Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2016 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2016/00138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Д.Б-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч 155/2016/00080/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Д.Б- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Б- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Х- аймгийн А- сумын Х- нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 1 сарын 1-нд сум нэгдлийн дарга Сэрээнэндоржийн тушаалаар төллөх 763 толгой мал, саалийн 15 үнээ маллаж байгаад 1987 оны намар 9 сард 651 төллөх хонин суурь, 17 саалийн үнээ 1990 оныг дуустал эдгээр малаа малласан. Х- нэгдлийн 1989 оны цалин хөлсний данс бүх хүмүүсийнх байхгүй, аймгийн архивт болохоор малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй байна. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр 1985-1990 оныг дуустал таглагдсан байгаа юм. Иймд миний Х- аймгийн А- сумын Х- нэгдэлд 1985 оны 1 сарын 1-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал ажиллаж байсныг цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн бичилт зэргийг үндэслэн сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х- аймгийн А- сумын Х- нэгдлийн 3 дугаар бригадад 1985 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1990 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилт зөрүүтэй, сумын архив болон аймгийн архивт намайг ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал байхгүйгээс улсад ажилласан жил маань тооцогдохгүй байна. Иймд миний Х- аймгийн А- сумын Х- нэгдлийн 3 дугаар бригадад 1985 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Б- нь тус шүүхэд Х- аймгийн А- сумын Х- нэгдлийн 3 дугаар бригадад 1985 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Б- нь Х- аймгийн А- сумын Х- нэгдлийн 3 дугаар бригадад 1985 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан болох нь Дугар овогтой Бямбасүрэнд 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х- аймгийн А- сумын Х- нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, гэрч С.Н, Б.Б нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Б- гийн Х- аймгийн А- сумын Х- нэгдлийн 3 дугаар бригадад 1985 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Д.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН