдсэн хүсэлтийг хавсарган ирүүлсэн. Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно” гэж заасан байх тул Ж.Г-ийн Орхон аймгийн А-ын гишүүн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т заасны дагуу нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзаж, эсвэл 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс татгалзлаа дэмжиж байгаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийг бүртгэхтэй холбоотой асуудал дээр 31.5 дахь хэсэгт сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэт эсэхийг нь нягтлан шалгах бөгөөд уг баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ хуульд заасан хугацаанд багтаан нөхөн ирүүлж болно гэж заасан. Тухайн баримт бичиг хуульд нийцэж байна уу, үгүй юу, үнэн байна уу, худал байна уу гэдгийг Сонгуулийн хороо нягтлан шалгах чиг үүргийг гүйцэтгэхгүй, зөвхөн хуульд заасан 10 төрлийн бичиг баримтыг тухайн нэр дэвшигч Сонгуулийн хороонд хуулийн хугацаанд бүрэн гүйцэд ирүүлсэн үү, үгүй юу гэдгийг нягтлан шалгах чиг үүргийг гүйцэтгэдэг. Нэхэмжлэгч талын зүгээс Ж.Г-ийг өмнө нь А-аас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшиж төлөөлөгчөөр ажиллаж байсан. Одоо намын гишүүнээс гараагүй, үнэмлэхийг нь хурааж аваагүй манай намын гишүүн гэдэг байдлаар маргаж байна. Улс төрийн намын тухай хуулийн 5.7 дахь хэсэгт намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно гэж байгаа. Ж.Г нь аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн материалдаа Орхон аймгийн А-ын Хэрэг эрхлэх газарт гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Ямар нэгэн байдлаар аймгийн Сонгуулийн хороонд хүсэлт гаргаагүй, Орхон аймгийн А-ын Хэрэг эрхлэх газарт гаргасан хүсэлтээ нотлох баримтаар би намаас гарсан гэдэг байдлаар манай Сонгуулийн хороонд ирүүлсэн. 2024 оны 9 сарын 1-ний өдөр өөрийнх нь гараар бичсэн өргөдөл байгаа. Энийг Сонгуулийн хороонд намаас гарсан гэдгээ илэрхийлж өгсөн гэдэг байдлаар нэхэмжлэгчид илт гуйвуулж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд тухайн иргэн хэдийд ч улс төрийн намаас татгалзан гарах эрх нь байгаа. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрхийг ямар нэгэн байдлаар намын дүрмээр хязгаарлах боломж байхгүй. Улс төрийн намын тухай хууль, Улсын дээд шүүхийн тайлбар дээр өргөдлийг хэнд хэрхэн гаргах вэ гэдэг процессыг хуулиар зохицуулаагүй. Ц.О өөрөө тухайн намын Хэрэг эрхлэх газрын дарга. Хэрэг эрхлэх газрын дарга тухайн намынхаа өдөр тутмын үйл ажиллагаа болох намын гишүүнээр элсэж, намын гишүүнээс татгалзан гарахтай холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах эрхгүй этгээд гэж үзэх бүрэн үндэслэл байхгүй. Заавал намын даргад гаргасан байх ёстой гэдэг байдлаар хуульд нарийвчлан зохицуулаагүй гэж үзэж байна. Ж.Г-тэй холбоотой 9 сарын 10-ны өдрийн 17 дугаар тогтоол Захиргааны ерөнхий хуулиар нэг удаагийн шинжтэй, гадагш чиглэсэн захиргааны акт. Энэ акт үйлчлэл нь нэр дэвшигчийг бүртгэж үнэмлэх олгосноор уг актын үйлчлэл дуусгавар болж байна. Энэ акт ямар нэгэн байдлаар А-аас нэр дэвшигчдийн эрхийг хязгаарласан, эсвэл иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан шийдвэр гараагүй. Зөвхөн Ж.Г-ийг нэр дэвшигчээр бүртгэх эсэхтэй холбоотой захиргааны нэг удаагийн шинжтэй захиргааны акт байсан гэдгийг хэлье. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Г нь  А-ын гишүүн байсан бөгөөд 2024 оны Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд А-аас нэр дэвших хүсэлт гаргасан байсан. Гэтэл Орхон аймгийн А иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдээ сонгохдоо нэрийг дэвшүүлээгүй. Ингээд 2024.09.02-ны өдөр А-аас гарах хүсэлтээ өгч, улмаар хууль тогтоомжийн дагуу энэ намын гишүүн биш болсон. Үүний дараа би Иргэний оролцооны нэгдэл намд элссэнээр уг намаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлсэн.

Улс төрийн намын тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 10 сарын 30-ны өдрийн 46 дугаар тогтоол байгаа. Энэ тогтоолын 1.2-т тухайн намын дүрэмд заасан журмын дагуу намын гишүүнчлэлээсээ татгалзаж өргөдөл гаргасан бол намаас гарсан гэж үзнэ гэж байгаа. Энэ хүн намдаа өргөдлөө өгсөн, тэгээд л намаас гарсан. Гарсан дээр нь ч асуудал байхгүй. Хүний Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрх байгаа. Намд элсэх, элсэхгүй байх, аль намд хэнтэй нэгдэх вэ, хэнтэй нэгдэхгүй байх гэдэг сонгуультай хамаагүй. Улс төрийн эрхийг манай намын дүрмийг Улсын дээд шүүх бүртгээд авчихсан, зөрчилгүй гэж үзсэн гэж байна. Намын дүрмийг Улсын дээд шүүх бүртгэж авснаараа танай намын аль нэг гишүүн намаас хэзээ ч гарч болохгүй, өөр намын гишүүнд элсэж болохгүй гэсэн утга агуулга, хууль зүйн үндэслэл байхгүй. Өргөдөл дээрээ 9 сарын 1-ний өдөр өгсөн гээд бичсэн байгаа. Гуравдагч этгээдийн хувьд хэзээ энэ өргөдлөө өгсөн бэ гэдэг нотлох баримтыг шүүхэд өгсөн байгаа. Энэ хүн 9 сарын 1-ний өдөр гэдэг он сар өдрийг тавиад 9 сарын 1-ний өдөр өргөдлөө бичээд 9 сарын 2-ны өдрийн 17 цаг 09 минутад намдаа гардуулж өгсөн. Үүнээс хойш хэрэгт байгаа нотлох баримтыг үзэхээр Иргэдийн оролцооны нэгдэл намаас нэр дэвшүүлээд энэ хүнийг 9 сарын 2-ны өдрийн 22 цагт байгаа. Цаг хугацааны хувьд харвал эхлээд Ж.Г намаасаа гарсан нь үнэн, нотлох баримт байна. Цаг минутаараа байна. Иргэний оролцооны нэгдэл намаас Сонгуулийн хороонд Ж.Г-ийг бүртгэхээр өгсөн материал дээр хурал хийсэн цаг минут нь байна. Ийм дараалал маш тодорхой цаг минуттайгаа байтал манай намын хүнийг дэвшүүлчихлээ гэж ярьж болохгүй. Хүчингүй болгуулах гэж байгаа бол шаардлагын үндэслэл нь нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол  ямар нэгэн байдлаар зөрчигдсөн байх ёстой. Зөрчиж болзошгүй биш. А-ын ямар ч нэр дэвшигчийн нэр дэвших эрх нь зөрчигдөөгүй. Адэвшүүлсэн, бүртгүүлсэн, ирээдүйд болох сонголт дээр манай намын хүнд нөлөөлж магадгүй, санал хувааж магадгүй гэдэг байдлаар хандаж болохгүй. Сонгуулийн хороо чи энэ намын гишүүн байсан санал хувааж магадгүй, чамайг бүртгэж авахаа больё гэх юм уу? Тийм асуудал байхгүй. Аын нэхэмжлэл нь өөрөө хуульд үндэслээгүй, хууль бус шаардлага тавиад байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, У.Х нар нь Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаартай “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолын Ж.Г-ийг бүртгэсэн хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

            2. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2.1. Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаартай “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолоор Иргэдийн оролцооны нэгдэл намаас Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нарыг бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэжээ./Хавтаст хэргийн 70-71 дэх тал/

            2.2. Нэхэмжлэгч А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “Иргэдийн оролцооны нэгдэл намаас нэр дэвшигч Ж.Г нь А-ын гишүүн бөгөөд намаас гараагүй, намын дүрэмд зааснаар намаас гарах асуудлыг шийдвэрлээгүй байхад А-ын гишүүнийг өөр намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэрийг дэвшүүлсэн байхад нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-т заасан “өөр намын гишүүний нэрийг дэвшүүлсэн” гэснийг зөрчсөн, хууль бус” гэж;

            Хариуцагч Орхон аймгийн Сонгуулийн хорооноос “Иргэдийн оролцооны нэгдэл намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч Ж.Г нь хуульд заасан баримтаа бүрэн бүрдүүлж ирүүлсэн бөгөөд намаас гарах хүсэлтээ материалдаа хавсарган ирүүлсэн учраас бүртгэлийг хийсэн, Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д зааснаар намаас гарах хүсэлт гаргаснаар намаас гарсанд тооцох зохицуулалттай тул Сонгуулийн хороо хууль зөрчөөгүй” гэж;

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Иргэн хүн намд элсэх, намаас гарах нь түүний эрхийн асуудал бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 17.09 цагт намаас гарах хүсэлтээ намд хүлээлгэн өгсөн. Тийм учраас Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д зааснаар намаас гарсанд тооцно” гэж тус тус маргав.

            2.3. Орхон аймгийн Сонгуулийн хороо нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор Иргэдийн оролцооны нэгдэл намаас Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч Ж.Г-ийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 16.2.2.аймаг, нийслэлийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох;” гэж заасан захиргааны байгууллагын чиг үүргийн хүрээнд шийдвэр гаргасан.

            2.4. Ийнхүү шийдвэр гаргахдаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Нэр дэвшигчийг тухайн шатны сонгуулийн хороо бүртгэж, үнэмлэх олгоно, 31.2-т “Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ: 31.2.1.нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт, 31.5-д “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах бөгөөд уг баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ хуульд заасан хугацаанд багтаан нөхөн ирүүлж болно, 31.9-д “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэж тус тус зааснаар хуульд заасан нэр дэвшигчийн бүрдүүлбэл зохих баримтыг үндэслэн Ж.Г-ийг нэр дэвшигчээр бүртгэсэн нь хууль зөрчөөгүй байна.

            2.5. Тодруулбал, Иргэдийн оролцооны нэгдэл нам нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1-т зааснаар нэр дэвшүүлсэн хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг Ж.Г-ийн А-аас гарах хүсэлтийн хамт аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн үйл баримт тогтоогдсон. /Хавтаст хэргийн 72-73 дахь тал/

            2.6. Нэхэмжлэгч нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1-т зааснаас бусад үндэслэл, бүрдүүлбэл зохих материалтай холбогдуулж маргаагүй тул маргаж буй үндэслэл болох Иргэдийн оролцооны нэгдэл намын нэр дэвшүүлсэн хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтад байгаа Ж.Г нь А-ын гишүүнд хамаарах эсэх, өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн эсэх үйл баримт, түүнд хамаарах нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.  

            2.7 Нэр дэвшигч Ж.Г нь А-аас гарах хүсэлтээ 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргаж, Орхон аймгийн А-ын хороонд  хүлээлгэн өгсөн тул Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль тогтоомж болон тухайн намын дүрэм, намын хөтөлбөрт нийцүүлэн түүний үйл ажиллагаанд оролцох, намыг дэмжих, эс дэмжих эрхтэй.”, 5.7-д “Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно.” гэж зааснаар намаас гарсанд тооцно.

            2.8. Тодруулбал, Ж.Г нь А-аас гарах хүсэлтээ Орхон аймгийн А-ын хэрэг эрхлэх газрын дарга Ц.О-д 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 17.09 цагт хүлээлгэн өгсөн гэж уг үйл баримтаа фото зургаар баримтжуулан шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг хүсэлтийг А хэзээ, хэрхэн хүлээн авсан болох нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, “Ж.Г нь хүсэлтээ намыг төлөөлөх эрхтэй этгээдэд гаргаж өгөөгүй” гэж тайлбарлав.

2.9. Орхон аймгийн А нь Ж.Г-ийн гаргасан хүсэлтийг хэзээ, хэрхэн хүлээн авсан, өргөдөл, албан бичиг хүлээн авсан талаар ямар нэгэн бүртгэл хөтлөөгүй, хүсэлт дээр ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ хийгээгүй болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргаж өгсөн Ж.Г-ийн А-д гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

2.10. Хуулийн этгээдийн зүгээс тухайн намд ирсэн өргөдөл, хүсэлтийг албан хэрэг хөтлөлтийн журамд зааснаар хүлээн авч, бүртгээгүй, ямар нэгэн бүртгэл, тэмдэглэл хийгээгүй үйлдэлд Ж.Г-ийг буруутгах үндэслэлгүй бөгөөд Ж.Г нь намаас гарах хүсэлтээ бичгээр гаргасан байх тул уг хүсэлтийг шийдвэрлэсэн эсэхээс үл хамааран Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д зааснаар намаас гарах хүсэлт гаргаснаар намаас гарсан тооцохоор байна.

            2.11. Иймд Ж.Г-ийг Иргэдийн оролцооны нэгдэл намаас Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчээр бүртгэсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-т заасан “өөр намын гишүүний нэрийг дэвшүүлсэн” гэх үндэслэлд хамаарахгүй.

            2.12. Сонгууль нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Сонгуулийн зарчим нь иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэнэ” гэсэн зарчимд үндэслэх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно” гэж заасан тул Ж.Г-ийг намын гишүүнээс гарах асуудлыг А-ын дүрэмд заасан журмаар шийдвэрлээгүй, А-ын гишүүнчлэлд бүртгэлтэй байгаа гэж түүний сонгогдох эрхийн хязгаарлах үндэслэлгүй юм.

            2.13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”гэж зааснаар Захиргааны хэргийн шүүхийн зорилго нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэдэг. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохоор хуульчилсан.

2.14. Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаартай “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоол буюу захиргааны акт нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй байх тул уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй.

            2.15. Шүүх нь маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үндэслэл, хуульд нийцсэн эсэхийг хянахдаа захиргааны акт нь агуулгын хувьд хуульд үндэслэх зарчимд нийцсэн байх, эрх зүйн үндэслэлтэй байх, тодорхой байх, хүчин төгөлдөр эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн байх зэрэг шаардлагыг хангасан эсэхийг хянан үздэг. Харин намын дүрэм буюу намын дотоод бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг тогтоосон намын дотооддоо мөрдөгдөх журмын хэрэгжилт, уг дүрмийг зөрчсөн эсэх нь захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээнд хамаарахгүй болно.  

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 7 дугаар зүйлийн 7.1, 16 дугаар зүйлийн 16.2.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 31.5, 31.9, 32 дугаар зүйлийн 32.1, Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.7 дахь заалтуудыг баримтлан А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, У.Х нарын Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаартай “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолын Ж.Г-ийг бүртгэсэн хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 П.УУГАНЦЭЦЭГ