| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2015/01246/и |
| Дугаар | 155/ШШ2016/00140 |
| Огноо | 2016-01-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2016/00140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ч.Н-ын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2015/01246/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Н- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1976 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс аймгийн Барилга угсралтын конторт барилгын туслах ажилчин, нормчноор орж ажилласан юм. Барилгын бригадууд аж ахуйн тооцоон дээр ажилладаг байсан болохоор тухайн үед жил бүрийн шагналд байнга ордог байсан. Барилгын туслах ажилчин, нормчноор ажиллахад шавар зуурах, зуурсан шавраа зөөх, хананд дранк хадах, талбай цэвэрлэх зэрэг ажлуудыг тасралтгүй хийдэг байсан. Тэр үеийн бригадын даргаар М, дараа нь С.А, тооцооны нягтлан бодогчоор Д.Б нар ажиллаж байсан. 1978 оны 10 дугаар сараас автогражид жолооч нарын замын хуудас бичдэг ажлыг үргэлжлүүлэн би хийдэг байлаа /диспетчер/. Энэ хугацаандаа мэргэжилтэй болохын тулд хотод Санхүү эдийн засгийн техниккумд эчнээгээр суралцсан юм. Ингээд 1980 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс ажлаасаа чөлөөлөгдөж төгсөх шалгалтад явсан юм. 1980 оны 7 дугаар сард төгсөж ирээд өөр газар мэргэжлийн ажилд орсон. Ингээд Ч-ын Н миний Х аймгийн Барилга угсралтын конторт барилгын туслах ажилчин, нормчноор 1976 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хооронд ажилласан хугацааг сэргээж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Н- нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Ч.Н- Х аймгийн Барилга угсралтын конторт 1976 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд барилгын туслах ажилчин, нормчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, ББМҮ Яамны харъяа Х аймгийн Барилга угсралтын конторын даргын 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 320 сурагчтай сургуулийн барилгыг М даргатай аж ахуйн тооцоотой нэгдсэн бригадын хамт олон 1974 оны 4 дүгээр сард аж ахуйн тооцоогоор хариуцан барьж, уул барилгыг хугацаанаас нь өмнө 3 сар хоногийн өмнө чанарын сайн дүнтэй ашиглалтанд өгч бригадын хүчээр гүйцэтгэх тооцоолсон төсөвт өртгөөс 97.396 төгрөгийг ашигтай ажиллаж, өөрийн өртгийг 7.5 хувиар хямдруулж, амласан үүргээ нэр төртэй бөгөөд амжилттай сайн биелүүлсэн байна...М даргатай бригадын хамт олныг 24.910 төгрөгөөр...хавсралтуудын дагуу тус тус урамшуулан шагнасугай... гэх бичилттэй Урамшуулан шагнах тухай 92 дугаартай тушаалын хуулбар, тус тушаалын ...23. Н-200... гэх бичилттэй хавсралтын хуулбар, 1977 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Шагнал олгох тухай 49 дугаартай тушаалын ...Н, ажилласан жил бүтэн, олгох мөнгө 40... гэх бичилттэй хавсралтын хуулбар, 1979 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Мөсөн зоорийн барилгын ажлыг түргэтгэж дуусгах тухай 11 дугаартай тушаалын ...овог нэр Н, албан тушаал диспетчер, эхлэх сар өдөр 1-24, цаг 8, дуусах сар өдөр 1-24, цаг 20, ноогдох цаг 12 гэх бичилттэй 1 дүгээр хавсралтын хуулбар, гэрч С.А-ын ...Ч.Н- нь 1976 оны хавар Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт М-ын бригадад нормчноор ажиллаж байсан. Нормчин нь шавар зуурах, зөөх, зуурмаг зөөх, барилгын туслах ажлыг хийдэг байсан. Мөн автогражид жолооч нарын тооцооны хуудас ч тараадаг байсан. Тооцооны хуудас тараадаг хүнийг диспетчер гэдэг юм. Тэгээд 1980 оны 5 сард сургуульд сурахаар ажлаасаа гарч байсан...Тасралтгүй ажиллаж байсан...би өөрөө бригадын даргаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Ч.Н-ын ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Тус аймгийн Барилга угсралтын конторын даргын 1976, 1980 оны тушаал шүүж үзэхэд Ч.Н-ыг ажилд томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/391 тоот тодорхойлолтоор нотлогдож байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ч.Н- шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч.Н-ын Х аймгийн Барилга угсралтын конторт 1976 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд барилгын туслах ажилчин, нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА