Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 43

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч С.Өмирбек, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2020/00480 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 8-04 тоотод оршин суух, Боржигон овогт Дандийхүүгийн Отгонзаяа /*******-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын ******* /4061896/-д холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаар *******г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан түүх нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2019-2020 оны хичээлийн жилийн ээлжийн амралтын олговор гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын ******* хоёр багшийн сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтын зарыг 6 дугаар сургуулиас шилжиж явсан ******* багшаас сонссон. 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр сонгон шалгаруулалтад ороод нэгээр гарч тэнцсэн. Захирлын өрөөнд ороход 9 дүгээр сарын 01-ний өдөр бэлэн бай гэдэг үүрэг чиглэлийг өгсөн. 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бүтэн сайн өдөр байсан. Тухайн өдөр ирэхэд таван багшийн хувиар хийсэн маргааш 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн сургалтынхаа үйл ажиллагаа явуулаарай гэж хэлсэн. *******, Доржжигжид, Доржпалам, *******, Х.Мягмарсүрэн гэсэн таван багш дээр хувиар хийсэн байсан. Нэг багшийн цагийн норм 19 цаг байдаг. Таван багшийн цагийн норм бид нарт хангалттай буюу дунджаар нэг багшид 22-28 цаг оногдож байсан.

2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс ажлаа хийгээд хичээл сургуулийнхаа үйл ажиллагаа явуулж байтал 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр сургалтын менежерийн өрөөнд дуудагдахад ******* багш чөлөө авахаар болсон, нөхөр нь хүнд өвчтэй байгаа, 14 хоногийн дараа болон сарын дараа ирж магадгүй. Хэзээ ирэхийг нь бид нар мэдэхгүй байна. Тийм учраас шинээр багш авах шаардлага байхгүй, ******* багшийн ажлыг шинээр орсон хоёр багш цагийг нь өөрсдийнхөө цаг дээр зохицуулаад нэмээд явж бай гэдэг үүрэг чиглэлийг захирал өглөө гэж хэлсэн. Бид хоёр ч за гэж хэлсэн.

Хичээлийн хуваарь дээрх ******* багшийн цагийг миний цонхтой цаг дээр доошоо буулгаад хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байсан. Миний үндсэн 28 цаг дээр ******* багшийн 8 цаг, нийт 7 хоногийн ачаалал 36 цаг байсан. 14 хоногийн дараа ирнэ гэсэн багш ирээгүй. 10 сар гарсан. Би сургалтын менежер, хичээл зохицуулагчид хандаад энэ хүний оронд хүн авч болохгүй юм уу, Миний ачаалал маш их байна гэдэг хүсэлт тавихад захирал бид нар ярилцаж байгаад наад асуудлыг чинь шийдсэн хичээл зохицуулагч н.Сарантунгалаг багш нь ******* багшийн 18 цагийг та хоёроос аваад зааж, давхар ажил хавсран гүйцэтгэнэ гэж хэлсэн. ******* захирал 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/39 дугаартай н.Сарантунгалагийг цагийн багшаар томилсугай гэсэн тушаал гарсан. Энэ нь нотолж байгаа. Сарантунгалаг гэдэг хичээл зохицуулагч ******* багшийн 18 цагийг аваад үлдсэн 10 цагийг мэргэжлийн дөрвөн багшид та нар ******* багшийг иртэл зохицуулж бай гэдэг үүрэг чиглэлийг өгөхөд бид нар за гээд заагаад явсан.

2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ******* багш ирсэн. ******* захирал намайг дуудаж чиний тушаал гарсан гэж хэлсэн. Яагаад гэдэг тайлбарыг асуухад би чамайг ******* багшийн оронд авсан гэдэг тайлбарыг өгсөн. Анх энэ сургууль намайг авахдаа ******* багшийн оронд аваагүй. Би ******* багшийн оронд ороогүй гэдгээ мэдэж байгаа. Тухайн сургуулийн бүх багш нар намайг ******* багшийн оронд аваагүйг мэдэж байгаа. ******* захирал гэнэт тийм шийдвэр гаргасан.Намайг ******* багшийн оронд орсон гэдэг тайлбарыг хэлээд эвлэрч чадахгүй. Шүүхэд хандах болсон.Миний хувьд боловсролын байгууллагад 7 дахь жилдээ ажиллаж байна. Би Ховд аймгийн Үенч суманд ажиллаж байгаад шилжин ирж ажилласан. Үнэхээр хүний оронд ажиллахаар байсан бол би ажлаа хаяад наашаа ирэхгүй байсан. Би хүний хоолтой булаацалдах тийм тэнэг хүн биш. Би ******* багшийн оронд анхнаасаа ороогүй. Хариуцагч тал ******* багшийн оронд орсон гэдэг үгэндээ бүүр итгэсэн чи хүний хоолыг булаах гэж байна гэсэн тайлбарыг өгөөд байгаа. Хариуцагч талд тамга, тэмдэг нь өөрсдөд нь байдаг учраас дандаа худал хуурмаг тушаал шийдвэр гаргаж өгч байгаа. Шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтыг хариуцагч тал нотлох баримтын шаардлага хангахгүй гэж байна, надад улаан тамга тэмдэгтэй ном олдохгүй.  Яагаад гэхээр намар хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахад захирлын баталсан хичээлийн хуваарийг бүх багш нар канондаж авах эрхтэй. Улаан тамгатайг бүх багш нар авах эрх байхгүй. Тэр сургуульд ганц хувь үлддэг. Сүүлд хариуцагч талаас хичээлийн хуваарь гаргуулъя гэдэг хүсэлт гаргахад ******* гэдэг шилжээд явсан хүнийг нэмэлтээр нүд нэмж оруулж ирсэн. ******* багш шилжээд явсан байхад эргээд 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хүсэлтээр ажилдаа орсон, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дахиад чөлөө авлаа гэдэг хуурамч тушаал гаргаад хүүхдийн тоглоом шиг юм хийсэн. Тушаалыг өөрийнхөө гарын үсгээр тамга тавиад гаргаад байдаг. Би ******* багштай өөртэй нь холбогдоход одоо Дотоодын хэргийн их сургуулийн ахлах лицей сургуульд багшилж байгаа гэж хэлсэн. Дотоод хэргийн их сургуулийн лицей сургуулийн захирал хурандаа н.Баатарбилэг гэдэг хүнтэй холбогдож өөрийнхөө асуудлыг ярихад ******* багш 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс хойш манай сургуульд ажиллаж байгаа гэсэн албан бичгийг ирүүлсэн.

Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаар *******г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Түүх, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Мөн миний 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажилласан хоногийн амралтын мөнгийг гаргаж өгсөн. Тиймээс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс хойших амралтын мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын *******д Түүх нийгмийн ухааны багшийн 4 орон байдаг. *******, *******, н.Доржпалам, н.Доржжигжид гэсэн 4 үндсэн багштай.

Хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж байгаа ажилтан тодорхой шалтгааны улмаас чөлөө, ээлжийн амралт гэх мэт зүйлийг авч болдог. Энэ тохиолдолд ажил олгогч этгээд тухайн ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д зааснаар зохицуулагдаж байгаа харилцаа. Үндсэн ажилтан тодорхой шалтгааны улмаас ажил албан тушаалаа гүйцэтгээгүй байгаа тохиолдолд тухайн ажилтны ажил албан тушаалыг өөр нэг ажилтнаар орлон гүйцэтгүүлдэг. *******, ******* гэдэг хоёр багш ар гэрт нь гачигдал гарсан шалтгаанаар 2019 оны 9 дүгээр сарын 02-ний өдрөөс чөлөө авсан. ******* багш удаа дараа чөлөө авч байгаа. ******* багшийн удаа дараа захиргааны чөлөө аваад байгаа шалтгаан нөхөр нь З.Лувсан гэдэг хүн байгаа. Манай аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын даргаар олон жил ажилласан. Гадаадад хагалгаанд орсон гэж би сонссон. Нөхрийнх нь бие муудангуут чөлөө авдаг. Тухайн хүний ажлыг нэг хүнээр хийлгэх шаардлага гарна. *******, ******* гэдэг хоёр багш чөлөө аваад тухайн түр ажлын байранд хоёр хүн авч ажиллуулах шаардлага үүссэн. Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын ******* сонгон шалгаруулалт зарлаад сонгон шалгаруулалтын дүнгээр гарсан хоёр багшийг чөлөө авсан хоёр багшийн оронд томилж ажиллуулсан. Чөлөө авсан шалтгаан нь арилаад ажилдаа буцаж орохыг хүсвэл эргэж орох эрх нь нээлттэй. *******, ******* багш нар үндсэн ажилдаа эгүүлэн томилуулах болно гэдэг асуудлыг ярихад Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирал тушаал гаргаж үндсэн ажилд нь томилсон. Үндсэн ажилтан ажилдаа орж байгаа тохиолдол түр ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох эрх зүйн харилцаа үүснэ. Үүний дагуу тушаал гарсан. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал эрх зүйн үндэслэлтэй.Нэхэмжлэлийн үндэслэл нь ******* миний бие Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багшаар байнгын ажлын байранд томилогдон ажилласан. Тухайн ажлын байран дээр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан гэдэг үндэслэлийг нэхэмжлэлд дурдсан байсан. Ажлын байрны тухайд байнгын ажлын байр мөн байгаа. Байнгын ажлын байр учраас үндсэн ажилтны ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь ажил олгогчтой хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгчийн тавиад байгаа урьд эрхэлж түүх, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох гэсэн шаардлагыг биелүүлэх боломжгүй. Энэ шаардлагыг биелүүлбэл ******* гэдэг үндсэн ажилтан Хөдөлмөрийн хуульд зааснаас гадуур ажлаасаа халагдах эрхзүйн үр дагавар үүснэ. Үндэслэл муутай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2020/00480 дугаар шийдвэрээр:”1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаартай *******г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Боржигон овогт Дандийхүүгийн Отгонзаяаг Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоосугай. 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,746,991 /хоёр сая долоон зуун дөчин зургаан мянга есөн зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. 3.Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулиас 2020 оны ээлжийн амралтын олговрын зөрүү 686,237 /зургаан зуун наян зургаан мянга хоёр зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 93,763 /ерэн гурван мянга долоон зуун жаран гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 4.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын *******д даалгасугай. 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хавтаст хэргийн 183-185 хуудсанд авагдсан гэрч Т.Цэвэлмаагийн мэдүүлгийг нотлох баримтаас хассугай. 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн  хураамж нийт 150,122 /нэг зуун тавин мянга нэг зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ажил албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаанд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулахаар заасан. Хуулийн дээрх заалтын дагуу Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулиас *******, Д.Мягмарсүрэн нартай үндсэн ажилтан *******, ******* нарыг ажилдаа эгүүлэн орох хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажлын байр нь хэвээр хадгалагдаж буй үндсэн ажилтан ажилдаа үргэлжлүүлэн ажиллах тохиолдолд түүний оронд түр ажиллаж буй ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болдог. Нэг ажлын байранд үндсэн болон түр ажилтныг давхардуулан ажиллуулах эрх зүйн үндэслэлгүй байхад анхан шатны шүүх түр ажилтан *******г үндсэн ажилтан *******ын ажлын байранд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т заасныг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаар *******г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан түүх нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019-2020 оны хичээлийн жилийн ээлжийн амралтын олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “*******г  чөлөөтэй байсан ******* багшийн оронд түр авч ажиллуулсан” гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

2019 оны хичээлийн жил эхлэхэд тус сургуулийн түүх, нийгмийн ухааны багш *******, ******* нар нь ар гэрийн гачигдлаар чөлөө авахаар болсон тул 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр сургуулиас сонгон шалгаруулалт явуулж, Х.Мягмарсүрэнг ******* багшийн оронд *******г ******* багшийн оронд түүх, нийгмийн ухааны түр багшаар  ажиллуулахаар 5 хүний бүрэлдэхүүнтэй багш сонгон шалгаруулах комисс шийдвэрлэж, сургуулийн захиралд танилцуулан захирал ******* болон комиссын гишүүд гарын үсэг зурж тэмдэглэл үйлджээ[1].

Дээрх сонгон шалгаруулалтын дагуу 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/27, Б/28 дугаартай захирлын тушаалаар түүх, нийгмийн ухааны багш *******, ******* нарт чөлөө олгож, мөн өдрийн Б/30, Б/32 дугаартай тушаалаар Х.Мягмарсүрэн, ******* нарыг тус сургуулийн түүх, нийгмийн ухааны багшаар түр томилжээ[2].

Улмаар түүх, нийгмийн ухааны багш *******, ******* нар нь ажилдаа орох хүсэлт гаргасан тул тус сургуулийн захирлын  2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/12, Б/13, Б/14 дугаартай тушаалаар түр ажиллаж байсан Х.Мягмарсүрэн, ******* нарыг чөлөөлж, багш *******, ******* нарыг ажилд нь эгүүлэн томилсон байна[3].

Багш ******* нь 2020 оны 3  дугаар сард 5 хоног ажилласан ба 4, 5, 6 дугаар саруудад бүтэн ажиллаж цалин хөлс авсан, одоо ажиллаж байгаа болох нь тус сургуулийн цалин олгосон тухай хүснэгт, багш нарын цагийн тооцооны хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна.

Ажил олгогчийн дээрх дурдсан тушаал, шийдвэрүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Иймд дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2020/00480 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын *******д холбогдуулан гаргасан тус сургуулийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаар  тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, 2019-2020 оны хичээлийн жилийн ээлжийн амралтын олговор гаргуулах тухай.” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт  зааснаар хариуцагчийн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.ТУЯА

 

                                          ШҮҮГЧИД                                            С.ӨМИРБЕК

 

                                                                                                      М.НЯМБАЯР

 

 

 

[1] Нэгдүгээр хавтаст хэргийн 106-107 дугаар тал

[2] Нэгдүгээр хавтаст хэргийн 26-29 дүгээр тал

[3] Нэгдүгээр хавтаст хэргийн 30-32 дугаар тал