Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2018/0491/З |
Дугаар | 0024 |
Огноо | 2019-01-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 0024
“Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь, Шүүгчид: Х.Батсүрэн,
Д.Мөнхтуяа,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг.
Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн улсын байцаагчийн 40/15 дугаартай актыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах”,
Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0572 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0599 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн захирал Д.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нар.
Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0572 дугаар шийдвэрээр: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ц.О, Л.Г нарын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 40/15 тоот актаар “Ф” ХХК-д ногдуулсан 149 654 954 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0599 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0572 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Гаалийн улсын байцаагчийн 40/15 дугаартай актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгчээс: “Манай компаний нэхэмжлэлтэй Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан 221/МА2018/0599 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.
4. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт манай компаний гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасантай нийцэхгүй байна гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ. Үүнд:
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан “энэ хуулийн 14.1- 14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан захирамж 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гарсан боловч уг захирамжийн дагуу “хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах”-аар гомдол хүсэлт гаргасан.
6. Гаалийн ерөнхий газраас 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01-8/1723 дугаартай албан бичгээр хариу өгч “...шүүхээр шийдвэрлүүл” гэсэн. Үүний дагуу манайх уг албан бичгийг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар татгалзаж байгаа нь хууль бус. Иймд хяналтын журмаар хянан хэлэлцэж магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгчийн “...Гаалийн ерөнхий газраас 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01-8/1723 тоот албан бичгээр хариу өгч “...шүүхээр шийдвэрлүүл” гэсэн. Үүний дагуу манайх уг албан бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар татгалзаж байгаа нь хууль бус...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.
9. Нэхэмжлэгч “Ф” ХХК нь Гаалийн ерөнхий газарт холбогдуулан тус газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нарын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 40/15 дугаар актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Анхан шатны шүүх энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасантай нийцэхгүй талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан.
11. Нэхэмжлэгч “Ф” ХХК нь маргаан бүхий захиргааны акт болох Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нарын 2015 оны 40/15 дугаар актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг урьд нь, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1152 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх ба тус шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр, тухайн нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн талаарх баримт хэрэгт байхгүй байна.
12. Иймд давж заалдах шатны шүүхийн, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг үндэслэн “хэргийн оролцогчид шийдвэрлэсэн асуудлаар дахин маргах эрхгүй, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан” гэж дүгнэн, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
13. Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0599 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА