| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00574/И |
| Дугаар | 155/ШШ2016/00688 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 155/ШШ2016/00688
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн УСНААКорон нутгийн өмчит үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын …… дугаар багт байрлах С хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох,
Цэвэр, бохир усны төлбөр 394.433 /гурван зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун гучин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч 155/2016/0574/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч С хязгаарлагдмал хариуцлагатай компаний захирал Ч.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн УСНААКорон нутгийн өмчит үйлдвэрийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С ХХК нь цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах аж ахуй нэгжийн гэрээний дагуу цэвэр, бохир усны төлбөр болох 394.433 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй. Тус гэрээнд хэрэглэгч байгууллага нь цэвэр бохир усны төлбөрийг тухайн сарын дотор төлж барагдуулах үүрэгтэй.
Иймд цэвэр, бохир усны төлбөр болох 394.433 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1985 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 31 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хөвсгөл Ус суваг, Нийтийн аж ахуй компани орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт гэрээ борлуулалтын менежер ажилтай, ам бүл 6, Хөвсгөл аймгийн Мөрөн 6 дугаар багийн 25-01 тоотод оршин суух, РЭ85011663 регистрийн дугаартай, Хар дархад овогт Лувсандоржийн Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь С ХХК-тай олон жил хамтарч ажиллаж байна. Тус газар нь цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах, аж ахуйн нэгжийн гэрээний дагуу цэвэр, бохир усны төлбөр болох 394433 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй өдий хүрч байна. Усны төлбөрөө төлөхийг шаардсан нэхэмжлэлийг сар бүр хүргүүлдэг байсан. Усныхаа төлбөрөө сар сардаа төлөхгүйгээр хуримтлуулах байдлаар төлсөөр ирсэн. Усны төлбөрөө төл гэхэд төлөхгүй явсаар өдий хүрлээ. Иймд хариуцагчаас цэвэр, бохир усны төлбөр болох 394433 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1954 онд төрсөн, 62 настай, дээд боловсролтой, инженер эдийн засагч мэргэжилтэй, С хязгаарлагдмал хариуцлагатай компаний захирал ажилтай, ам бүл 2, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 10-37 тоотод оршин суух РЭ54101018 регистрийн дугаартай Бэсүд овогт Цүлтэмийн Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь 2012 оны 4 дүгээр сараас үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон бөгөөд хамгийн сүүлд 2013 оны 6-р сарын 14-ний өдөр УСНААК-ний ирүүлсэн мэдэгдэх хуудасны дагуу тооцоог хийсэн. Уг тооцоогоор зөвхөн 2013 оны 1-р сарын 24-ний өдрөөс мөн оны 6-р сарын 14-ний өдөр хүртэлх 5 сарын хугацаанд УСНААК-ний байцаагчид тус компанитай тооцоо хийхдээ 3 сарын хугацааны усны хэрэглээг тооцохдоо санаатай худлаа бичилт хийж, 239.414 төгрөгийг илүү тооцсон байдаг юм. Үүнээс харахад мөн онуудад илүү тооцоо хийж илүү мөнгө авч байсан байх магадлалтай харагддаг. Би илүү тооцсон нэхэмжлэлтэй нь хамт албан тоот хүргүүлсэн. Тэгэхэд надаас нэхэмжилж байсан 590.000 төгрөгөөсөө илүү тооцсон мөнгөө хасаад надаас үлдэгдэл 394.433 төгрөгөө нэхэмжилж байгаа юм шиг байна. Гэтэл сүүлийн сарын тооцоог хийхэд ингэж илүү тооцсон байгаа юм чинь ийм маягаар илүү төлсөн байх магадлалтай. Тиймээс дээрх төлбөрийг төлөх үндэслэлгүй. Манай байгууллагад гарсан гээд байгаа төлбөрөө тоолуурын заалтаараа нэхэмжлэлээрээ ирүүлэх ёстой. Тэгж тулгаж харахгүй бол би энэ төлбөрийг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн УСНААКорон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь С хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан ус ашигласны төлбөр 394.000 /гурван зуун ерэн дөрөв мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хариуцагч тус байгууллага нь манай байгууллагын 4 сарын усны төлбөрийг илүү бичсэн асуудал гарч байсан тул өмнөх онуудад ч мөн ийм байдлаар усны төлбөрийг илүү бичиж авсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч Манай байгууллага нь тус компанитай олон жил хамтран ажилласан. Тус газар нь цэвэр бохир усаар хангах, бохир усыг татан зайлуулах, аж ахуйн нэгжийн гэрээний дагуу цэвэр бохир усны төлбөр 394.433 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй тул гаргуулж авна гэж тус тус маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Учир нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн УСНААКорон нутгийн өмчит үйлдвэрийн газар болон С хязгаарлагдмал хариуцлагатай компаний хооронд Цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах, дулаанаар хангах аж ахуйн гэрээ байгуулан хамтран ажиллаж хариуцагч С хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2009 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар 154.321 төгрөг, 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 369.850 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 532.497 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 356.224 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар цэвэр бохир усны төлбөр нийт 394.433 төгрөгний үлдэгдэлтэй байсан болох нь 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээ, баталгаат гэрээний хуудасны хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, мэдэгдэх хуудас, нэхэмжлэл хүлээлгэн өгсөн тухай болон мэдэгдэх хуудас хүлээлгэн өгсөн тухай баримтууд, зохигчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч С хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 394.000 /гурван зуун ерэн дөрөв мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч өмнөх жилүүдэд усны төлбөрийг илүү төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаараа нотлож чадахгүй байна.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн УСНААКорон нутгийн өмчит үйлдвэрийн газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.482 /арван хоёр мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 12.482 /арван хоёр мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 155.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д зааснаар хариуцагч С хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ус ашигласны төлбөр 394.000 /гурван зуун ерэн дөрөв мянга / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн УСНААКорон нутгийн өмчит үйлдвэрийн газарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 12.482 /арван хоёр мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 12.482 /арван хоёр мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ