| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00774/И |
| Дугаар | 104/ШШ2024/00706 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 104/ШШ2024/00706
2024 12 19 104/ШШ2024/00706
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/,
Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух, овогт ын /РД:/
Хариуцагч: , , тоотод оршин суух, овогт ын /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үнэд шилжүүлсэн 22.030.000 төгрөгийг буцаан гаргуулах
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг зөрчсөнөөс үүдсэн алданги 11.550.000 төгрөг, хохирол 4.500.000 төгрөг, нийт 16.050.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,
Хариуцагчийн өмгөөлөгч: Г.
Гэрч Ц.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь Б., М. нарт холбогдуулан 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн үл хөдлөх зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үнэд шилжүүлсэн 22.030.000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 2024 оны 12 дугаар сард Б., М. нараас Налайх дүүргийн *******, 65 дугаар байрны 5 тоот, 29 м/кв 2 өрөө орон сууцыг 92.000.000 төгрөгөөр эхний ээлжинд 22.000.000 төгрөгийг 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, үлдэгдэл 70.000.000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр худалдан авахаар тохиролцсон. Би ээж Г.гийн 5779169283 дансанд хадгалж байсан мөнгөнөөсөө М.гийн дансанд 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1.030.000 төгрөгийг, ээж Г.гийн данснаас 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөгийг хоёр хувааж, 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 15.000.000 төгрөг, нийт 22.030.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ингээд байрандаа ороод байж байтал байранд ус орж ирээд болохгүй болохоор нь Б. рүү залгахад дээд айлаас чинь ус алдсан байна гэхээр нь шинэ байранд орж байгаа юм чинь засвар хийхээр зүгээр болчих байх гээд байж байтал эхний борооноор ариун цэврийн өрөө, коридорын дээврээс ус орж ирсэн. Хөрш айлуудаасаа асууж үзтэл дээд айлаас ус алдсан биш дээврээр дамжин манай байр руу ус ордог түүнээсээ дамжаад подволд ус хуримтлагддагыг мэдсэн. Анх Б. байр зарахдаа асуудалгүй гэж хэлсэн боловч дээврээс ус гоождог нь удаж байгаа тэр битгий хэл доороо ус тунаад ус нь ногоороод үнэр орсон байсан. Байрны эзэн Б.д хэлэхэд байр зүгээр, ус гоождоггүй дээд айлаас ус гоожсон байх бидэнд хамаагүй гэж хэлсэн. Ингээд би төлбөрийг нь хувааж өгөх байсан болохоор нь үлдэгдэл төлбөрөө төлөхгүй, надад анхнаасаа ус гоождог эд хөрөнгийн доголдолтой байрыг зарсан байсан. 2024 оны 5 дугаар сараас хойш гэрээгээ цуцалж мөнгөө авья гэсэн боловч өдийг хүртэл өгнө гэсээр өгөөгүй. Иймд 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 0486 дугаартай зээлээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худадан авах гэрээг цуцалж урьдчилгаанд төлсөн 22.030.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгчийн зүгээс Налайх дүүргийн *******ны 65 дугаар байрны 5 тоотод байрлах 29 м.кв орон сууцыг 92.000.000 төгрөгөөр худалдаж авах гэрээг хариуцагч нартай хийсэн. Эхний ээлжид 20.000.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл мөнгийг 8 дугаар сард өгөхөөр тохиролцсон. Нийтдээ 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 22.030.000 төгрөгийг худалдагч нарын данс руу шилжүүлсэн байсан. 2024 оны 4 дүгээр сард байрандаа орсон. Байранд ороход гадаа дулаарч, дээврийн цас хайлахтай зэрэгцээд хана дагаад ус гоожиж эхэлсэн. Ус гоожиход хариуцагч нар руу залгахад дээд айлаас ус гоожсон байх магадлалтай гэсэн. Дээд айлуудтай уулзахад дээд айлаас ус гоожоогүй болохыг мэдсэн. Мөн жилийн жилд дээврээс ус гоожин айлууд руу ус нэвчиж байгаа талаар мэдсэн. 2024 оны 6 дугаар сарын сүүлээр байр болохгүй байна, дусаал гоождог байр байна, мөнгөө буцааж, гэрээгээ цуцалъя гэсэн бөгөөд тухайн үед хариуцагч хөдөө ажилтай байна гэсэн. 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байрыг хариуцагчид хүлээлгэж өгсөн. Байраа буцаасан атал мөнгөө өгөхгүй байгаа. Гэрээгээ цуцалсан, байрыг буцаан хүлээлгэн өгсөн учир 22.030.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна гэв.
3. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Б.******* ээжтэйгээ ирж бид нартай манай байрыг 92.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Нэхэмжлэгч 2024 оны 5 дугаар сараас гэрээ цуцалъя гэж ярьсан гэж байна. Тийм зүйл яригдаагүй. Анх байранд орохдоо засвар хийгээд байранд орно гэсэн боловч засвар хийгээгүй. Мөнгөө графикийн дагуу төлнө гэсэн. Хэрэв 2024 оны 4, 5 дугаар сард ус гоожсон гэж байгаа юм бол яагаад 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр над руу мөнгө шилжүүлсэн юм бэ. Мөнгөө шилжүүлэхээс өмнө гэрээгээ цуцалж болох л байсан. 2024 оны 6 дугаар сард би хээрийн сургуульд яваагүй, 8 дугаар сард хээрийн сургуульд явсан. 2024 оны 8 дугаар сарын 20-ны үед би Б.*******ы ээж рүү утсаар яриад мөнгөө хэзээ өгөх вэ гэхэд бид баруун аймгаар аялж байна очоод шууд шилжүүлнэ гэсэн. Хэзээ ирэх талаар асуухад 9 дүгээр сар гараад очно гэсэн. Тэр үед манай эхнэр мөн залгаад мөнгөө шаардахад танай байрыг авахгүй, гэрээгээ цуцалъя гэж хэлсэн. Тэрнээс өмнө гэрээ цуцалъя гэсэн юм яриагүй. 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр би хээрийн сургуулиас ирээд байрандаа ороод яагаад байраа худалдан авахаа больсон юм бэ гэхэд гэрээгээ цуцална танай байрыг авахгүй гэж хэлсэн. Манай зүгээс байраа суллаж авья, харин гэрээний дагуу алданги, байрны түрээсийн мөнгөө гаргуулахаар шаардлага тавьсан. Нэхэмжлэгчээс манайх руу шилжүүлсэн бүх мөнгөө буцаан авна гэж шаардсан. Байр анх авахад нь хана асуудалтай байсныг мэдэж байсан. Анх би байраа 100.000.000 төгрөгөөр зарахаар зар тавьсан боловч энэ улсууд байранд засвар хийх шаардлагатай гээд хямдруулсан. Нэхэмжлэлдээ засвар хийсэн гэж бичсэн боловч засвар хийгээгүй, борооны ус гоожсон гэдэг нь хуучин байсан зүйл юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Хариуцагч Б.ээс нэхэмжлэгчид холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдсэн алданги 11.550.000 төгрөг, хохирол 4.500.000 төгрөг, нийт 16.050.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Б.******* гэрээнд заасны дагуу алданги төлөх үүрэгтэй ба 4 сар 19 хоног манай байранд амьдарсан тул орон нутгийн ханшаар түрээсээ төлөх ёстой. 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай байрыг чөлөөлөн өгч дараа нь гэрээгээ цуцална гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд бидний хооронд байгуулсан гэрээний 3.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлнө гэсний дагуу 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл нийт 55 хоногийн алданги 11.550.000 төгрөг, 4 сар 19 хоног манай байранд амьдарсан. Манайх урд нь байраа оросуудад сарын 1.200.000 төгрөгөөр түрээслэж байсан, мөн 2024 онд *******т 2 өрөө орон сууцны нэг сарын түрээсийн төлбөр 1.000.000-1.200.000 төгрөг байсан, хэрэв худалдан авагч тал гэрээний үүргээ зөрчөөгүй байсан бол байраа бусдад түрээслээд 4.500.000 төгрөгийн ашиг олох байсан. Гэрээний оролцогч талууд гэрээний үүргээ зөрчвөл гэрээний 5.3-т зааснаар нөгөө талдаа учирсан хохирлыг төлөх үүрэгтэй юм. Иймд надад учирсан хохирлыг Б.*******аас гаргуулахаар тодорхойлсон байна.
5. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа: Миний бие үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан. 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 3.6-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлнө гэж заасны дагуу 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл нийт 55 хоногийн алдангид 11.550.000 төгрөгийг худалдан авагч тал болох Б.*******, худалдагч тал болох Б. миний байранд ямар ч үнэ төлбөргүй 4 сар 19 хоног амьдарсан учраас гэрээний 5.3-д зааснаар гэрээний үүргээ зөрчөөгүй байсан бол байраа бусдад түрээслээд 4.500.000 төгрөгийн ашиг олох байсан тул манай талд учруулсан хохирол 4.500.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэрээний үүргээ зөрчсөний улмаас алданги, хохирол шаардаж байгаа талаар сөрөг нэхэмжлэлээ тайлбарлаж байна. 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний 4.1, 4.2, 4.5-д заасан үүргийг хариуцагч зөрчөөд байна. Анхнаасаа эд хөрөнгийн доголдолтой байсан орон сууцыг бидэнд худал мэдээлж худалдсан. Бид яагаад 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр мөнгө шилжүүлсэн бэ гэхээр 2024 оны хувьд сүүлд бороо орсон. Эд хөрөнгийн доголдол маань борооны ус угсармал байрны ханаар дамжин нэвтэрч хоёр давхар руу ус орж ирсэн. Эд хөрөнгийн биет доголдолтой байр шилжүүлсэн учир гэрээнээс учирсан хохирол, хор уршгийг шаардах эрх байхгүй, тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7. Гэрч Ц. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Налайх дүүргийн *******, 65 дугаар байрны 11 тоотын оршин суугч. Манай дээврээс ус гоожсон асуудал байхгүй. Танайхаас ус алдлаа гэж оршин суугч нар манайд орж ирдэггүй. Би 65 дугаар байрны 13 тоот айл нь шатны хажуу талын айл тэр айлаас ус гоождог талаар би мэдэхгүй. Анх байрнаас ус гоождог асуудал байсан. Нэг хот, нэг стандартаар байрны дээврийг янзалсан. Манай гэрт дусаал гоожиж орж ирдэггүй. Манай дээрээс ус алдаад доод айл руу орсон асуудал байхгүй. Нэг хот, хэг стандарт гэж дүүргийн хэмжээнд хэрэгжээд дээвэр янзлагдсан. Доод талын подвал устай байдаг асуудал байдаг. Сантехниктэй холбоотой байдаг. Дээрээс ус алдаад доод айл руу ус алдсан тохиолдол байхгүй. Би энэ байранд 1990 онд анх ашиглалтад орсноос хойш амьдарсан гэв.
8. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас Г.гийн , 5779169283 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрөл садангийн талаарх лавлагаа, 2024.04.12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээний хуулбар, Налайх дүүргийн Чандмань налайх ОНӨААТҮГ-ын 2024.11.13-ны өдрийн 351 тоот тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.ийн мэдүүлэг зэргийг шүүх бүрдүүлсэн байна.
9. Хариуцагчийн хүсэлтээр шүүх гэрч А., Ц. нарын мэдүүлгийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Би 2024 оны 12 дугаар сард Б., М. нараас Налайх дүүргийн *******, 65 дугаар байрны 5 тоот, 29 м/кв 2 өрөө орон сууцаа нийт 92.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, эхлээд 22.000.000 төгрөгийг 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, үлдэгдэл 70.000.000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Ээж Г.гийн 5779169283 дансанд хадгалж байсан мөнгөнөөсөө М.гийн дансанд 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1.030.000 төгрөгийг, ээж Г.гийн данснаас 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөгийг хоёр хувааж, 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 15.000.000 төгрөг, нийт 22.030.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ингээд байрандаа ороод байж байтал ус орж ирээд болохгүй болохоор нь Б. рүү залгахад дээд айлаас чинь ус алдсан байна гэхээр нь шинэ байранд орж байгаа юм чинь засвар хийхээр зүгээр болчих байх гээд байж байтал эхний борооноор ариун цэврийн өрөө, коридорын дээврээс ус орж ирсэн. Хөрш айлуудаасаа асууж үзтэл дээд айлаас ус алдсан биш дээврээр дамжин манай байр руу ус ордог түүнээсээ дамжаад подволд ус хуримтлагддагыг мэдсэн. Анх Б. байр зарахдаа асуудалгүй гэж хэлсэн боловч дээврээс ус гоождог нь удаж байгаа тэр битгий хэл доороо ус тунаад ус нь ногоороод үнэр орсон байсан. Байрны эзэн Б.д хэлэхэд байр зүгээр, ус гоождоггүй дээд айлаас ус гоожсон байх бидэнд хамаагүй гэж хэлсэн. Ингээд би төлбөрийг нь хувааж өгөх байсан болохоор нь үлдэгдэл төлбөрөө төлөхгүй, надад анхнаасаа ус гоождог эд хөрөнгийн доголдолтой байрыг зарсан байсан. 2024 оны 5 дугаар сараас хойш гэрээгээ цуцалж мөнгөө авья гэсэн боловч өдийг хүртэл өгөөгүй учир байрны үнэд шилжүүлсэн 22.030.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс Г.гийн , 5779169283 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрөл садангийн талаарх лавлагаа, 2024.04.12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээний хуулбар, Налайх дүүргийн Чандмань налайх ОНӨААТҮГ-ын 2024.11.13-ны өдрийн 351 тоот тодорхойлолт, гэрч Б.ийн мэдүүлэг зэрэг баримтыг үндэслэн зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үнэд шилжүүлсэн 22.030.000 төгрөгийг Б., М. нараас буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Б., М. нар нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн татгалзах үндэслэлээ тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч 2024 оны 5 дугаар сараас гэрээ цуцалъя гэж ярьсан гэж байна. Тийм зүйл яригдаагүй. Анх байранд орохдоо засвар хийгээд байранд орно гэсэн боловч засвар хийгээгүй. Мөнгөө графикийн дагуу төлөөгүй. Хэрэв 2024 оны 4, 5 дугаар сард ус гоожсон гэж байгаа юм бол яагаад 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр над руу мөнгө шилжүүлсэн юм бэ. Мөнгөө шилжүүлэхээс өмнө гэрээгээ цуцалж болох л байсан. 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр би хээрийн сургуулиас ирээд гэрээгээ цуцалья, байрыг буцааж өгье гэсэн. Байр анх зарахад нь хана асуудалтай байсныг мэдэж байсан тийм ч учраас 100.000.000 төгрөгөөр зарах гэж байсан байрыг үнэ хямдруулж авсан. Нэхэмжлэлдээ засвар хийсэн гэж бичсэн боловч засвар хийгээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Б.******* гэрээнд заасны дагуу алданги төлөх үүрэгтэй ба 4 сар 19 хоног манай байранд амьдарсан тул орон нутгийн ханшаар түрээсээ төлөх ёстой. 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай байрыг чөлөөлөн өгч дараа нь гэрээгээ цуцална гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд бидний хооронд байгуулсан гэрээний 3.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлнө гэсний дагуу 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл нийт 55 хоногийн алданги 11.550.000 төгрөг, 4 сар 19 хоног манай байранд амьдарсан. Манайх урд нь байраа оросуудад сарын 1.200.000 төгрөгөөр түрээслэж байсан, мөн 2024 онд *******т 2 өрөө орон сууцны нэг сарын түрээсийн төлбөр 1.000.000-1.200.000 төгрөг байсан, хэрэв худалдан авагч тал гэрээний үүргээ зөрчөөгүй байсан бол байраа бусдад түрээслээд 4.500.000 төгрөгийн ашиг олох байсан. Гэрээний оролцогч талууд гэрээний үүргээ зөрчвөл гэрээний 5.3-т зааснаар нөгөө талдаа учирсан хохирлыг төлөх үүрэгтэй юм. Иймд Б.*******аас гэрээний үүрэг зөрчсөнөөс үүдсэн алданги 11.550.000 төгрөг, хохирол 4.500.000 төгрөг, нийт 16.050.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.1, 4.2, 4.5-д заасан үүргээ хариуцагч зөрчиж байгаа. Хариуцагч анхнаасаа эд хөрөнгийн доголдолтой орон сууцыг бидэнд худал мэдээлж худалдсан. Бид яагаад 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр мөнгө шилжүүлсэн гэхээр 2024 оны хувьд сүүлд бороо орсон учир дусаал гоождог гэдгийг мэдээгүй. Эд хөрөнгийн хувьд биет байдлын доголдолтой байр шилжүүлсэн учир гэрээнээс учирсан хохирлыг хариуцагч биднээс шаардах эрхгүй гэж тайлбарлаж байна.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1. 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Б., М. нар нь Б.*******тай үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр хариуцагч Б., М. нар өөрсдийн өмчлөлийн ******* *******, 65 дугаар байрны 5 тоотод байрлах 29м/кв орон сууцыг 92.000.000 төгрөгөөр Б.*******д худалдахаар тохиролцож, худалдан авагч төлбөрийг тодорхой хугацааны дараа хэсэгчлэн төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан байна.
6.2. 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Г.гийн эзэмшлийн Хаан банкны тоот данснаас тоот данс руу 1.000.000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1.030.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 22.030.000 төгрөгийг орон сууц худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн байна.
6.3. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр орон сууцны төлбөр төлж дуусмагц өмчлөлөө шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.
6.4. Зохигчдын хэн алин нь худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар болон гэрээний үнийн талаар маргаагүй бөгөөд, харин талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчийн хувьд байр анхнаасаа чанарын шаардлага хангаагүй, хариуцагчийг биет байдлын хувьд доголдолтой хөрөнгө шилжүүлсэн учир гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 22.030.000 төгрөгийг буцаан гаргуулах, хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний үнэд төлсөн 22.030.000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй эсэх, нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн учир гэрээнд заасны дагуу алданги төлөх үндэслэлтэй мөн үүргээ зөрчсөнөөс үүдэж 4.500.000 төгрөгийн үр шимийг хүртэх боломж алдагдсан гэж сөрөг шаардлага гарган маргаж байна.
7. Талуудын хооронд байгуулсан 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх д хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээнд талууд гарын үсэг зурсан байна. Иргэний хуулийн 263 дугаар зүйлд зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хүү авахаар тохиролцоогүй байх тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
7.1. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид гэрээгээр тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхийн хэлэлцүүлэгт ...2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байрыг хариуцагчид хүлээлгэж өгсөн. Байраа буцаасан атал мөнгөө өгөхгүй байгаа. Гэрээгээ цуцалсан, байрыг буцаан хүлээлгэн өгсөн гэх тайлбараас нэхэмжлэгч 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч Б.д орон сууцыг буцаан хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.
8.1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдсан эд хөрөнгө доголдолтой бол худалдан авагч гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь гэрээнээс татгалзаж, орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгснөөр нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн 22.030.000 төгрөгийг хариуцагч М., М. нараас буцаан шаардах эрхтэй байна.
8.2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх үүрэгтэй ба хариуцагч Б.ийн ...байр анх зарахад нь хана асуудалтай байсныг мэдэж байсан. Тийм учраас 100.000.000 төгрөгөөр зарах гэж байсан байрыг үнэ хямдруулж авсан. Нэхэмжлэлдээ засвар хийсэн гэж бичсэн боловч засвар хийгээгүй гэх тайлбар нь энэхүү үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
9. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.******* гэрээний үүрэг зөрчсөнөөс үүдсэн алданги 11.550.000 төгрөг, олох ёстой байсан орлого 4.500.000 төгрөг, нийт 16.050.000 төгрөгийг Б.*******аас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
9.1. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б.*******ыг гэрээний төлбөрийг төлөөгүй учир үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.6-д зааснаар 55 хоногийн алдангид 11.550.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж, мөн миний байранд ямар ч үнэ төлбөргүй 4 сар 19 хоног амьдарсан. Хэрэв худалдан авагч тал гэрээний үүргээ зөрчөөгүй байсан бол байраа бусдад түрээслээд 4.500.000 төгрөгийн ашиг олох байсан учир уг хохирлыг нэхэмжлэх үндэслэлтэй гэж тодорхойлсон.
9.2. Нэгэнт нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан учир хариуцагч гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчээс шаардах үндэслэлгүй юм. Учир нь алданги бол гэрээний үндсэн үүргийг баталгаажуулахад хамааралтай зохицуулалт бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцыг буцаан өгснөөр гэрээний үндсэн үүрэг болох орон сууцны үнийг төлөх үүргийг биелүүлэх боломжгүй болсонтой холбоотойгоор анзыг шаардах эрх үүсэхгүй. Харин гэрээнээс татгалзсантай холбоотой гэм буруу байгаа тохиолдолд хохирол шаардах эрх нь нээлттэй юм.
9.3. Иймд хариуцагчийн үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.6-д зааснаар 55 хоногийн алдангид 11.550.000 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
9.4. Хариуцагчийн 4.500.000 төгрөгийн үр шим шаардсан шаардлагын тухайд нэхэмжлэгч Б.******* нь үл хөдлөх хөрөнгийг эзэмшихдээ хууль бусаар эзэмшээгүй буюу 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөгчийн зөвшөөрлөөр харилцан тохиролцож эзэмшиж байсан бөгөөд энэ тохиолдолд шударга эзэмшигч, энэ хугацаанд буюу 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс хөрөнгийг буцаан өгөх хүлээлгэн өгөх хүртэл хугацааны үр шимийг хүртэх эрхтэй байна.
9.5. Иймд олох байсан орлого 4.500.000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
10. Шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., М. нараас 269.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч овогт ын , овогт ын нараас 22.030.000 /хорин хоёр сая гучин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт *******ын *******д олгож, хариуцагч Б.ийн гэрээний үүрэг зөрчсөнөөс үүдсэн алданги 11.550.000 төгрөг, олох ёстой байсан орлого 4.500.000 төгрөг, нийт 16.050.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269.300 /хоёр зуун жаран есөн мянга гурван зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б., М. нараас 269.300 /хоёр зуун жаран есөн мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, хариуцагч Б.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.200 /хоёр зуун гучин найман мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ