| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00111/и |
| Дугаар | 155/ШШ2016/01112 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2016/01112
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт суманд ********дүгээр багт оршин суух, Далай ээж хүнсний дэлгүүр ажиллуулдаг, **** дугаар регистртэй, ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1975 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод оршин суух, ****** дугаар регистртэй, ********** холбогдох
Машины үнэ 15.000.000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2016/00111/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр, хариуцагч Д.Б.А , хариуцагчийн өмгөөлөгч В.Энхболд нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр ****** хамт 2013 оны намар ****** маркын жип автомашиныг Улаанбаатар хотоос 23.500.000 /хорин гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдан авсан. Уг машиныг 2015 оны 10 сарын 26-ны өдөр ******** пургон машинаар шууд сольё гэж харилцан тохиролцож солилцсон. Уг наймааг хийх үед Б.А , манай нөхөр бид хэд байсан. Уг наймааг хийх үед Б.А нь дараа нь янз бүрийн ярихгүй шүү, гоншгонохгүй шүү гэж гараасаа барилцаад наймааг хийсэн. Уг пургоныг манайхаас Баасандорж нь үзээд би авъя гээд авсан. Тэгтэл одоо Б.А нь манай машиныг эвдчихээд танай машин эвдэрхий юм байна, би пургоноо авна гээд Б.А манай нөхрийг ав гэж худал яриад авсан байсан. Би одоо уг машины үнэ болох одоогийн зах зээлийн ханшаар 15.000.000 төгрөгөөр үнэлж байна. Энэ машиныг маань юу ч үгүй эвдэж хаяад дээр нь пургоноо буцаагаад авсан. Б.А гаас 15.000.000 төгрөг нэхэмжилж байна. Та бүхэн миний нэхэмжилсэн мөнгөн дүнг яаралтай шуурхай шийдвэрлэж Б.А гаас мөнгө гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.А , Баярдалай нартай харилцан ярилцаад 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн ХӨВ 45-96 улсын дугаартай автомашиныг Ниссан навара маркын автомашинаар солилцсон. Анх машин солилцоход Нямхүү, Баярдалай нар нь надад задаргаа ороогүй, үйлдвэрээрээ байгаа гэж хэлсэн. Анх машиныг аваад Баярдалайгийн гадаа асааж үзэхэд торжигносон дуу гараад байсан. Үүнийг нь би тэр даруйд нь ******* нарт хэлэхэд зүгээр, наад дуу чинь угаасаа байдаг юм гэж хэлсэн. Би тухайн үед нэг нутгийн хүмүүс надад худлаа хэлэхгүй гэж итгээд хэд хоног унаад үзье, сэтгэлд нийцвэл авья гэж хэлээд өөрийнхөө машиныг үлдээгээд ниссаныг нь аваад явсан. Мөрөн сум руу 2015 оны 11 сарын 13-ны орчим ирж явах замд машин эвдэрсэн. Машиныг чирж авч ирээд засварчин Б.А гэж залууд үзүүлсэн. Гэтэл Б.А нь надад энэ машин задаргаа орчихсон, духны гинжний тохиргоог буруу хийж сул тавьснаас үүссэн эвдрэл байна гэж хэлсэн. Үүний дагуу би Нямхүү, Баярдалай нартай очиж уулзсан боловч надад нэгэнт наймаа хийсэн тул буцааж авахгүй, бидэнд хамаагүй гэж хэлсэн. Би та нар надад худлаа хэлж машинаа зарсан байх тул би өөрийн машинаа Б.А буцааж авлаа, танай машиныг засаад буцааж авч ирж өгнө гээд Б.А машинаа очиж авсан. Ниссан машинд гинж давж 2 арааны шүд хугарсан, нударган гол хугарсан, 4 клапан тахийсан гэмтэл гарсан байсан бөгөөд 2 араа 100.000 төгрөг /1ширхэг нь 50.000/, нударган гол 250.000 төгрөг, клапан 120.000 /1ш 30000х4/ засварын үйлчилгээний үнэ 300.000 төгрөг, хотоос сэлбэг авч ирсний хөлс 30.000 төгрөг, нийт 800.000 төгрөг гаргаж засуулсан. Засуулаад хүргэж өгөхөөр авч явах замд машин Мөрөн сумаас гараагүй байхдаа дахин эвдэрсэн. Дахиад засвар дээр аваачиж үзүүлэхэд гришигний жийрэг үлээсэн гэмтэл гарсан байсан. Одоо тухайн машин нь засвар дээр байгаа бөгөөд гришигний жийрэг нь Мөрөн сумаас олдохгүй, ямар жийрэг таардаг талаар Баярдалай, Нямхүү нараас асуухад хэлж өгөхгүй байгаа бөгөөд бидний зүгээс уг жийргийг нь солиод, эсвэл жийрэгний үнийг нь төлөөд өгөх саналтай байгаа. Анхнаасаа Баярдалай, Нямхүү нартай машин солилцохдоо аман хэлбэрээр ярилцан тохиролцсон бөгөөд бичгээр гэрээ байгуулаагүй, мөн надад доголдол бүхий машинаа худлаа хэлж өгсөн тул би нэхэмжилж байгаа 15.000.000 төгрөгийг төлөх нь үндэслэлгүй байна. Нямхүү, Баярдалай нар нь намар энэ машинаа 10.000.000 төгрөгөөс сайн яриад өгнө гэж байсан атлаа одоо 15.000.000 төгрөгөөр үнэлэн нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Баярдалайтай уулзахад уг машинд 2 удаа жийрэг сольж байсан гэж надад хэлж байсан. Миний хувьд жийрэгний мөнгө 100.000 төгрөг, жийрэг солих үйлчилгээний үнэ болох 300.000 төгрөгийг төлөх, эсвэл дээрх бүх үйлчилгээ засварыг өөрсдөө хийлгээд машиныг нь анх хүлээн авахад ямар байсан, тэр биет байдлаар нь буцаан өгөх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А маркын жип автомашин миний нэр дээр байдаг, миний өөрийн машин юм. Би хариуцагчийг засаад аваад ирэх юм байх гэж бодон их харсан, гэвч авч ирээгүй. Одоо хариуцагч нь 10.500.000 төгрөг төлье гэж байгааг зөвшөөрч, 4.500.000 төгрөг гаргуулахаас татгалзаж, 10.500.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч байна гэв.
Хариуцагч Д.Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид машинаа шууд солилцсон. Дараа нь миний машиныг зарахдаа 10.000.000 төгрөгөөр өгсөн байдаг. Би Б.А гийн нөхөртэй нь наймаа хийсэн. Гэвч одоо 10.500.000 төгрөг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Д.Б.А д холбогдуулан машины үнэ 15.000.000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч 4.500.000 төгрөг гаргуулахаас татгалзан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахаар хариуцагч Д.Б.А тай эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.А гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б.А гаас 10.500.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 91.475 төгрөгийг гаруулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.А гийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б.А д холбогдох машины үнэ 15.000.000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б.А гаас улсын тэмдэгтийн хураамж 91.475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА