Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 110ШШ2024/0050

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: И.С,

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын хоорондын тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох  тухай  маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1. Нэхэмжлэгч И.С нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Иргэн И.С өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаар  маргажээ.

            2. Нэхэмжлэгч нь  анх 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор баримт бичгүүдээ хүлээлгэн өгсөн боловч  хуулийн хугацаанд хариу өгөөгүй байх тул   2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Нийгмийн даатгалын газрын  дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасан байх ба маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлөөс 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 73 дугаар тогтоолоор тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэр гаргаснаар  уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

            3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

            3.1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн И.С нь 57 настай, улсад 20-иос доошгүй жил ажилласан, үүнээс хөдөлмөрийн хортой нөхцөлд  шатахуун түгээгч буюу нефтийн операторчноор 10-аас доошгүй жил ажилласан, ажил олгогчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 09 дугаартай тушаалаар нефтийн операторчноос чөлөөлөгдсөн байх ба  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр  хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй.

 3.2. Ингээд  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргаснаар 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хуралдаанаар хэлэлцүүлэн 73 дугаартай тогтоолоор  гомдлыг хангахаас татгалзсан.

Иймээс өндөр насны тэтгэвэр авах хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгаа учраас  өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, И.С 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг даалгах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

            4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

4.1 Миний бие нэхэмжлэгч И.С итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага нь И.С өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал нь хууль бус болохыг тогтоож, И.С 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

4.2 Нэхэмжлэгч И.С нь 57 настай, улсад 20-иос доошгүй жил, үүнээс хөдөлмөрийн хортой нөхцөлд буюу шатахуун түгээгч,  нефтийн операторчноор 10-аас доошгүй жил ажилласан.  И.С ажил олгогчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр тоот тушаалаар нефтийн операторчноос чөлөөлсөн.

4.3. И.С нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт  2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй тул 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасан.

Тус газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 73 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч И.С гомдлыг хангахаас татгалзсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.4. Хариуцагчийн удаа дараа ирүүлсэн хариу тайлбарт “... Хөдөлмөр хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тоот  “Жагсаалт журам батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтад “Тэтгэврийг хөнгөлөлттэй  тогтоох, газрын доор хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын 2.19  дэх хэсэгт заасан ажил мэргэжилд хамаарахгүй хөдөлмөрийн хортой нөхцөлд хамааруулж тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж хариу тайлбар ирүүлсэн.

4.5. Нэхэмжлэгч И.С нь тус журам гарах хүртэл 10 жил ажилласан. Өмнөх 77 дугаартай тоот тушаалаар нефтийн операторчныг хортой нөхцөлд хамааруулдаг байсан. “Р” ХХК-ийн салбар нь  Монгол Улсын 15 аймагт ажиллаж, шатахуун түгээх станцаар хангаж байгаа том компани юм.

И.С нь “Р” ХХК нь 2012 оны  01 дүгээр сараас эхлэн 2024 онд хүртэл ажилласан нь нотлогдон тогтоогдож байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

            5. Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын газраас шүүхэд гаргасан тайлбарт:

            5.1. Тус аймгийн Өлгий сумын иргэн И.С тус газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргасан өргөдлийг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн хурлаар хэлэлцээд 73 дугаар тогтоол гаргасан.

            5.2.  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дах заалтад заасан нөхцөлийг хангасан даатгуулагчид хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалаар баталсан “Жагсаалт, журам батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралт “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын доор хөдөлмөрийн хортой халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ыг баримталж байна.

            5.3.  Уг жагсаалтын 2.19-т “ нефть боловсруулах үйлдвэрийн” гэсний 195 дугаарт заасан “... операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх, төхөөргийн, нефть хангамжийн операторчин” ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэрт хамаарах бөгөөд харин нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж байгууллага буюу шатахуун түгээх газрын түгээгч болон нефть хангамжийн операторчны ажил  мэргэжил уг жагсаалтад тусгагдаагүй тул И.С “Р” ХХК-д шатахуун түгээгч буюу нефтийн операторчноор ажилласан жилүүдийг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамруулж тэтгэвэр тогтоох боломжгүй болно гэжээ.

            6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1 Миний бие И.С нэхэмжлэлтэй, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.

Нэхэмжлэгч И.С нь Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан. Түүний гомдлыг маргаан шийдвэрлэх салбар зөвлөлийн хурлаар хэлэлцээд, 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 73 дугаартай тоот тогтоолоор татгалзсан шийдвэр гарсан.

6.2. Иргэн И.С Нийгмийн даатгалын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд ирүүлсэн өргөдөл болон хавсаргаж өгсөн материалуудаас үзэхэд, нийтдээ 24 жил нийгмийн даатгалын шимтгэлийн төлсөн нь нотлогдон тогтоогдож байна. И.С 1967 онд төрсөн, 57 настай. Нийгмийн даатгалаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтад нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 55 насанд хүрсэн эрэгтэй хөнгөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой боловч өнөөдрийн байдлаар мөрдөгдөж байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалаар баталсан “Жагсаалт журам батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралт “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын доор хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баримталж байна.

 6.3. Уг жагсаалтын 2.19 дэх хэсэгт “Нефть боловсруулах үйлдвэрийн” гэсний 195 дугаарт заасан “операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөргийн, нефть хангамжийн операторчин”, ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэрт хамаарах бөгөөд харин нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж байгууллага буюу шатахуун түгээх газрын “түгээгч” болон “нефть  хангамжийн операторчин”-ны  ажил мэргэжил  нь уг жагсаалтад тусгагдаагүй байгаа тул И.С “Р” ХХК-ний шатахуун түгээгч буюу нефтийн операторчноор ажилласан жилүүдийг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамруулж өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтуудыг  болон хэргийн оролцогчдын тайлбарыг шинжлэн судалж,  нэхэмжлэгч И. С Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан  “Иргэн И.С өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн “Р” ХХК-ийн захирлын 2012 оны 01 дүгээр 19-ний өдрийн “Ээлжийн түгээгчээр авч ажиллуулах тухай”  09 дүгээр тушаалаар[1] 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн ээлжийн опероторчноор томилогдсон, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Тэтгэвэрт гарсан ажилтныг ажлаас чөлөөлөх тухай” 09 дүгээр тушаалаар[2] тус компанийн нефть хангамжийн ээлжийн операторчны  ажлаас 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөр чөлөөлөгдсөн, шатахуун түгээх станцад  нефть хангамжийн ээлжийн операторчноор ажилласан   2012 оноос 2024 оныг хүртэлх нийт 12 жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл  төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан дээрх тушаалууд болон Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн даатгуулагч И.С нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор [3] тус тус батлагдаж байна.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 1967 онд төрсөн, 57 настай, улсад 20-оос доошгүй жил ажилласан, үүнээс хөдөлмөрийн хортой нөхцөлд 10-аас доошгүй жил ажилласан тул хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах үндэслэл бүрдсэн” гэж тайлбарлан тодорхойлжээ.

4. Нэхэмжлэгч нь 1967 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 57 настай болох нь түүний .....регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбараар[4], 1991 оны 10, 11, 12 дугаар сар болон 1993-2000 оныг дуустал хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл нь түүний НДД № ...... дугаар нийгмийн даатгалын дэвтрийн  ....... дугаар баталгаажилтын хуудсаар[5], тэрээр 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 0165 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 08/1377 дугаар лавлагаагаар[6] тус тус тогтоогджээ.

5. Дээрх тогтоогдсон үйл баримтуудыг үндэслэн түүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг тооцоход, “Р” ХХК-д нефть хангамжийн ээлжийн операторчноор ажиллаж шимтгэл төлсөн  2013 оноос 2024 он хүртэлх нийт  хугацаа 12 жил, Ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулийн /2012 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан "ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох" гэж нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах ажиллагааг” гэсний дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг  төлсөнд нөхөн тооцуулсан  хугацаа 8 жил, 3 сар,   Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн  23.1.3-т “Монгол Улсын иргэний 1995 оноос өмнө цэргийн жинхэнэ болон хугацаат цэргийн алба хаасан хугацаа;”, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно”  гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн  цэргийн алба хаасан 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл  2 жилийн хугацааг хуулийн дээрх заалтаар тооцоход 3 жил, нийт 23 жил 3 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж үзлээ.

6.  Нэхэмжлэгч нь 2012 оноос 2024 он хүртэл “Р” ХХК-ийн шатахуун түгээх станцад нефть хангамжийн операторчноор ажиллаж байсан нь тогтоогдож байгаа бөгөөд энэ ажлын байр нь хөдөлмөрийн  хэвийн бус нөхцөлд хамаарах  эсэх нь 2024 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчингүй болсон 1994 оны Нийгмийн даатгалын тухай хууль,  1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон уг хуулиудыг  дагаж гарсан хууль тогтоомжуудаар зохицуулагдана.

7. 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн  6-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална” гэж тусгайлан эрх олгосны дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар  “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ыг баталжээ.

8. Мөн 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт  “Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 4 дүгээр зүйлийн 3 дах хэсгийн 2-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” гэж тус тус заасан.

9. Хариуцагч талаас   хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон  авах  хуульд заасан 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, 50 насанд  хүрсэн эрэгтэй гэх шаардлагыг нэхэмжлэгч хангаж байгаа боловч түүний шатахуун  түгээх газрын буюу нефтийг жижиглэнгээр худалдаж буй газрын   нефть хангамжийн операторчноор ажилласныг хортой нөхцөлд ажилласанд тооцохгүй гэх  үндэслэлээр хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос  татгалзжээ.

10. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан  “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын “Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл” хэсгийн  14-т “Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, механик, гагнуурчин, сантехникийн засварчин, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын дотрыг уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин, цистерн, банк, резервуар, худаг дотор цахилгаан хийн гагнуур хийдэг гагнуурчин, насосчин, нефть хангамжийн операторчин, тос шингэн савлагч, торх угаагч, ачаа шалгагч, лаборант, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, цэнэглэх машины жолооч, тос цэвэрлэх цехийн ажилласан тос дахин боловсруулах үйлдвэрийн тос нэрэгч, тунгаагч, мастер, инженер” гэж заасан.

11. Шатахуун түгээх газарт шатахуун түгээгчийн  буюу нефть хангамжийн опероторчны ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийг “хэвийн бус”  гэж тодорхойлсон нь  хэрэгт авагдсан “Р” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон нэхэмжлэгч И.Саяхатын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 03-ны, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдийн Хөдөлмөрийн гэрээний[7] “Хоёр. Гэрээний нөхцөл” хэсгээр, мөн “Р” ХХК-ийн шатахуун түгээх газартай ижил үйл ажиллагаа явуулдаг “О” ХХК-ийн шатахуун түгээх газрын нефть хангамжийн опероторчин, шатахуун түгээх  станцын түгээгчийн ажлын байрны тодорхойлолтын 16 дахь хэсгээр[8] тус тус батлагдаж байх тул ажиллах нөхцөлийг “хэвийн” гэж үзэх боломжгүй байна. 

12. Тодруулбал, Монгол Улсад бий болоогүй, зөвхөн төслийн шатанд явж буй “нефть боловсруулах үйлдвэр”, эсхүл Монгол Улсад одоогийн байдлаар “нефть”-ийн төрлийн бодистой байнга харьцдаг, хамгийн түгээмэл, нийтэд илэрхий “нефть  хангамжийн газар буюу шатахуун түгээх станц” -ийн  алинд нь ажиллаж байгаагаас үл хамааран  нефть хангамжийн опероторчны ажил мэргэжлийн чиг үүрэг, онцлог нь бензин шатахуунтай, тэсэрч дэлбэрэх бодистой байнга ойр харьцдаг, түүнийг худалдан түгээх замаар  хортой нөхцөлд ажилладаг тул хөдөлмөрийн “хэвийн бус” нөхцөлд хамааруулан ойлгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

13. Иймд нэхэмжлэгчийг хуульд заасан 10-аас доошгүй жил хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан гэж үзэх үндэслэлтэй,  хариуцагчийн зөвхөн “Нефть боловруулах үйлдвэр”-ийн “… нефть хангамжийн опероторчны ажлын байрыг “хэвийн бус” нөхцөлд хамаарна, нефть хангамжийн газрын буюу шатахуун түгээх газрын “нефть”-тэй шууд харьцдаг  “нефть хангамжийн опероторчин”-ыг уг жагсаалтад хамаарахгүй” гэж тайлбарлан шийдвэрлэсэн нь  хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.

14. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн  /2023 оны/ 10 дугаар зүйлийн 10.1-т “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно” гэснийг үндэслэн нэхэмжлэгчийн анх  нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гаргасан гэх хугацаанаас буюу 2024 оны 02 дугаар сарын 8-ний өдрөөс эхлэн өндөр  насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994/ 15 дугаар зүйлийн 6, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994 он/  3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн  /2023 он/ 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж, И.С   өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын  татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2024 оны 02 дугаар сарын 8-ний  өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт  даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 9 дүгээр тал

[2] Хэргийн 10 дугаар тал

[3] Хэргийн 13 дугаар тал

[4] Хэргийн 14 дүгээр тал

[5] Хэргийн 6-7 дугаар тал

[6] Хэргийн 8 дугаар тал

[7] Хэргийн 25, 30 дугаар тал

[8] Хэргийн 45-48 дугаар тал