Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 128

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч С.Баттамир,  

Шүүгдэгч Б.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ихтугтан овогт Батболдын Эрхтамирт холбогдох эрүүгийн 1709019490434 дугаартай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Увс аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 29-р байрны 19 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ихтугтан овогт Батболдын Э, /РД:ОЮ/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн орчимд хохирогч Ц.Сүхбатын “Самсунг галакси жи-5” маркийн гар утсыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар залилан авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Эрүүгийн 1709019490434 дугаартай хэргээс:

           Шүүгдэгч Б.Э нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын дундуур Сүхбат гэх таньдаг хүүхдийнхээ гар утсыг 2 хоног надад бариулчих тэгээд би чамд буцаагаад өгье гэж аваад шууд гар утсыг нь ломбарданд аваачиж тавиад өөрийнхөө “Айфоне 6” маркийн гар утсыг ломбардаас аваад гэртээ харьсан. Тэгээд Сүхбат маргааш нь над руу утсаар яриад “ахаа миний утас хэрэг болоод байна гэхээр нь би ганц хоёр хоногийн дараа аваачаад өгье” гэж хэлээд өгч чадаагүй. Учир нь би тэр үед найз Буяндэлгэрээс 200.000 төгрөг авах ёстой байсан. Тэгээд Буяндэлгэр надад мөнгөө өгөөгүй. Би хийсэн зүйлдээ гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 20, 45 дугаар хуудас/,

 

   Насанд хүрээгүй хохирогч Ц.Сүхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  “…2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хичээлээ тараад явж байгаад Эрхтамиртай таараад “малгайгаа авъя” гэтэл “малгай чинь гэрт байгаа гэрт хүн байхгүй байна. Би түлхүүрээ гэрт орхисон байна” гэсэн. Тэгээд гэрийнх нь гадаа хүн эрхийг хүлээж байгаад бид хоёр хоолны газар ороод хоол идчихээд гарч ирээд намайг “гар утсаа өгч бай дуу сонсъё” гэхээр нь би утасныхаа кодыг тайлаад өгсөн тэгтэл Эрхтамир гар утасны кодыг арилгаад халаасандаа хийгээд “одоо нэг хүн ярина тэгэхээр нь ярьчихаад өгье” гэж хэлээд гэр лүүгээ ороод алга болчихсон. Тэгээд би хайгаад явж байтал 7 дугаар байрны гадна сагсан бөмбөгний шийдэн дээр байхаар нь очоод “утсаа авъя” гэтэл “би утсыг чинь “Монтел” дээр зарчихсан. Чиний утастай адилхан утас 200.000 төгрөгт ломбарданд зарж байна лээ чи надад 100.000 төгрөг өгчих би утсыг чинь аваад өгье” гэж хэлсэн…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 8, 44 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ:

“...”Самсунг галакси жи 5” загварын гар утас – 250.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Ганбилгүүдэйгийн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч М.Ганболдын мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 26 дугаар хуудас/, Б.Эын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн орчимд өөрийн танил насанд хүрээгүй хохирогч Ц.Сүхбатын “Самсунг галакси жи-5” маркийн гар утсыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “2 хоног түр хэрэглээд буцаагаад өгье” гэж  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өөртөө шилжүүлэн авч барьцаалан зээлдүүлэх газарт уг гар утсыг тавьж залилан мэхэлсний улмаас 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Ц.Сүхбатын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгийг залилан авсан талаар мэдүүлсэн, хохирогч шүүгдэгчид эд хөрөнгөө түр хугацаанд өгсөнийг мэдүүлж, хохирогчид хохирол учирсан хохирлын хэмжээг тогтоосон эд зүйлийн үнэлгээ хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Эыг зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн, урьдын танилын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүх түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тус зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай санаа, зорилгоо хэрэгжүүлсэн нөхцөл байдал шалтгаалсан байна.

 Шүүгдэгч Б.Эт ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Прокуророос шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар гаргасан дүгнэлтдээ “...шүүгдэгч Б.Эт  1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх...” гэсэн санал гаргажээ.

 

Шүүгдэгч Б.Э нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүх түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэлээ.  

Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Ц.Сүхбатын хууль ёсны төлөөлөгч С.Хулангаас бичгээр гаргасан хүсэлтэд “Б.Энхтамир Сүхбатын гомдлыг бүрэн барагдуулсан, ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан /хх-ийн 38, 40, 50/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               

                                                                                                                   ТОГТООХ нь:

            1. Ихтугтан овгийн Б.Эыг зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн, урьдын танилын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан авсны улмаас 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

   3. Шүүгдэгч Б.Эыг хорих ял оногдуулахгүйгээр1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

            4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Эрхтамирыг хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэхь хэсэгт зааснаар түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг анхааруулсугай.

            6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

   7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар  тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн  6.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

             9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН