Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2016/01111

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Ханх сумын ****дугаар багт оршин суух, ****дугаар регистртэй, Б.А

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2016/00945/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг оролцлоо.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1974 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн н/126 дугаар тушаалаар Барилгын цэргийн 166 дугаар ангид цэргийн албанд татагдаж, 1977 оны 8 дугаар сарын 20-ны өдөр халагдаж ирсэн. Цэргээс халагдаад Сэлэнгэ аймгийн Шаамар сумын трактор, комбайны 1 жилийн курст суралцаж төгсөөд тракторчин мэргэжлийг эзэмшин Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйд 1978 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 1988 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тракторчин хийсэн. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр болон холбогдох баримт бичиг байхгүйн улмаас ажилласан жил маань тогтоогдохгүйд хүрээд байна. Иймд миний Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйд 1978 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Б.А Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйд 1978 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд тракторчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн Архиваас түүвэрлэсэн Б.А ийн 1978 оны 11 дүгээр сараас 1988 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1978 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1978 оны төгсөлтөөр ирсэн мэргэжилтэн техникчдийг ажилд хуваарилах тухай хэлэлцээд ТУШААХ нь: ... 7. Техникчдийг хуваарилсан хуваарийг хавсралт 1-р баталсугай... гэх бичилттэй №136 дугаартай тушаалын хуулбар, тус тушаалын ...аль сургуулиас ирсэн: Шаамараас, Ямар мэргэжлээр: трактор комбайнчнаар, овог нэр: Давгасүрэн Б.А , ажиллах газар: үр тарианы 4-р бригад, хэдэн сарын хэднээс: I/YII, ямар албан тушаалаар: тр. Комбайнчнаар... гэх бичилттэй 1 дүгээр хавсралтын хуулбар, 1981 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1. Хаврын тариалалтын 9-р тав хоногийн хугацаанд шалгарсан Батаа нарын 34 хүнийг шагнасугай. 2. Хавсралт 1-г баталсугай.. гэх бичилттэй 1981 оны хаврын тариалалтын 9-р тав хоногийн уралдааны болзол дүгнэх тухай №89 дугаартай тушаалын хуулбар, тус тушаалын нэрс: Б.А , ажлын төрөл: үрэлгээ, марк: ДТ-75, норм: 34, өдөр бүр: 59, 26, 78, 54, 38, дүн: 255, 5 хоногт төл: 170, гүйц: 255, хувь: 150, олгох шагнал: 110... гэх бичилттэй хавсралтын хуулбар, 1982 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ...2. ургац хураалтын явцад мастер тохируулагч нарыг шууд дагалдан ажиллаж, тэдний туршлагыг эзэмших зорилгоор 2-р хавсралтад дурьдсан комбайнчдыг томилсугай.. гэх бичилттэй №116 дугаартай тушаалын хуулбар, тус тушаалын ...мастер дагуулагчийн нэр: Борис эспинивич, бригад комплекс: 1, дагалдан ажиллах туршлага эзэмших комбайнчид овог нэр: Б.А , төрсөн он: 1954, ажилласан жил: 6, мэргэжил: трактор/ком... гэх бичилттэй 2 дугаар хавсралтын хуулбар, 1985 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ...1985 оны ээлжийн амралтын хуваарийг 11-р сарын ажилтан, албан хаагчдын ээлжийн амралтыг баталсугай... гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай №202 дугаартай тушаалын хуулбар, тус тушаалын ...73. Б.А , тракторчин, 15, II, -, 26, 01/XI-01XII... гэх бичилттэй хавсралтын хуулбар, 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1. 1986 оны 11 дүгээр сард амрах ажилтан, малчин, албан хаагчдын ээлжийн амралтыг хуваарийн дагуу хавсралт №01-р баталсугай... гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай №234 дугаартай тушаалын хуулбар, тус тушаалын ...17. Б.А , албан тушаал: ҮТ-1-р бр трак, үндсэн: 15, албан тушаал: 11, бүгд 26, жинхэнэ олгох: 26, 01/XI-01XII... гэх бичилттэй хавсралтын хуулбар, 1987 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 1. САА-н уурын зууханд качегарь шаардлагатай байгаа тул ...15. Б.А , Үр тарианы 1-р бригадад тракторчин нарыг 1987-02-01-ээс эхлэн 1 сарын хугацаагаар качегараар ажиллуулсугай... гэх бичилттэй Механикжуулагчдыг уурын зууханд качегараар ажиллуулах тухай №43 дугаартай тушаалын хуулбар, 1987 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 3-р сард уурын зуухны качегараар дараах хүмүүсийг ажиллуулсугай. ...5. Б.А , 1-р бригадын тракторчин... гэх бичилттэй Уурын зууханд качегараар ажиллуулах тухай №74 дугаартай тушаалын хуулбар, 1988 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 1. Тракторчин Б.А , СМФ-ийн цэвэрлэгч Ж.Бямбасүрэн нарыг ар гэрийн гачигдалын учир 12 сарын 29-нөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн мэдэлд шилжүүлсүгэй... гэх бичилттэй Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай №368 дугаартай тушаалын хуулбар, гэрч Л.Амгалангийн ...Б.А ажилд явахаасаа өмнө мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд л манайд ажилд орсон шиг санагдаж байна. 1977 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтайн Сангийн аж ахуйд үр тарианы бригадад тракторчин комбайнчнаар ажиллаж эхэлсэн. Би 1983 оноос 1988 оны хооронд үр тарианы 1-р бригадын дарга хийж байсан. Тэр хугацаанд манай бригадад ажиллаж байсан. Би 1988 оноос хойш өөр ажил руу шилжсэн юм. Түүнээс хойш ажиллаж л байсан байх... Би 1973 оноос Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Өрнөлт нэгдэлд тракторчин комбайнчнаар ажиллаж эхэлсэн. Тэгээд 1976 оноос Өрнөлт нэгдэл маань Бургалтайн Сангийн аж ахуй болон байгуулагдсан. 1979 оноос 1983 он хүртэл бригадын тоо бүртгэгч хийж байсан. Түүнээс хойш бригадын дарга болон ажиллаж байгаад 1988 онд ажлаасаа гараад Сэлэнгэ аймгийн төв рүү ажилласан... гэх мэдүүлэг, гэрч Л.З  ...Би 1978 онд ажилд орсон юм. Тэгэхэд Б.А нь ажиллаж байсан. Б.А нь 1977 оноос 1988 он хүртэл бригадад ажиллаж байсан. Б.А нь тухайн үед трактор комбайнчин хийж байсан... Би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтайн Сангийн аж ахуйд трактор комбайнчин хийж байсан... Цуг ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. Иймд Б.А ийн Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйд 1978 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоов.

Хүсэлт гаргагч Б.А ид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.А-н Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйд 1978 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ОТГОНБЯМБА