Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2016/00136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ч.Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Радио телевизийн сүлжээний газрын Х аймаг дахь Радио, телевизийн станцад холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй үеийн цалин гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Г- хариуцагч М.Э- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2014 оны 4 дүгээр сарын 29-нд Радио телевизийн сүлжээнд 1 жилийн хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулж сахиулаар ажилд орсон юм. Хөдөлмөрийн гэрээ 2015 оны 4 дүгээр сарын 29-нд дуусаад орон тооны цомхотголд орж ажлаасаа халагдсан юм. Би ажлаас халагдсан тушаалаа 2015 оны 5 дугаар сарын 10-нд хүлээн аваад тухайн үед шүүхэд хандсан боловч надад хувийн ажил гараад нэхэмжлэлээ буцааж авсан болно. Харин намайг ажлаас халаад миний оронд өөр хүн ажилд авсан байсан тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан юм.

Иймд одоо урьд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Радио телевизийн сүлжээний газрын Х аймаг дахь Радио, телевизийн станцын дарга М.Э- шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.Г-тэй анх манай байгууллага хөдөлмөрийн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулан сахиулын ажилд авч ажиллуулсан байсан юм. Манай байгууллага 2015 онд телевизийн тоон системд шилжиж тоног, төхөөрөмжид гэмтэл гарч байсан тул захиралын зөвлөл хуралдаад засварын техникч авах шаардлагатай байна гэж үзсэн. Ингээд сахиулаар ажиллаж байсан Ч.Г-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ дууссан тул түүнд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл нэг сарын өмнө өгөөд ажлаас халж хуульд заасан цалин тэтгэмжийг нь өгсөн. Одоо манай байгууллага тусдаа сахиул гэж байх харин шуурхай засварын техникч нь давхар сахиул хийж байгаа болон түүний тушаал нь сахиул биш РТСГазарт засварын техникчээр томилсон тушаал хэрэгт өгсөн.

Иймд Ч.Г-ийн шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй үеийн цалин гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Радио телевизийн сүлжээний газрын Х-аймаг дахь Радио, телевизийн станцид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Радио телевизийн сүлжээний газрын Х аймаг дахь Радио, телевизийн станцийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 14 дугаартай Ч.Г-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай ".сахиул ажилтай Ч овогтой Г-ийн хөдөлмөрийн гэрээг 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөр дуусгавар болгож ажлаас чөлөөлсүгэй." гэх тушаалын хуулбар, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдэл зэргийг үнэлж үзэхэд ажилтан, ажил олгогч хоёрын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч Ч.Г-ийн Радио телевизийн сүлжээний газрын Х аймаг дахь Радио, телевизийн станцид сахиулын ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь: Радио телевизийн сүлжээний газрын Х аймаг дахь Радио, телевизийн станцын даргын 2015 оны 4 дүгээр сарын 29ий өдрийн 14 дугаартай Ч.Г-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан...гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн заалтыг зөрчиж, шүүхэд гомдлоо 6 сар 7 хоног буюу 191 хоногийн хугацаа хэтрүүлэн гаргасан болох нь нэхэмжлэгч Ч.Г шүүх хуралдаанд ....би ажлаас халагдсан тушаалаа 2015 оны 5 дугаар сарын 10-нд хүлээн авсан.... гэх тайлбар, мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлт шүүхэд ирүүлээгүй болно.

 

Нэхэмжлэгч Ч.Г шүүх хуралдаанд ....ажлаас халагдсан тушаалаа 2015 оны 5 дугаар сарын 10-нд хүлээн аваад тухайн үед шүүхэд хандсан боловч надад хувийн ажил гараад нэхэмжлэлээ буцааж авсан болно.... гэж тайлбар, мэдүүлэг өгч байгаа боловч энэ нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм. Өөрөөр хэлбэл хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт гомдол гаргагч нь гомдол гаргах хугацааны дотор хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно.

Нэхэмжлэгч Ч.Г хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа хэтрүүлж гомдол гаргасан тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадахгүй байна.

Иймд Ч.Г-ийн урьд ажиллаж байсан Радио телевизийн сүлжээний газрын Х-аймаг дахь Радио, телевизийн станцид сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх нэгэнт Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа тул Радио телевизийн сүлжээний газрын Х аймаг дахь Радио, телевизийн станцийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 14 дугаартай Ч.Г ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ч.Гийн нэхэмжлэгч Радио телевизийн сүлжээний газрын Х  аймаг дахь Радио, телевизийн станцид холбогдох сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ