Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2016/01110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн **** суманд ***** дугаар багт оршин суух, **** дугаар регистртэй, Б.Г

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2016/00985/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Б.А  нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.А  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 онд 10 дугаар анги төгсөөд эцэг, эхийнхээ хамт мал маллаж байгаад цэргийн албанд явсан. 1983 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуулийн байрын багшаар ажилд орж, улмаар лаборант, байрын жижүүр, хүмүүжүүлэгч, нярав зэрэг ажлыг 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хийж байсан. Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургууль 1990 оны 06 сард 10 жилийн сургууль болон өргөжиж байсан. Тухайн үед миний ажиллаж байсан үеийн баримт дутуу, хөдөлмөрийн дэвтрийг 1990 онд нөхөж авсан, манай сургуулийн байр 1997 онд шатсан тул дээрх хугацаанд ажиллаж байсан жилүүдээ тогтоолгох шаардлагатай болоод байна. Би группийн тэтгэвэр авдаг тул ажиллаж байсан хугацаагаа тооцуулж, группийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх гэж байгаа юм. Иймд намайг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуульд 1983 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл байрын багш, жижүүр, лаборант, няраваар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуульд 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.А  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Б.А  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуульд 1983 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд байрын багш, жижүүр, лаборант, нярав, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуульд 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд няраваар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын сургуулиас 1990 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр нөхөн олгосон 01. 1980 оны 06 сарын 20. Цэргийн албанд татагдав. Цэргийн батлах, 02. 1983 оны 06 сарын 17. Цэргийн албанаас халагдаж ирэв. Цэргийн батлах, 03. 1983 оны 06 сарын 27. Сургуульд байрын хүмүүжүүлэгчээр авч ажиллуулав. Тосонцэнгэл сум захирлын 1983 оны 06 сарын 25-ны өдрийн 43 тоот тушаал, 04. 1984 оны 12 сарын 01. Байрын хүмүүжүүлэгчээс чөлөөлж, сургуулийн лаборантаар ажиллуулав. Захирлын 1984-12-01-ний 74 тоот тушаал, 05. 1985 оны 01 сарын 02. Лаборантаас нь чөлөөлж байрын жижүүрээр түр авч ажиллуулав. Захирлын 1985 оны 01 сарын 22-ны 03 тоот тушаалаар, 06. 1986 оны 11 сарын 10. Байрын жижүүрээс чөлөөлж хүнсний няраваар авч ажиллуулав. Захирлын 1986-11-09-ний 55 тоот тушаал, 07. 1992 оны 12 сарын 10. Өөр ажилд шилжих болсон тул сургуулийн няравын ажлаас чөлөөлж сумын тамгын газрын мэдэлд шилжүүлэв. Тосонцэнгэл 10 жилийн сургуулийн захирлын 1992.12.03-ны 59 тоот тушаал. 08. 1992 оны 12 сарын 10. Монгол Улсын Засгийн газрын 24-р тогтоолыг үндэслэн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн тоо бүртгэгч-татварын албаны байцаагчаар томилов. Тосонцэнгэл сумын Засаг даргын 1992 оны 12 сарын 1. 30-р захирамжаар. 09. 1993 оны 9 сарын 01. Тоо бүртгэгчийн ажлаас чөлөөлөв. Засаг даргын 1993 оны 9 сарын 01-ний өдрийн 59-р захирамжаар, 10. 1993 оны 9 сарын 06. Тосонцэнгэл сумын 5-р багийн Засаг даргаар томилов. Сумын Засаг даргын 1993 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 61 дүгээр захирамжаар, 11. 1994 оны 6 сарын 03. 5-р багийн Засаг даргын албанаас чөлөөлөв. Тосонцэнгэл сумын Засаг дарга **** тушаал ***, 12. 2002 оны 10 сарын 15. Ажилласан хугацааг 11 жил 10 сараар тооцов гэх бичилттэй №165623 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.А ын 1990 оны 1 дүгээр сараас 1990 оны 3 дугаар сард авсан цалин хөлсний бичилтийн хуулбарууд, Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуулийн захиргаанаас 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдөр олгосон Хүндэт нөхөр Б.А од 1991 оны ажлаараа хамт олноосоо шалгарч, сумын аварга цол хүртсэнд талархаж, баярын бичиг, мөнгөн шагналаар шагнав гэх бичилттэй баярын бичиг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Тосонцэнгэл сумын 8 жилийн сургууль нь 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор 10 жилийн дунд сургууль болон өргөжсөн болно гэх бичилттэй 26 дугаартай тодорхойлолт, 1990 онд ажлаа хийж байхдаа авахуулсан гэрэл зураг, гэрч **** ...Б.А  нь Тосонцэнгэл сумын 8 жилийн сургуульд 1983 оны 6 сард цэргээс халагдаж ирээд байрын хүмүүжүүлэгчээр орж ажиллаж байсан. Байрын багш, байрын жижүүр, нярав зэрэг ажлыг 1992 он хүртэл хийсэн. 1990 онд 10 жилийн сургууль болж, 1992 оныг дуустал... тасралтгүй ажиллаж байсан... би Тосонцэнгэл сумын малын эмчээр 1980 оноос 1992 он хүртэл хийсэн. 2000 оноос 2014 он хүртэл сургуульд нярав, үйлчлэгчээр ажиллаж, 2014 онд тэтгэвэртээ гарсан... Б.А  манай сумын хүн байгаа юм. Сумын төвдөө нэг дор ажиллаж амьдарч байсан болохоор түүний ажиллаж байсан талаар мэдэх юм... Б.А  бол цэргээс ирээд сумын сургуульд орж тасрахгүй ажиллаж байгаад 1993 онд өөр ажилд орсон юм... гэх мэдүүлэг, гэрч **** ...Б.А  нь Тосонцэнгэл сумын 8 жилийн сургуульд 1983 оны 6 сард анх байрын багшаар ажилласан, тэгээд хүмүүжүүлэгч багш, мөн сургуулийн лаборант, хүнсний нярав зэрэг багаас нь эхэлж хийж байсан. Тосонцэнгэл сумын 8 жилийн сургууль нь 1990 оны 06 сард 10 жилийн сургууль болж байсан. Тэгээд 1992 оныг дуустал ажилласан. Сургуульд ажилладаг гэхгүй, отор саальд хүртэл явдаг байсан... тасралтгүй ажиллаж байсан... Би 1980 оны 1 сард туслах тогоочоор Тосонцэнгэл сумын 8 жилийн сургуульд анх орж, одоог хүртэл ажиллаж байгаад сая тушаалаа авсан. Бид хамт ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаанд Тосонцэнгэл сумын 8 жилийн сургууль нь 1990 оны 6 сард 10 жилийн сургууль болж өргөжсөн... би эхлээд сумын аварга болж байсан, дараа жил нь Ганболд сумын аварга болж байсан. Өөр олон шагнал урамшуулал авч байсан байх... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд Б.А ын Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуульд 1983 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд байрын багш, жижүүр, лаборант, нярав, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуульд 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.

Б.А ын ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал, 1983 оноос 1992 оны хоорондох цалин хөлсний баримт байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Тус аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1983 оны тушаалыг шүүж үзэхэд Б.А ыг томилж чөлөөлсөн тушаал, мөн сумын сургуулийн захирлын 1983, 1984 оны тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/438 тоот тодорхойлолтГамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын нэгдсэн контор нь 1997 оны 4 дүгээр сарын 22-нд эд зүйлийн хамт шатаж *****төгрөгний хохирол учирч шатсан гэх бичилттэй тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын Тус сумын захиргааны барилга 1997 онд шатсаны улмаас архивын баримт шатсан ба 8 жилийн сургуулийн багш, ажилчдын тушаал, цалингийн цэс, холбогдох баримт бичиг архивт байдаггүй тул Б.А од холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй гэх бичилттэй 3/215 дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон тул хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ***** Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуульд 1983 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд байрын багш, жижүүр, лаборант, нярав, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуульд 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА